''Оюу толгой''-н тогтвортой байдлын гэрээ батлагдвал 3-5 мянган хүн ажилтай болно


-------------------------------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-09-02 10:54:46 , Мэдээний дугаар: #1134448

Говь сэргэх нь. Төвлөрсөн газар болох нь гэж нутгийн иргэд хөөрөлдөж байна. Тийм алхамд ойртох нөхцөлийг бүрдүүлэгч нь "Айвенхоу майнз" компанийн "Оюу тол­гой" төсөл аж.
Тэнгэр газар хоёр нийлэн харагдах Өмнө­говь аймгийн Ханбогд сум асар их байгалийн баялагтайг мэргэжилтнүүд тогтоосон. Тэнд л өнөөх төсөл хэрэгжиж, хүн ам суурьшсан, жинхэнэ үйлдвэрлэл явагдах төв суу­рин газар болох гэнэ. "Оюу толгой" төслийн хэрэгжилт ямар шатандаа явж байгаатай танилцахаар өнгөрсөн амрал­тын өдөр тийш зорьсон юм.

Наймдугаар сарын 29-ний зургаан цаг 40 минут. "Чингэс хаан" олон улсын ни­сэх он­гоцны буудлаас 20 гаруй хүнтэй аялалын баг "Оюу толгой" руу хөөрсөн юм. Ба­гийн бүрэлдэхүүнд "Оюу тол­гой" төслийн гүйцэтгэх захи­рал Кит Маршалл, ком­панийн хэрэг болоод нийг­мийн асуу­дал эрхэлсэн дэд ерөнхий­лөгч Лэйтон Крофт зэрэг төс­лийн удирдлагууд, BBC агент­лаг болон манай хэвлэл мэ­дээллийн хэрэгс­лийн зарим байгууллагын сэтгүүлчид байв. Нислэг нэг цаг 20 минут үргэлжиллээ. Биднийг "Оюу толгой" онгоцны буудалд буу­хад бороо ороод газар чийг­тэй, цаг агаар тогтуун байсан юм. Төслийн­хөн ирсэн зоч­до­доо өгдөг хөдөлмөрийн ажил­лагааны зааварчилгаа, үйл ажиллагаа­гаа уламжлал ёсоор бидэнд танилцуулсан юм.
"Оюу толгой" төсөл одоо­гийн байдлаар уурхай байгуу­лах бэлтгэл шатандаа явж бай­­гаа аж. Ордын олборлолт эх­­лээгүй, төслийн талбайд голч­­лон уурхай байгуулан, ажилч­­дад зориулсан барилга бай­гууламжийг босгох ажил өр­нөж байв. Одоо тэнд 500-гаад хүн ажиллаж байгаа. Тэд­ний 50 орчим нь гадаадын мэр­гэжилтэн гэнэ. Харин нийт ажилчдын 120 гаруй нь эмэг­тэйчүүд байдаг юм байна.
Оюу толгойн орд газар БНХАУ-аас 80 км, Улаан­баатараас 550 км, Далан­задгадаас 220 км, Ханбогд сумаас 45 км-ийн зайд орш­дог. Төслийнхөн энэ газрыг хамгийн багаар бодоход 50 жил олборлолт явуулах нөөц­тэй, дэлхийд гуравт орох баялагтай болохыг нь тог­тоожээ. "Оюу толгой" төслийн орд нь гурван хэсгээс бүр­дэх бөгөөд 22 км урт үр­гэлжилж байлаа. Тэр нь Аз жаргалын дээд буюу Хруга, Оюут, Хюга даммет юм. Эд­гээр бүлэг орд нь нийт хэмжиж тооцсон өндөр магадлалаар нэг тэр­бум 387 сая 430 мян­ган тн нөөцтэй гэнэ. Уурхайн ашиг­лалт төлөв­лөгөө ёсоор эхний 35 жилд дунджаар 450 мянган тн зэс, 330 мянган унци алт олборлох юм байна. Одоогоор Хюга дамметын ордын босоо аманд малталт хийж байгаа гэнэ. Ингэхдээ зэрэгцээ хоёр хонгилоор мал­талт хийж бай­гаа бөгөөд хон­ги­лууд нь Хюга дамметын орд руу чиглэсэн босоо амны 1300 метрээс салбарлаад 1200 метр үр­гэлж­­­­лэх аж.

Төслийн талбайд эмнэлэг, ресторан зэрэг канад загва­раар тохижуулсан байгуулам­жууд байрладаг юм байна. 2008 оны дөрөвдүгээр сард төс­­лийнхөн аюул, осолгүй дөр­вөн сая цаг ажиллаж ам­жилт тогтоосон гэнэ. Мөн го­вийн байгалийг хамгаалах аж­лыг гүйцэтгэдэг бүхэл бү­тэн баг, лаборатори тэнд бий. Тэд байгалийг хэрхэн хам­гаалж бай­гаа талаар сонирх­лоо. Агаар, тоосны бүтцийн хяналт мониторингийг гарга­хаас эх­лээд металл, хуван­цар, тос бо­лон модны хаягд­лыг дахин боловсруулдаг юм бай­на. Түү­­гээр зогсохгүй Монгол Улсад мөрдөгдөж байгаа стан­­­­дартын шаард­лагын да­гуу техникийн нөхөн сэргээл­тийг хийдэг аж. Энэ мэтчилэн "Айвенхоу майнз" компани бай­­галийг зүй зохис­той ашиг­лахаас гадна уламж­лалт нүүд­­­­лийн мал аж ахуйн, түү­хийн өв соёлыг хадгалан хам­гаалахад хувь нэмрээ оруул­жээ. Орон нутгийн малч­­­­дад худаг ус гаргаж өгө­хийн ха­жуугаар өвөлжөөг нь хүр­тэл барьж өгсөн байна. Ха­рин соё­лын өв уламжлалыг сэр­­гээх үйл­сэд багагүй хэм­жээ­ний хөрөнгө зарцуулжээ. 170 га­руй жилийн түүхтэй, Дэмчи­гийн хийдийн гол сув­аргыг өн­гөрсөн хоёрдугаар сард бү­тээ­сэн. Ингэснээр энер­гийн төв цэг гэх Монго­лын шашин соёлын өвд орох тэр суварга руу очих жуулч­дын тоо улам нэмэгдэх бол­жээ.

"Оюу толгой" төслийн тал­байтай танилцлаа. Газар доорх баялгийг судлах то­моо­хон хэмжээний мене­рало­гийн лаборатори тэнд үйл ажил­лагаагаа явуулж байлаа. 40 гаруй геологичдоос бүрд­сэн тэр шинжилгээний газар ашигт малтмалын дээж бо­лох чулууны бүтэц, судал бүрийг нь нарийн шинжилдэг юм байна. Хоёр мянга гаруй цоо­но­гоос гаргаж авсан 750 мян­ган метр урт өрөөстэй дээ­жийг "Чулуун номын сан" хэ­мээн нэрлэжээ. Хаанаас, ямар цооногоос гаргаж авсныг нь кодолсон тэрхүү чулууны заримыг нь 2235 метрийн гүнээс авсан аж. Тэндээсээ бид нэгдүгээр босоо амны малталт хийж байгаа газар очсон юм. "Рэд паф" компани энэхүү босоо амны нэвт­рэлтийг дуус­гаад хөндлөн малталтын ажлыг гүйцэтгэж байв. 1385 метр гүн энэ аманд 20-иод хоногийн өмнө хэдэн ажилчин осолдож, 36 цагийн турш газрын гүнд гацсан та­лаарх мэдээллийг хүргэж байсан билээ. Тэрхүү осол юунаас болсон, дахиж тийм аваар гарахгүй гэх баталгаа байгаа эсэхийг "Оюу толгой" төслийн дэд ерөнхийлөгч С.Санж­дор­жоос тодруулахад "Тоног төхөөрөмж доош оруулж бай­хад тросс тасарч ойчсон. Одоо тэр цооногт эвдэрч гэмтсэн зүйлсийг засч, сэл­бэх ажиллагаа яваг­даж байна. "Рэд паф" компани бол дэлхий дээрх цооног ухдаг цөөхөн байгууллагуу­дын нэг. Тэр нөхөд хөдөл­мөр хамгаа­ллын аюулгүй байдлын ажиллагааг дээд зэргээр явуул­­даг л даа. Газар дор олон цаг түгжигдсэн хү­мүү­сийн хувьд хоргодох бай­ранд хоол, хүнс цөм байсан. Энэ явдал цаашид аюулгүй ажиллах талаар бидэнд том сургамж өгсөн. Цаашид хи­чээж ажил­лана" гэв. Уг уур­хайг хөдөл­гөгч гол хүч нь дизель түлш бөгөөд цагт 220 литрийг зар­цуулдаг гэнэ. Мөн II босоо ам тэндээс хол­гүйхэн байрла­жээ. Арван метр диаметртэй уг амны ажиллагаа дөнгөж эхлээд зогссон байв. Өнгөр­сөн онд Засгийн газартай хийх байсан гэрээ хойшлог­донгуут ийм байдалд хүрчээ. Ингэснээр компани асар их алдагдалд орсон төдийгүй мянга гаруй хүн ажилгүй бол­жээ. Ер нь "Ай­вен­хоу майнз" компани өнгөр­сөн хугацаанд дээрх бүх ба­рилга байгуу­ламж, уурхайн үйл ажиллагааг явуулахад нэг милиард төгрөг зарцуулаад байгаа аж. Хэрэв тогтвортой байдлын гэрээ батлагдчихвал зургаан тэр­бум төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийж, эхний таван жилд 3-5 мянган хүн ажлын байртай болгох юм байна. Гэхдээ ажилд авна гэх зарын дагуу зүгээр нэг хүмүүсийг шалга­руулж авахгүй гэнэ. Харин уурхайд тогтвор, суурьшил­тай ажиллах болов­сон хүчнээ өөрсдөө бэлтгэж, сургалт зохион байгуулах аж. Ингээд "Оюу толгой" төслийн гүйцэт­гэх захирал Кит Мар­шал­лтай цөөн хором ярилц­лаа.

-Та уул, уурхайн сал­бартай холбогдоод хэдэн жилийн нүүр үзэж байна вэ?
-Би 30 гаруй жил уул, уурхайн салбарт ажилласан. Ихэнх хугацаагаа гүний уур­хайд өнгөрүүлсэн.

-Өмнө нь хаана ямар төсөл дээр ажиллаж байв. Турш­лагаасаа хуваал­цах­гүй юу?
-Энд ирэхийнхээ өмнө Өмнөд Африкт нэгэн төсөл дээр ажиллаж байлаа. Тэнд "Оюу толгой"-той ижил төстэй зүйл олон харагдсан. Байга­лийн унаган төрхөөс эхлээд зан заншил нь адилхан, байр­шил нь хүртэл төв газраас хол. "Оюу толгой" төслийг ца­шид хэрэгжүүлэхдээ энэ бүс нутгийн хөгжлийг тодорхой­логч нэг хүчин зүйл байгаасай гэж хүсч байна. Төсөл хэ­рэгж­вэл энэ уурхай доод тал нь 50 жил ажиллана. Нэгэнт урт хугацаанд ажиллах учир бүх зүйлээ сайтар төлөвлөж байж уурхайг нээх ёстой. "Оюу толгой" бол дэлхийд гуравт ордог, ашиглагдаагүй орд байгаа юм. Газрын дор бүхэл бүтэн байгууламж ба­рих хэ­рэгтэй. Зарим орны туршла­гаас харахад хайгуу­лын яв­цад ажилчдынх нь суурьшсан газар дор орд байж таардаг. Тэгээд дахиад л нүүж, шил­жүүлж, зардал их гарах явдал цөөнгүй тохиолд­сон удаа бий. Тийм зүйл давтагдуулахгүйн тулд маш сайн хайгуул хийж байгаа. "Оюу толгой" төслийн талбай ил болон далд олбор­лолт явуулах нөөцтэй болох нь тогтоогдсон. Тиймээс тө­сөл хэрэгжээд эхлэнгүүт ба­рил­гын кэмп, ресторан, он­гоцны буудал зэргээ шилжүү­лээд барихаар төлөвлөгөө гарга­чихсан байгаа.

-Хэрэв уурхай хаагдлаа гэхэд байгаль сүйдэж хо­цор­дог. Тиймээс танайх энэ тал дээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?
-Сүүлийн 15 жил хариуц­лагатай уул уурхай яригдаж байна. Бид энэ бүх асуудлыг зохицуулах үүднээс судалгаа шинжилгээ явуулж байгаа. Ер нь "Оюу толгой"-н хүдэржилт нь маш энгийн л дээ. Ялгаж салгахад хялбар. Тийм боло­хоор байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хайгуул хийх шаардлагагүй.

-"Оюу толгой" төслийн тогт­вортой байдлын гэрээ га­цаанд орчихсон байгаа. Хө­рөнгө оруулагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн УИХ хэлэлцэж энэ асуудлын хувь заяаг шийдэх байх. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд улс ашгаа авбал хэн хэндээ зү­гээр л дээ.

М.Мєнхцэцэг

Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=154&sid=1134448

No comments: