Vнэт зvйлгvй vхмэл ардчилал хэнд хэрэгтэй?


--------------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-09-06 10:59:39 , Мэдээний дугаар: #1134918

Ардчилал бол ард тvмний засаг, хvн тєрєлхтний эдvгээг хvртэл бодож олсон хамгийн боломжит сайн тогтолцоо юм гэхчлэнгийн сэцдийн мэргэн сургаалуудыг бид улиг болтол нуршин, гvн утгыг нь ухааралгvй єнгєцхєн бодлын мєчидхєн vзvvрт “нэгэн сайхан зvйл” болгон тунхагласаар даруй 18 жилийг vджээ. Гэтэл ард тvмэн тєрийнхєє эрхийг барих нь дан ганц бvх нийтээрээ сонгуульд оролцсоноор хангагддаггvй бєгєєд тvvнийг дагалдсан бусад vнэт зvйлсvvдийн зєв баримжаалал, тєлєвшил, хамгаалалт бvрдсэн нєхцєлд л дээрх сэцдийн сэтгэн сургасан агуулгад ойртож, зон олны чєлєєт, жаргалтай, амгалан амьдралын эх vндэс болдог гэдэг нь нэгэнт тодорхой. Эдгээр vнэт зvйлсэд хvний эрх, эрх чєлєє, тvvний баталгааг хангагч нийтийн хvсэл зориг болсон хуулийг дээдэлдэг эрх зvйт тєрийн байгуулал, эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалсан иргэний нийгмийн байгуулал, хэвлэл, мэдээллийн чєлєєт байдал, тєрийн ил тод байдал зэрэг багтана.

Иймгvйсэн бол дэлхийн ардчилсан тvмнvvд Палестины Хамас бvлэглэлийг, Ираны тєрийг, тэр ч бvv хэл Хятадын коммунист тєрийг хvртэл ардчилсан тогтолцоо хэмээн хvлээн зєвшєєрєхєд хvрэх болно. Тэгэхээр гялалзсан болгон алт байж чаддаггvй шиг ардчилал болгон бас “жинхэнэ ардчилал” байж чаддаггvй юм байна.

Сvvлийн vеийн монголын тєрийн vйл ажиллагаа, нийгэмд болж єнгєрсєн vйл явц, ялангуяа 2008 оны УИХ-ын сонгуулийн vйл явц ба тvvнтэй холбогдон vvссэн нєхцєл байдлыг ажиглахад эдгээр vнэт зvйлсvvд vгvйсгэгдэж, ардчилал нь нийтийн тархийг угаах гэсэн улс тєрчдийн vнэн тєрхєє далдлах хэрэгсэл, амны уншлага тєдий болсон нь илэрхий. Монгол улс Vндсэн хуулиараа тунхаглан, туйлийн зорилгоо болгон тэмцэж байгаа ардчиллаа нэгэнтээ олигархууд, дарангуйлагчдын “хуурамч ардчилал”-аар сольчихсон болох нь, коммунистуудад тэмцэж олсон эрх чєлєєгєє буцаагаад алдчихсан болох нь єдєр ирэх тусам тодорхой болж байна. 2008 оны УИХ-ын сонгууль нь эрх зvйт тєрийн маань vндэс тулгуур болсон Vндсэн хуулийг зєрчсєн хууль, тогтоомжид vндэслэн явагдсан бєгєєд vйл явцынхаа бvх vе шатандаа хууль тогтоомжийг ноцтойгоор зєрчсєн болох нь баримтуудаар нотлогдсоор байгаа боловч монголын улс тєрийн хvчнvvд, улс тєрчдийн хэлэлцэн мэтгэлцэж, хvчээ vзэж байгаа асуудлууд нь хэн нь тєрийн эрх мэдэлд хэдий хэмжээний нєлєєлєл олж авах вэ гэсэн сандал суудлын маргаан, тэр зорилгодоо хvрэх арга замын л тухай байгаад харамсаад барашгvй.

Єнгєрсєн 18 жилийн хугацаанд єчvvхэн хvн миний бие монголын тєр Vндсэн хуулиар тунхагласан туйлийн зорилгодоо хvрэх чиглэлд хичээн зvтгэж, энэ бэрхшээлтэй зам мєрд тохиолдох зайлшгvй саадыг тєлєвшсєн соёл, мэдлэг vгvйн улмаас даван гарах аргаа олж ядан байгаа хэмээн сэтгэж явсан нь тун ч том эндvvрэл байсныг болон ардчилсан, коммунист гэлтгvй арчаагvй аминч vзэлтнvvд, ашиг хонжоо хайгсад, монгол тvмний эрх чєлєєг эрээ цээргvй арилжигсад болохыг нь олон удаагийн vйлдлээр нь одоо тодорхой ойлголоо. Тиймээс энэ бодлоо монгол тvмэнтэйгээ хуваалцаж, эрх чєлєєнийхєє тєлєє хамтран тэмцэхийг уриалж, монголын тєрд, монголын нийгэмд ардчилал, эрх зvйт тєр гэсэн vнэт зvйлсийн, эрх чєлєєт амьдралын vнэ цэнийг мэдэрдэг сэхээтэн, тєрийн тvшээд хэрэв байдаг бол эдvгээгийн тєрийн эрхийг эзэгнэгч хулгайч, луйварчдаас нэрээ, оюунаа салгаж, єєрсдийнхєє болон vр хvvхдийнхээ эрх чєлєєт амьдралын тєлєє хvчээ нэгтгэн тэмцэхийг хvсэмжлэн гуйж байна.

Хаана байна тэр монголын гvн ухаантнууд, сэтгэгчид, яруу найрагчид, хєгжмийн зохиолчид, зураачид, нийгэм, тєрийн зvтгэлтнvvд, эрдэмтэд? Хаана байна монголын “Солженицынууд”?
Яагаад хvчирхийлэл, дарангуйлал тогтоогоод, эрдэнэт хvмvvний амь насыг бvрэлгэж, ар гэр, ах дvvсийг нь зовлонгийн далайд живvvлээд, vр хойчийн чинь эрх чєлєєг, улс гvрний чинь тусгаар тогтнолыг харийн гvрэнтэй найран зулгуйдаж арилжчихаад, тєрийг хямруулж, тvмнийг самууруулаад байхад эдvгээгийн бидний эрх чєлєєт амьдралын тєлєє золиос болж, цусаа урсгаж, амь эрсэдсэн олон мянган євгєдийн сvнсийг тарчлаан юунд та нар дуугvй сууцгаана вэ? Цагаа олж дуугарахгvй, халиран халгаж суусаар, “эрх булаагч эрх чєлєєний намаачдад” долдойтон зулгуйдсаар монгол тvмэн эрх чєлєєгvй болвол хожим харин та нараас, та нарын vр ачаас чинь монгол тvмэн тvvхэн ял асуух болно. Эс бєгєєс монголын оюун ухаан сєнєсєн юм уу? Улс даяараа арчаагvй авилгачид болцгоосон юм уу? Айгаад, хулчийгаад байгаа юм уу?

МАХН-ын “ахмад зєвлєгчид” єєрсдийнхєє залгамж халаа болсон авилгачиддаа сонгуулиас ємнє “Битгий луйвар хийгээрэй, сонгуулиа шударга явуулаарай” гэж зєвлєж байх нь яасан юм бэ? Сэг эргэсэн шувуу шиг тєрєє самарчихсан хойно нь ингэж алиалахын хэрэг юу байна?
МАХН ба тvvний дарга С.Баяр нь ОХУ-ын талыг баримтлагч, тэдний эрх ашгийг монголын тєрд тєлєєлєгч болох нь саяханы ОХУ-ын элчин сайдын яамны мэдэгдэлтэй холбогдсон vйл явцаас тодорхой боллоо. Эс бєгєєс ОХУ-ын тєрийн тєлєєлєгч монголчуудыг хагаралдуулахын тулд зориуд энэ мэдэгдлийг хийсэн vv? Магадгvй Ц.Элбэгдорж тэргvvтэн нь АНУ-ын ашиг сонирхлыг монголын тєрд тєлєєлдєг гэдэг нь ч ортой байх. Нєгєє тєлєєс “Азийн сан” гэгч АНУ-ын байгууллага МАХН-ын талд орж, илтэд будлиантай явагдсан сонгуулийг будлиангvй явагдсан хэмээн мэдэгдэж байгаа нь сонгуулийн ажиглалтыг хариуцлагагvй хийсэн гэхээсээ илvvтэйгээр америкчууд монголын газрын баялагаас хvртэж л байвал дэлхийн бусад орнуудад “ардчилал гэгчийгээ экспортолсон” тэргvvн туршлагынхаа дагуу дарангуйлагчидтай эвлэлдэн нэгдэхээс ч, монголын нийгэмд иргэний дайн зохион байгуулан vvсгэхээс ч буцахгvй болохынх нь тод жишээ болов уу. Н.Энхбаяр, Д.Лvндээжанцан, М.Энхсайхан, Р.Гончигдорж тэргvvтэй “Алтан гадас”, “Зvvн хойд азийн нийгэмлэг” мэтийн нам дамжсан бvлэглэлvvд нь Хятадын сонирхлыг ч монголын тєрд тєлєєлєгсєд байж магадгvй юм. Сонгуульд зардаг, энгийн ардын саналыг хууран мэхлэж, худалдан авахад, худалдагдахгvй бол хулгайн аргаар сонголтыг нь єєрчилєхєд хэрэглэдэг, сонгуулийн хороодыг худалдан авдаг сая сая долларын хєрєнгєє мэдээж тэднээсээ авдаг биз. Гэвч та минь ээ, монголын ашиг сонирхол гэж аль ч улсын ашиг сонирхолоос хараат бус, амин чухал тэр ашиг сонирхлыг тэгээд хэн тєлєєлєєд байна вэ? Бидэнд хэний ч талын бус гагцхvv монгол тvмний тєлєє зvтгэх тєрийн тvшээд хэрэгтэй байна шvv дээ. Хаана байна тэд?

Энэ оны 7 сарын 1-ний vйл явдал бол нийгэмд олон жилийн турш авилгач тєр, арчаагvй улс тєрчдийн балаг, нийгмийн баялгийн шударга бус хуваарилалтын улмаас vvссэн ажилгvйдэл, ядуурал, баян хоосны хэт ялгарал, авилгач дээдсийн дээрэнгvйлэл, ядарсан олны дунд хуримтлагдсан асар их бухимдлын тэсрэлт, ард тvмний сонголтыг илтэд луйвардсаны vр дагавар байсан гэдэгтэй хэн ч маргахгvй байхаа. Энэ мэтчилэнгийн тэмцэл нийгмийн уг шалтгаан нь арилаагvй, шударга ёс, эрх зvйт тєр тогтоогvй цагт цаашид улам л эрчимжиж, магадгvй иргэний дайны хэмжээнд ч хvрч мэднэ. Тэр цагт одоогийн авилгач дээдэс та нар хулгайлсан хєрєнгє, мєнгє чинь ямар ч хэрэгцээгvй болохыг, тэр ч бvv хэл vр хойчийн чинь хувь заяанд аранга болохыг ойлгож, толгойгоо шаах болно. Одоо энэ vймээний vеэр буудуулан амь vрэгдэгсэд, шархдагсад, тахир дутуу бологсод гээд тєрийн хvчирхийллийн хохирогчид, тэдний ар гэр, ойр дотныхны гомдол хорсол хэзээ ч тасрахгvйгээр буцлаж байгаа. Тэр гомдол, хорсол нь хэдийд, хаана, ямар “бємбєг” болон тэсрэхийг одоогоор хэн ч тєсєєлєхгvй, тааварлахгvй байна. Магадгvй зориуд ийм дайсагнасан байдал vvсгэх, иргэний дайнд хvргэж, дарангуйлагчтай болгож, байгалийн баялагийг нь сорох гэсэн харийнхны гар хєл бологсдын явуулга ч байж болно.

Хэрэв монголын тєр ийм харийнхны гар хєл бологсдоор дvvрчихээгvй юм бол одоо даруй зєрчил тэмцлийг намжаах, шударга ёсыг тогтооход чиглэсэн алхамыг хийж, монгол тvмний тєлєє гэдгээ харуулах ёстой. Хоёр тал муудалцан тэмцэлдэхэд нэг нь заавал дийлж, дийлэгдсэн нь гомдол, хорсолтой vлдэх нь ойлгомжтой. Ийм нєхцєлд хэрэв vнэн сэтгэлээсээ эвлэрлийг хvсэж байгаа бол ялсан тал нь буулт хийж, харилцаагаа зєєллєх алхамыг эхлэн хийх ёстой байдаг. Энэ нь хvчтэний жинхэнэ хvчтэйг харуулах шалгуур нь болдог. Тиймээс эрхэм Ерєнхий сайд С.Баяр та болон танай МАХН vнэхээр vндэсний эвлэрлийг хvсэж байгаа бол даруй эхний буулт, зєєлрvvлэх алхамуудыг хийх цаг ерєнхийдєє оройтож байгааг анхааруулая. Тэгэхдээ мэдээж хэрэг эвлэрэлтэй, эвлэрэлгvй нэг тал болчихоод шинээр гарч ирсэн иргэний хєдєлгєєнvvдийг дарахын тулд худлаа жvжиглэж байгаа “тvрийвчний амраг” АН-тайгаа хийх “наймааны” чинь тухай бус монголын нийгмийн, vндэсний эвлэрлийн тухай ярьж буйг минь ялгаж ойлгоорой. Тэгэхгvй бол тун ч удахгvй зэвсэглэсэн тэмцэл єрнєж болзошгvй. Иймээс:

1. Аливаа улс тєрийн тэмцэл, жагсаал цуглааныг зохион байгуулагчдад уг жагсаал цуглаанд оролцогчдын гэмт vйлдлийг тохоон, ял халдаан хэрэглэж байгаа “тэнэглэлээ” яаралтай зогсоож, ИХНамын дарга, дэд дарга нарыг ялаас чєлєєлєх учиртай. Тэд хэдийгээр жагсаал цуглааныг зохион байгуулсан байлаа ч тэдэнд МАХН-ын ємч хєрєнгє, бусдын амь нас, эрvvл мэндийг жагсаалд оролцогчид болон тэдэн дунд хутгалдсан “тагнуулууд”, гэмт хэрэгтнvvдээс хамгаалах vvрэг ч, эрх мэдэл ч, хvч чадал ч байхгvй. Харин монголын тєрд, Засгийн газарт бол ийм vvрэг нь, эрх мэдэл нь Vндсэн хуулиар олгогдсон, хvч чадал нь болох цагдаа, хvчний байгууллага нь бидний татвараар хєлс нь тєлєгдсєн бэлэн байдалд байгаа. Тиймээс Засгийн газар энэ бvх эмх замбараагvй байдлын хариуцлагыг иргэдийнхээ эрх, эрх чєлєєг хамгаалж чадаагvйнхээ хувьд хvлээх ёстой.

Иргэний хєдєлгєєний удирдагчид єєрсдєє чулуу шидэж цонх хагалсан, хvний амь нас бvрэлгэхийг санаархсан vйлдлийг биечлэн vйлдээгvй, тvvнийг нь нотлох баримтгvй л бол тэднийг даруй суллах ёстой. Харин уг vймээний vеэр аливаа гэмт vйлдэл vйлдэгсдэд ногдох хариуцлагыг нь хvлээлгэх, шаардлагатай тохиолдолд тэдэнд улс тєрийн эрх чєлєєний хамгаалалтын хvрээнд тєрийн єршєєл vзvvлэх тухай асуудал тусдаа яригдаж болох юм.
Та бvхний энэ хоёр хvнд тулгаж буй ял чинь ямар ч vндэслэлгvй гэдгийг та бvхэн мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гагцхvv хvчний байгууллагыг ашиглан зохиомол ял тулгаж, тэр хугацаандаа олон тvмэнд иргэний хєдєлгєєнvvд, тэднээс vvсэлтэй улс тєрийн намуудын нэр хvндийг унагах гэсэн оролдлого шvv дээ. Гэвч та бvхэнд дахин дахин сануулахад монголын ард тvмэн билгийн нvдтэй тул энэ бvх жvжиглэлийг чинь ойлгохын цаагуур ойлгож байгаа бєгєєд та бvхний хєлсний сэтгvvлчид, хvчнийхэнд тєлсєн, амласан хєрєнгє чинь дэмий зарлага шvv.

2. Сонгууль бvхэлдээ хууль зєрчсєн, будлиантай болсныг Ерєнхийлєгч, СЕХ, улс тєрийн намууд, нэр дэвшигчид, сонгогчид бvгд хvлээн зєвшєєрч, хэлж тэмцэж байна. Би ч бас сонгуульд ажиглагчаар оролцсоны хувьд чухам ямархуу улс тєр, эрх зvйн мэдлэг чадвартай хvмvvс тойргийн хороонд ажилласан, сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн зєрчсєн, ямар аргаар сонгуулийг луйвардсаныг нvдээр харж, биечлэн тэмцсэн тул єєрийн vзсэн хэмжээндээ мэдэж байна.
Гэтэл та бvхэн ард тvмний хийсэн сонголтыг хууль зєрчин “луйвардсан” булхайгаа арилгахын оронд хоёр “том” намын зєвшилцєл, толхилцол гэсэн нэрээр уг булхайгаа єнгєлєн далдлаж, асуудлын гол нь ерєєсєє ч сонгууль хууль бус болсондоо, ард тvмний сонголтыг луйвардан єєрчилсєндєє бус, СЕХ ба тvvний даргын гаргасан процессын жижиг алдаа, єдєєн хатгасан vг энэ тэрхэнээс болж буй мэт сэтгэгдлийг олон тvмэнд тєрvvлж, гол асуудлаас олон тvмний анхаарлыг холдуулах, энэ хугацаагаа ашиглан сонгуулийн vеэр хийсэн хамаг булхай луйвар, ул мєрєє баллах, сандал суудлын арилжаа наймаагаа явуулахыг оролдож байгаа нь ой гутам. Энэ завсарт чинь саналаа луйвардуулсан сонгогчдийн болон танай хоёр нам ба тэртэй тэргvй санал хуваах зорилготой “дагуул” намуудаас чинь бусад ардчилсан vзэлтэй нам, улс тєрийн хvчний эрх ашиг, хvсэл зориг vрэгдэн гээгдэж байна. Хамгийн аюултай нь монголын ард тvмний “жинхэнэ сонголт” хоёр “том” гэгдэх намуудын наймаанд vрэгдэн алга болж байна. Ингээд монголын балчир ардчилал булшлагдаж, монголд ардчилалгvй, эрх чєлєєгvй, эрх зvйт тєргvй харанхуй vе эхлэж байна. Vvнийг бид хvссэн гэж vv?
СЕХ-ны даргаар томилогдсон энэ этгээдийг миний бие энэ оны 3-р сард харамсалтай нь сонинд хэвлvvлж чадалгvй зєвхєн интернэтэд (http://www.politics.mn/index.php?option=com_content&task=view&id=87&Itemid=76 ) нийтлvvлсэн “Хэлгvй Каролиа хэлд орсны гай” хэмээх нийтлэлдээ мэдлэг, чадварын хувьд энэ албан тушаалд тохирохгvй хvн гэдгийг нь тvvний єєрийнх нь гаргасан алдаануудад vндэслэн тал бvрээс нь нотлоод, огцруулах хэрэгтэй гэдгийг УИХ-ын даргад хандан бичиж байлаа. СЕХ-ны даргын албан тушаалд єєрхvний нэрийг дэвшvvлээд, Б.Баттулгыг СЕХ-ны гишvvнээс огцруулах бус харин жирийн гишvvн болгох боломж болоод эрх нь УИХ ба тvvний даргад байгаа гэж vзэж байна. (Сонгуулийн тєв байгууллагын тухай хуулийн 4.3. заалт.) Гэтэл тэр vед тvvнийг зайлуулаагvйнхээ хорыг монголын тєр одоо амсаж байна. Монголын тєр хэн нэг эргvv албан тушаалтны гарт vрэгдэж сvйрэх нь МАХН-ынханд л лав хамаагvй бололтой. СЕХ-ны гишvvдийг сонгуулийн булхай луйвраа хийлгэж аваад зохих урамшууллыг нь єгєєд явуулдаг аргад МАХН гаршжээ. Намдаа ийм “гавъяа” байгуулж єгсєн заримыгаа бvр УИХ-ын гишvvний суудлаар шагнасан. Одоо МАХН энэ нєхєртэйгээ зууралдсаар байгаад нэг мєсєн орон нутгийн сонгуулийн луйвраа хийлгэж аваад “золиосонд” нь, vнэндээ бол “гавъяаных нь амралтад” гаргах бодолтой байх шиг байна.
Энэ бузар бодлоо, булхайтай улс тєрєє зогсоож, СЕХ-г бvрэн бvрэлдэхvvнээр нь єєрчилж, улс тєрийн хvчнvvд, иргэний нийгмийн тэгш тєлєєлєлтэйгєєр яаралтай байгуулах хэрэгтэй. Тэгэж байж vндэсний эвлэрэл vvснэ.

3. Сонгуулийг АН, МАХН хоёр хэлэлцэн тохирч байгаад єєр єєрсдийн чадах хэрээр луйвардсан. Єєрєєр хэлбэл “хоёр намын тохироо” гэгчээрээ харилцан тохирч байгаад сонгуулийн хууль тогтоомжийг зєрчиж, сонгогчдын сонголтыг єєрчилсєн. Учир нь тvрийвч нэгтэй боловч олон нийтийг хуурахын тулд хоёр єєр нам болон жvжиглэгч олигархуудад иргэний хєдєлгєєнийх хэмээн нэршсэн шинэ ардчилсан улс тєрийн хvчнvvд тархин дээр нь цахиур хагалах єрсєлдєгч болох нь улам бvр тодорхой болсоор байсан. МАХН ба АН аль 2004 оны сонгуулийн дараагаас л манай “хоёр том нам”, монголд хоёр том намын систем л тохиромжтой хэмээн сурталчилж эхэлсэн. Сонгуулийн хуулийг єєрчлєх болоход Ц.Элбэгдорж ба тvvний намынхан энэ бодлоо хэрэгжvvлэхийн тулд сонгуулийн хувь тэнцvvлсэн тогтолцооноос татгалзахдаа ямар ч тохирооноос хэзээ ч буцахад бэлэн “хулхи” улс тєрийн хvчин болох МАХН-тай харьцаж буйгаа, урьд ємнє удаа дараа хулхидуулж байсныгаа мартсанаас болоод энэ удаагийн сонгуулиар олонхи болох бодит боломжоо єєрсдєєсєє хулгайлчихсан. Мєн тvнш нь сонгуулийн vеэр лидерvvдээ тойргууд дээр нэг нэг “сул морьд” хєтлvvлэн зєрєлдvvлэн хуваарилах, иргэний хєдєлгєєнийхнийг нухчин дарахад хамтран ажиллах зэрэг тохироонуудаа баримтлана гэж ихэд итгэсэн байх.

Гэтэл хамаг юм эсрэгээр эргэж, єнєєх “итгэлт тvнш” нь єєрийн мэдлийн СЕХ, ИБМУТ-тєйгєє хамтраад сонгуулийн хууль, тогтоомжийг зєрчин “царцааны нvvдэл” гэгчийг жинхэнэ зохион байгуулж, булхайгаа хэтрvvлчих нь тэр. Ингээд хийсэн тохирооныхоо хvрээнд єрсєлдєхєд иргэний хєдєлгєєнийхєн дарагдаж, нэр хvнд нь навс унасан тvнш нь сєрєг хvчин болж, єєрсдєє олонхи болно хэмээн тооцоолсон Элбэгээ ба тvvний нєхдийн тєлєвлєгєє нурж, хор шар, хэрvvл тэмцэл эхлэх нь тэр. Vvгээрээ єєрсдийгєє “хоёр том” гэгч намууд эрх мэдэлд хvрч, идэж ашиглахын тулд ёс суртахуун, хууль ёс, эрх зvйт тєр, ардчилал зэргийг ямар ч vнэ цэнэгvй зvйл гэж vздэгээ, монголын ард тvмэн тэднээс бидний эрх чєлєєт, амгалан сайхан амьдралын тєлєє юухан ч хийнэ гэж найдахын хэрэггvй гэдгийг тодорхой харууллаа.
Дэлгэрэнгvй ба хураангуй зєвшилцєл л гэнэ, гарын vсгээ зурсангvй л гэнэ. Энэ бvхэн чинь та нарын тэртээ нэгэнтээ байгуулаад хэргээ болохоор хєсєр хаясан “Их эвслийн гэрээ” гэдэг шиг чинь ямар ч эрх зvйн vр дагавар vvсгэхгvй, хэн ч цаашид даган баримтлахгvй цэвэр улс тєрийн жvжиглэл, цаг нєгцєєж, наймаагаа тохирох, сонгуулийн булхайнхаа ул мєрийг баллах, олон тvмнийг залхаах оролдлогоос єєр юу ч биш шvv дээ. Танай хоёр нам монголын ард тvмнийг бvхэлд нь тєлєєлєхгvй. Vндэсний эвлэрэл гэдэг бол танай хоёр намын тохиролцоо бус харин тvvнийг чинь багтаасан хамаагvй єргєн хvрээтэй асуудал гэдгийг ойлгоорой. Хамгийн гол нь танай хоёр намаас ардчилсан нийгмийн vнэт зvйлсvvдийг, єєрсдийн vйлдсэн алдаа дутагдлаа хvлээн зєвшєєрч, зохих хариуцлагаа хvлээх нь хамгаас чухал байна.

4. Сонгуулийн vеэр гарсан vндсэн зєрчлvvд бол СЕХ ИБМУТ-єєс ирvvлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг шалгаад “эцэслэн” гаргасан нэрсийн жагсаалт нэгэнт байсаар атал “царцаануудынхаа” саналыг давхардуулан авахын тулд “нэмэлт нэрсийн хавтгай жагсаалт” гэгчийг гаргаж, нэгэнт сонгуулийн хэсгийн хороодод саналын хуудас ирчихсэнээс хойш хууль зєрчин тухайн хэсэгт бvртгэлгvй сонгогчдыг иргэний vнэмлэхийг нь vндэслэн саналыг нь єгvvлсэн явдал юм. Vvнийгээ СЕХ-ны дарга Б.Баттулга нь сонгуулийн єдєр улам лавшруулан, СЕХ нь хамтаараа шийдвэр гаргах бvрэн эрхтэй байгууллага атал эрх мэдлээ хэтрvvлэн бие дааж “иргэний vнэмлэх дээрээ хуурамч хаягийн бvртгэлийн наалт хийлгэсэн єєрсдийн сонгогчид”-ыг давхардуулан санал єгєх боломжийг бvрдvvлэхийн тулд сонгуулийн хэсгийн хороодод зааварчилсан албан бичиг явуулсан явдал нь эрvvгийн гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Энэ дагуу нь ч зарим сонгуулийн тойргууд дээр 11900 гаруй сонгогчид нэмэгдэж саналаа єгсєн баримт гарсан.
Єєр нэг хэвлэл мэдээллээр яригдахгvй байгаа ноцтой асуудал бол Монгол улс иргэний бvртгэлийнхээ, сонгогчдынхоо бvх мэдээллийг тєрийн тусгай алба болох ТТГ-ын эсэргvvцэл, болгоомжлолийг vл хайхран интернэтэд байрлуулсан явдал юм. Сонгогчдын тухай энэхvv мэдээлэл бол миний бодлоор интернэтийг хяналтдаа байлгадаг АНУ-ын ТТГ-ын гарт бол найдвартай орсон байх магадлалтай бєгєєд цаашлаад манай хоёр хєршийн тусгай албадуудын гарт амархан орчихсон байх боломжтой юм. Тэр ч байтугай захын нэг “хакер” хvvхдvvдийн гарт ч орчихсон байж магад. СЕХ-ны энэ vйлдэл бол сонгуулийн ємнєх олон нийтийн тархийг угаах гэсэн жvжиглэл байснаас бус, хууль хэрэгжvvлэх чармайлт биш. Хэрэв хєрш тусгай албадын гарт орсон бол тэд манай иргэний vнэмлэхийг хэд л бол хэдэн мянгаар нь хэвлэх чадвартай. Тиймээс хэчнээн ч “Дашдондогийн Vvрцайх”, хэдэн ч сонгуулийн хэсэгт санал єгсєн байж болно шvv дээ. Vvнийг мэдэх ямар ч боломж байгаагvй. Хэн улс даяар тарчихсан сонгуулийн хэсгvvд дээрх нэрсийн жагсаалт нэртэй далбагар цааснуудыг эргvvлээд, хvн бvрээр шvvгээд сууж байхав. Мэдээллийн технологи єндєр хєгжчихсєн 21-р зууны монголын тєр vнэхээр ичмээр байгаа шvv. Ийм байдлаар харь улсын сонирхлыг тєлєєлєгчид сонгуульд ялаад гараад ирсэн байхыг vгvйсгэх газаргvй.

Тvvнчлэн тухайлбал миний ажиглагчаар ажилласан Баянгол дvvргийн 1-р хэсгийн хороон дээр сонгогчдын нэрсийн жагсаалтыг хоёр хувь vйлдээд, нэгийг нь тємєр шvvгээндээ цоожлоод, зєвхєн єєрсдийнхєє бvртгэл тэмдэглэл хєтлєж байгаа нэрсийн жагсаалтаа л нийтэд танилцуулна гэсэн хууль зєрчсєн vйл ажиллагаа явагдсан. Яаж хvн ажил хийж байхад хэн нэг сонгогч нэрийн жагсаалтад ямар нэг булхай байна уу гээд эргvvлээд сууж байх билээ. Ар арын сонгогчид хvртэл бухимдаад барьж иднэ биз дээ, тэр хvнийг чинь. Ажиглагчдын ажиглах боломжийг хязгаарлах оролдлого, цаг хожихын тулд СЕХ-ноос гаргасан зааварчилгыг зєрчиж саналын хуудсыг хоёр хуваан тоолсон, санал тоолж дууссаны дараа сонгуулийн баримт бичиг болох нэрсийн жагсаалтыг битvvмжлэлгvйгээр машинд ачсан, ажиглагчдад санал тооллогын тэмдэглэлийг уншиж, тарааж єгсний дараа биднийг санал авах байрнаас гаргах хvртэл саналын хуудсуудыг битvvмжлээгvй байсан гэх мэт олон олон жижиг зєрчлvvд байсан ч энэ нь “нэмэлт хавтгай” гэгч “царцаануудын нэрсийн жагсаалт”, одоо илэрээд байгаа асар олон сонгуулийн хууль тогтоомжийн ноцтой зєрчлvvдийн дэргэд харьцангуй “жижиг” зєрчил, маргаан шийдвэрлэгч байгууллагууд нь ажлынхаа ачааллыг дийлэхээ байчихсан, бvх нийтээрээ хууль зєрчиж байгаа vед “хэн ч тоохооргvй зvйл” байсан нь тун ч харамсалтай. Ингээд “хууль дээдлэх нь тєрийн vйл ажиллагааны vндсэн зарчим мєн” гэсэн Vндсэн хуулин дахь эрх зvйт тєрийн зарчим хэмээх vнэт зvйл дахин vгvйсгэгдэж байна. “Бvгдээрээ зєрчвєл буруугvй” гэдэг шинэ зvйр vг энэ сонгуулийн vед нийгмийн оюун санаанд суурьших шиг боллоо.

Дээрх зєрчил бол сонгуулийн дvнд нєлєєлєхvйц ноцтой зєрчил юм. Тэгэхээр одоо энэ зєрчлийг арилгах ажлыг худлаа хэрэлдэж суухын оронд яаралтай эхлvvлж, СЕХ-ны нарийн бичгийн дарга Баярсайханы хэлснээр бvх нэрсийн хатгайд санал єгсєн хэмээн бичигдсэн сонгогчдын мэдээллvvдийг цахим хэлбэрт оруулаад, хичнээн сонгогч хаана, хэдэн удаа давхардуулан санал єгсєн байна вэ гэдгийг тогтоож, тэр нь тухайн тойргийн сонгуулийн дvнд нєлєєлєхvйц ноцтой хэмжээнд байвал дахин санал хураалт явуулах, нийт улсын хэмжээнд сонгуулийн дvнд нєлєєлєхvйц байвал энэ сонгогдсон УИХ-ыг тарааж, улс даяар орон нутгийн сонгуультай хамтад нь энэ намартаа багтаан УИХ-ын сонгуулийг дахин явуулах боломж байна. Магадгvй ингээд шалгаад, давхардлыг нь арилгаад ирэхээр нєгєє санал єгсєн 76 хувийн сонгогчид нь vнэндээ сонгууль хvчинтэйд тооцогдох 50 хувьдаа ч хvрэхгvй байж болно шvv дээ. Нєгєє талаас монголын “шудрага” хуульчид, улс тєрчид СЕХ-ны даргын эрх мэдлээ хэтрvvлсэн vйлдлийг хуулийн байгууллагуудаар шалгуулж, дээр дурдсан “нэмэлт хавтгай” гэгч зєрчлийг Захиргааны шvvхээр шийдvvлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Засгийн газрын зvгээс цаашид иргэний бvртгэлийн эрх зvйгээ боловсронгуй болгож, ядаж хэдэн иргэнтэй, тэдгээр нь хаана яваагаа мэддэг болох талаар эрчимтэй ажиллах шаардлагатай байна. Хvсвэл ч уг нь ядах юмгvй л ажил даа.

5. Монголын ард тvмний сонголтыг хууль бусаар “хулгайлсан” энэ бvх явдлыг УИХ-ын даргаас эхлээд бvгд сонгууль хэвийн явагдаж єнгєрсєн, сонголтыг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй гэх мэтчилэн гэм хоргvй зvйл болгохыг оролдож байна. Гэтэл энэ бvх зєрчил тэмцэл чинь ард тvмний хийсэн сонголтыг хvлээн зєвшєєрєхгvй байгаа бус харин уг “жинхэнэ” сонголтыг нь луйвардчихсан явдлыг л хvлээн зєвшєєрєхгvй эсэргvvцээд байгаа хэрэг шvv дээ. Сонин хэвлэлvvд хvртэл бvхнийг хэвийн зvйл болгохыг, єєр єєрсдийн эздийн болон хєлс тєлєгчдийнхєє эрх ашгийг хамгаалахыг оролдох нь эмгэнэлтэй. Хэвлэлийн эрх, эрх чєлєє баталгаатай хангагдсан байх, чєлєєт хэвлэлтэй байх нь эрх зvйт тєртэй ардчилсан нийгмийн байгууллын нэг амин чухал нєхцєл нь билээ. Харамсалтай нь энэ vнэт зvйл бас л хєсєр хаягдаж, эд мєнгє, эрх мэдлийн донд идэгдэж дуусчээ. Овоо тєвийг сахисан гэж боддог байсан “Єнєєдєр” сонин, 25-р суваг, єнєєх зєвхєн ард тvмний, монголын тєлєє зvтгэнэ гээд байсан З.Алтай нар нь бvгд vнэн дvр тєрхєє харуулж, С.Баярын халаасанд явдгаа нотолсонд харамсаж байна. 7 сарын 1-ний єдрийн явдлын дараагаар хvvхдийн хvмvvжил доройтсоноос болж ийм юм боллоо хэмээн сурталдаж байсан нь vнэндээ ичсэндээ хvн алчихаад, тvмний хараанаас бултах гэж ядаж байгаа эрх баригчдын хєєрхийлєлтэй дvр зураг байлаа. Эдvгээг хvртэл хєдєєгийнхєн нь эрх чєлєєгvй байж vзээгvй тул, социализмийн vеийн хотынхон нь эрх чєлєєтэй байж vзээгvй тул юуны тєлєє тэмцэх хэрэгтэйгээ ойлгохгvй явсаар ирсэн. Одоо бол монголын ард тvмэн эрх чєлєєний амтыг нэгэнтээ мэдэрчээ.Эрх, эрх чєлєєнийхєє, ирээдvйн сайн сайхан амьдралынхаа тєлєє єєр аргагvйд хvрвэл чулуу бариад ч гэсэн босоход бэлэн эрх чєлєєний мэдрэмжтэй vеийнхэн єсєж бойжиж байгааг та нар ухаарах хэрэгтэй. Ард тvмэнд эрх, эрх чєлєєнийхєє тєлєє босон тэмцэх эрх нь хуулиар олгогдсон байдаг юм. Одоо дарангуйллаар, Буддын шашнаар, алив vзэл суртлаар монгол тvмнийг дуугvй томоотой байлгах боломжгvй болсон. 7 сарын 1-ний явдал бол 300 жилийн харийн дарангуйлал, буддын шашны болон коммунизмийн vзэл суртлын “угаалганы” дараа монгол тvмний цусанд нь эрх чєлєєний тод мэдрэмж, тvvний тєлєєх эр зориг, тэмцэгч чанар нь хэвээр хадгалагдсаар байгааг харуулсан. “Тэнэгтэхээ” хvрвэл эцсээ хvртэл нvсэр “тэнэгтэж” магадгvй халуун цустай ард тvмэн шvv монголчууд. Тиймээс эрх баригчид хийсэн хэргээ хvлээж, ард тvмнээсээ уучлалаа гуйж, єєрсдєєсєє эхлээд холбогдох албан тушаалтнууддаа зохих хариуцлагыг нь хvлээлгэж, сонгуулийн vеэр хийсэн булхайныхаа vр дагаварыг даруй арилгах хэрэгтэй. Єєрсдийн мэдлийн сонин хэвлэлээрээ олон тvмний “тархийг угаахыг”, эрээ цээргvйгээр илтэд нэг талыг барьсан мэдээллээр бємбєгдєж, “тэнэг” хэмээн доромжилохоо зогсооцгоо.

6. Сонгуулийн дараагаар сонгуультай холбогдсон маргаан сонгуулиас сонгуульд ихсэж байгаа нь нэг талаас сонгуулийн хууль тогтоомж боловсронгуй нарийн болж, манай сонгогчид сонгуульд сайн суралцаж, хяналт тавьдаг, маргалддаг, заргалддаг болж байгааг илтгэж байна. Гэвч нєгєє талаас сvvлийн хоёр УИХ-ын сонгуулийн дараах “гацаанууд” нь сонгуулийн хууль тогтоомжийг даруйхан илvv боловсронгуй, тогтолцооний хэмжээнд саадгvй, хийдэлгvй ажилладаг болгох, сонгуулийн хуулийг хэрэглэдэг, хэрэгжvvлдэг тєрийн байгууллагуудын албан хаагчдийн мэдлэг чадвар, ёс зvйг дээшлvvлэх, улс тєрийн намууд, улс тєрчдийг vнэт зvйлсээ хvндэлдэг, хамгаалдаг ухамсартай болгох зэрэг шаардлагыг бас харуулж байна.
Тухайлбал АН-аас сонгогдсон гишvvд СЕХ-ноос тогтоол гаргатал чуулгандаа орохгvй гэх ба СЕХ нь тогтоол гаргахгvй хэмээн хоёр тийш харж суусаар их удлаа. СЕХ-ны ингэж гvрийх нь шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргахгvй суугаад байвал хийсэн булхай луйвар нь VХЦэцэд очихгvй байх боломжтой хэмээн мунхаглаж байгаатай нь холбоотой. Гэтэл тэд аль 7 сарын 10-ны єдєр хуралдаад тойргийн хороодоос ирсэн сонгуулийн дvнгvvд болон маргаан шийдвэрлэсэн шийдвэрvvдийг нь хvлээн зєвшєєрєх vv, vгvй юу, сонгуулийн дvнгvvдийг нэгтгэн Ерєнхийлєгчид єргєн барих уу, vгvй юу гэдгийг хэлэлцээд, шийдвэрлэж байгаа чинь єєрєє шийдвэр. Шийдвэрээ тогтоол болгон хэлбэржvvлсэн vv vгvй юу, ямар хэлбэртэй байна гэдэг нь чухал биш. Тэр хуралдааных нь тэмдэглэлийг vндэслээд СЕХ-ны шийдвэр Vндсэн хуульд нийцсэн эсэх талаарх маргаан vvсгvvлэхээр VХЦ-д хандах хаалга нээлттэй байна.

7. Монголын ардчилал, эрх зvйт тєрийн сvvлчийн найдвар бол одоо Vндсэн хуулийн цэц болоод байна. Гэтэл VХЦ маань сонгуультай холбогдсон олон олон маргааныг хянан хэлэлцэхгvй, иргэдийн єргєдєл мэдээллийг хvлээж авсан хэрнээ хуулийн хугацаа єнгєрчихєєд байхад хэрэг vvсгэсэн тухай хариу єгєхгvй гацааж байгаа тухай хэвлэлээс уншаад харамсаж сууна. Миний бие хvртэл 2008 оны 7-р сарын 14-ний єдєр УИХ-ын 2007.12. 27-ны єдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай” 98 дугаар тогтоол нь хvн бvр хууль шvvхийн ємнє тэгш эрхтэй байх болон хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгvй гэсэн VХ-ийн суурь зарчмыг зєрчиж, сонгуулийн тойргуудад ногдох мандатын тоог ялгавартайгаар тогтоосон нь ардчилсан сонгуулийн суурь зарчим болох сонгох эрхийн тэгш байдлыг алдагдуулсан гэсэн vнэдэслэлээр хандсан юм. (Єргєдлєє энэхvv нийтлэлдээ хавсаргав. Д.V.) VХЦ-ийн тухай хуулийн 9-р зvйлийн 4 дэх хэсэгт Цэцийн гишvvн иргэдийн єргєдєл, мэдээллийг 14 хоногийн дотор хянаж, VХ-ийг зєрсєн тухай маргаан биш буюу Цэцэд харъяалагдахгvй байвал єргєдєл, мэдээлэл гаргагчид тодорхой vндэслэл бvхий хариу єгнє гэж заасан. Бидний єргєдлийг хvлээн авснаас хойш 14 хоногийн дотор ямар нэг хариу єгєєгvй учир бидний єргєдлийн дагуу хэрэг vvсгэсэн бєгєєд vvсгэсэн тухайгаа бол заавал мэдэгдэх шаардлагагvй байдаг юм байна гэж ойлгож байгаа. Хэрэв VХЦ бидний єгсєн єргєдлєєр одоо болтол хэрэг vvсгээгvй байвал VХ болон VХЦ-ийн тухай хуулийн дээрх заалтыг зєрчсєн vйлдэл болно. Харин Цэцийн дарга Цэцийн хэн нэг гишvvнд одоо болтол бидний єргєдлийг хуваарилаагvй, VХЦМХША-ны тухай хуулийн 21-р зvйлийн 1 дэх хэсэгт тодорхой хугацаа заагаагvй гэсэн vндэслэлээр хуучны нам, улс тєрч найзууддаа цаг хожих боломж олгох, VХ зєрчсєн хууль тогтоомжид vндэслэн явагдсан сонгуулийг хvчингvй болгож болзошгvй Цэцийн шийдвэрийг биелvvлэх боломжгvй болгох зорилготойгоор хуулиар єєрт нь vvрэг болгосон энэхvv тодорхой заалтыг биелvvлээгvй байх тохиолдолд тэрээр VХ болон бусад хуулийг зєрчсєн болж хувирна. Тиймээс бид одоо Цэцийн гишvvдийн сэцэн ухаан, Цэцээс монголын балчир ардчилал, эрх зvйт тєрийг аврах чиглэлд єєрийн VХ-ийг тодруулан тайлбарлагч, эрхийг хєгжvvлэгчийнхээ болон тєрийн эрх мэдлvvдийн хооронд, нийгмийн улс тєрийн харилцаан дахь тэнцвэржvvлэгчийнхээ vvргийг ухамсарлан сонгуулийн хууль тогтоомжтой холбогдсон маргаануудыг онцгойлон vзэж, шуурхайлан шийдэж, огцорсон улс тєрчдийн цуглуулга бус харин жинхэнэ монголын сэцэдийн цуглуулга гэдгээ харуулна хэмээн найдаж байна. Монгол тvмэн, монголын ардчилал та бvхнийг аврал эрсэн нvдээр ширтэж сууна.
Улс тєрчдийн “гацаа” хэмээн нэрлээд байгаа єнєєгийн бvх vйлдэлvvд нь тэдний єєрсдийнх нь сэтгэлгээний гацаа болохоос, монголын тєрийн болон хууль тогтоомжийн гарцгvй байдал огтхон ч бус. VХ-нд энэ бvх гарц нь тодорхой хуульчлагдчихсан байгаа шvv дээ. Ганцхан VХ-иа зєв ойлгон хэлбэрэлтгvй сахиж, vvнийг хvсэхгvй, зєрчєєд байгаа vйлдлvvдийг нь Цэцээс шуурхай тогтоогоод, зохих хариуцлагыг нь хvлээлгээд цааш явах хэрэгтэй байна.

8. Эцэст нь монгол тvмэндээ хандан хэлэхэд их завшаанаар олдсон эрх зvйт, ардчилсан парламентат ёсны тєрийн байгууллаа, эрх, эрх чєлєєгєє, иргэний нийгмийн байгууллаа сонор соргогоор хамгаалан, тэмцэж, авилгач, урваач улс тєрчдийг дураар авирлуулахгуй, дарангуйлал тогтоолгохгvй байхын тєлєє дуу хоолойгоо, хvч боломжоо нэгтгэх цаг нэгэнт ирээд байна шvv.

Жич: Энэ єгvvллийг бичиж байх vед гавъяат хуульч Б.Чимид гуай vзэл бодлоо хэвлэл мэдээллээр илэрхийлж, улс тєрчдийн хууль зvйн талаарх мэдлэг нимгэн байдал, буруу ойлголтуудыг нь тодорхой илчилж єгсєнд талархаж, эрхэм хvн таны ємнє гvнээ мэхийн ёслоё!

Дашдондогийн Vvрцайх
23.08.2008.

Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134918&catid=2215

No comments: