Цэнддоо: Ялагдах эрдэм
--------------------------------------------------
Нийтэлсэн: 2008-09-18 08:21:41 , Мэдээний дугаар: #1136307
Эхлэл.
Монгол хүн болж төрөх ямар юм бүү мэд. Учир нь монгол болж төрсөн бид нараас өөр хүмүүс энэ сэдвээр ярьдаггүй шүү дээ. Харин Монголд улс төрийн хүчин болж төрөх үнэхээр хэцүү болж. Ялагдвал намынх гишүүдийг ажлаас хална. Дарга нарыг барьж тавина. Бизнесийг нь шахна, тэтгэлгийг хасна. Ялагдсан намын ядуу гишүүнд очих хүмүүнлэгийн тэтгэмжийг хүртэл булаана. Ялах нь тийм сайхан юмуу гэхээр бас биш. Засгаа байгуулах, улс орноо авч явмар болох гэж үйлээ үзнэ. Өөрснөө хусч байгаагаасаа илүү зузаан мааслыг ялагдсан талынхаа талхан дээр түрхэхгүй бол ажил ахихгүй. Тэгсэн хэрнээ хамгийн их "хусдаг" нэрийг зүүнэ. Тэгж байтал дотроос нь зарим нь талхаа голж зовооно. "Тэрнийх хоёр минийх хоёрхон" хэмээн уруулаа унжуулан, ингээд байвал ялагдсан талтай нийлнэ гэж айлгана. Өмнөөс нь яс хавталзмаар.
Ёстой өнөө Д.Намдаг гуайн "Хярааны хонхор"-ын харуул зангийн догиож хэлдгээр "Гамин хүн тулдаа л ядардаггүй байх даа" гэмээр. Яагаад манай оронд ялж ч болдоггүй, ялагдаж ч болдоггүй болчихвоо.
Хүүхнээ алдахаар толгойгоо алд...
Аливаа яриаг түүх сөхөж эхлэхэд урамтай болдог тал бий. Гэхдээ хаанаас сөхөхөөс их хамаатай. Буруу газраасаа сөхөгдсөн түүх уйтгартайн дээр нотолгоо болохоосоо илүү эргэлзээ төрүүлж орхино. Ямар ч байсан зориг гаргаад түүх сөхөөд үзье л дээ. 1206 онд Онон мөрний хөвөөнд монгол ноёдын хуралдай болжээ. Туулын хөвөөнд бидний үед болж байгаа УИХ-ын хуралдайг бодвол элдэв бүлэг фракцгүй сайхан цаг байж. Одоо манай энэ хэн эд нар төрөөгүй цаг тул хааны сонгууль төдий л будилсангүй. Иргэн Е.Тэмүүжинд "Чингэс хаан" цол өргөмжлөөд гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалыг хамтад нь атгуулав. Ингээд монгол ноёд хаандаа тангараг өргөж байна. "Нууц товчоо"-нд нууж хаалгүй бичсэнээр бол энд тэнд дэл сул хүүхэн харагдвал л Чингэс рүүгээ зөөгөөд байхаа андгайлж "Олон дайнд оройлон явж, онц гуа охидыг олзолж ...олны эзэн Тэмүүжинд өгье" хэмээн тангараг тавьж байна. Нууц товчооны 123 дугаар зүйлд өгүүлснээр "Ордон сайхан гэр,..Хатир сайт морьд, ороо гөрөөс"... зэрэг эд өлгийг хаандаа өгч байх учиртай болсон боловч эдгээр нь "хүүхэн"-ий араас хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдсэн байх аж. Мөн буруудахын цагт хамгийн түрүүнд нь авгайгаа боссдоо өгч торгуулна. Чингэсийн үеийн төрийн албан хаагчийн тангараг "...хатуу зарлигийг хайхрахгүй явбал хатан эмээс минь хагацуулан салгаж" хэмээн эхэлж байна. Нууц товчоонд өгүүлснээр "хар толгой"-гоо тушаах нь хоёрдугаарт бичигдэж байж. Банк байхгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй талын баатруудын "мөнгө" нь эхнэр хүүхэн нь байжээ. Их хааны аав Есүхэй найз нарын хамт дэл сул "мөнгө" хайж яваад Өүлэн эхийг олзолдог. Вестерн киноны ковбой нар банкны зузаатгалын мөнгө ачсан богоон руу дайрдаг шиг л юм болж.
Сүүлд мэргэдүүд Тэмүүжингийн отог руу дайрахдаа морь, мал, алт, мөнгө гэхээсээ илүү авгайг нь аваад явчихаж байна. Өнөөгийнхөөр бол хадгаламжийг нь хувхайлаад арилсан хэрэг. Нөхөд нь түүнийг тайтгаруулж "Мухлаг тутам охид бий" хэмээн аргадаж байгаа нь сортоотой байвал хаанаас ч мөнгө босгож болохыг сануулсан ажил хэрэгч санал. Нүүдэлчин баатруудад гулууз мөнгө ачаад ганзагалаад явах боломж байхгүй. Эмээл хазаар, зэр зэвсэг, өмсөх зүүхээ жаахан алтдаж мөнгөлнө. Гэтэл тэр нь хэмжээтэй байхгүй бол горьгүй. Морины нуруу хугарч болохоос гадна өөрөө дээлээ даахгүйд хүрнэ. Адуу мал олныг хурааж болох боловч хээр талд дуртай нь унаж, зарим нь чононд идүүлж болно.
Харин хацар гоо охид хүүхнүүд бол өөр аж. Үе үе дуудаад өмнөө жагсаагаад харахад ямар ч хадгаламжийн дэвтэр, мастер картнаас илүү кайф төрүүлнэ. Цаасан болон металл мөнгийг гарын салаагаар үрж болдог боловч ийм "амьд тэгээд гоо сайхан" мөнгийг хүнд алдах бүү хэл, үрнэ гэж бодоход ч бэрх. Үргэлж ялаад л байвал ийм төлбөрийн хэрэгслэл улам нэмэгдэнэ. Харин ялагдах юм бол энийгээ алдана. Үрсэн алдсан мөнгө мартагддаг, өөр мөнгө олчихоор сэтгэл ханадаг. Харин ийм гоо сайхан төлбөрийн хэрэгслэлийг алдах нь зүрх сэтгэлээ алдахтай дүйнэ. Ийм болохоор тал нутагт ялагдаж болохгүй, толгойгоо алдаж болно. Амьддаа ялагдан эмийгээ булаалгах нь шившиг, доромжлол. Нэлээд хожмыг хүртэл ахыгаа, эцгийгээ, дүүгээ бурхан болоход цусан төрлийн холбоогүй л бол эхнэрийг нь авч өөрийн болгодог байсан нь хадгаламжийг нь өвлөх хэлбэр байж. Он он улирсаар... Гэвч аливаа ялагдалд тэвчимгүй ханддаг омголон догшин цус нүүдэлчний үр удамд бургилсаар үлджээ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нэг нь давын өмнө өрсөлдсөн хэдийнхээ авгайг булааж аваад Их тэнгэр рүү арилж өгөхөө больсон ч гэсэн, тэндерт ялагдсан компани хамаг хөрөнгөө ялагчдаа хураалгахаа байсан ч гэсэн бидний цусан дахь холестрин... биш ээ нэг тийм үзүүлэлт хэвээрээ үлджээ. Ялагдлыг монгол хүн эхнэрээ булаалгасантай дүйх хорслоор хүлээн авдаг хэвээрээ байна.
Хүүхнээ алдахгүй ч ялагдаж болохгүй
Ийм нөхцөлд бодит байдлыг зөв үнэлдэг хүн ч ялагдлаа хүлээх хэцүү. Манай тамирчид нь гадаадаас "би ялагдсан" гэж ирснийг санаж байна уу? Шүүгчийн буруу, өрсөлдөгчийн луйвар гээд аль ч талаас нь харсан өөрөө өчүүхэн ч буруугүй нэг шалтаг бодоод олчихсон "Медалийн оосроос атгаад алдлаа" гэсээр ирдэг байж. Болж өгвөл медалийн оосор хэдийг олоод ирээрэй гэсэн аятай. Гэтэл манайх хоёр алт, хоёр мөнгөтэй ирсэн Бээжингийн олимпийн шүүгч нар л анх учирсан шударга шүүгч байсан уу гэвэл тийм биш. Сонгуульд "би ялагдчихлаа" гээд ирдэг нэр дэвшигч манайд байдаггүй. Мэдээж луйвар их л байгаа л даа. Гэхдээ өөрөө бол хамгийн сайн нь байсан, сонгогчид түүнд сайн байсан гэхдээ ямар нэг юм хөндлөнгөөс ороод ялагдаад ирлээ л гэдэг. Орчин нөхцөл хүнийг гарцаагүй ялагдлыг ч боловч өөрөөр тайлбарлаж арьсаа хамгаалахад хүргэдэг.
Сайхан үндсийг таслагч
Уул нь Монголд ялагдлыг хамгийн ухаалгаар хүлээн авдаг хүмүүс улс төрийн тавцан дээр ардчилсан хүчнийхэн байлаа. Тэд 1996 оныг эс тооцвол сүүлийн 18 жил тувт ялагдаж байгаа. Ялагдал бол тэдэнд сайн танил нь. Тэд л Монголын улс төрийн тавцанд эрүүл ялагдлыг бий болгох гэж жигтэйхэн их зүтгэсэн. Ардчилсан хүчин 1990, 1992. 2000 онуудад өөрснөө ялагдсан ч ялсан намд баяр хүргэдэг хүмүүс байлаа. Ухаандаа Бат -Үүлийг санаж байна. 2000 оны сонгуулиар цөөхөн саналаар илт луйвардуулан ялагдсан юм. Гэтэл "за за нам ялагдаад байхад, дээр нь "унасан бөхөд шалтаг мундахгүй" гэгчээр заргалдах нь муухай гэж нэрэлхээд больсон гэдэг.
Гэтэл ялалт ялагдлын нөгөө талд нь 70-80 жил ялагдаж байтугай өрсөлдөгчтэй байж үзээгүй МАХН сөрөн зогсож энэхүү эрүүл гайхамшигт эхлэлийг тасар татан хаясан билээ. 1996 онд ардчилсан ертөнцөд байж болдог ялагдлыг хамгийн аймшигтай хүндээр тусган авсан юм. Тэд бүх эхнэрээ Ардчилсан намыханд тушаан өгснөөс хэд дахин хүчтэй хорссон байлаа. Учир нь тэдний аппарат, итгэж үнэмшин дагалдагчид "Хөрөнгөтний үзэл суртал, үзэл суртлын алдаа" гэдэг хоосон дайсантай насаараа байлдсан. Тэгээд үргэлж ялж байгаа гээд итгэчихсэн фанатууд байлаа. Тэдний хувьд Монгол орон сайн сайхан байх нь чухал биш Хувьсгалт нам ялагдахгүй байх нь чухал байлаа. Яг эхнэрээ Мэргэдэд булаалгасан Тэмүүжин шиг ардчилсан хүчнийг хорлож болох бүхэнд "булган дах" өргөн хамссаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ үеийг хүртэл сонгуульд булхай луйвар гарах нь гардаг байсан байх. Гэхдээ одоогийнхтой харьцуулахад хүүхэд нохойн тоглоом байсан гэдэг.
Ингээд ямар ч үнээр хамаагүй МАХН-ыг ялуулах гэсэн санаагаа биелүүллээ. Тэд МАХН-ыг л ялуулах гэснээс биш Монголыг хөгжүүлэх гээгүй болохоор программ хөтөлбөр гэхээр ч юм байсангүй. Ингээд улам ялагдашгүй байхын тулд хязгааргүй эрхээрээ идэж ууж эхэлсэн дээ. МАХН сонгуульд ялсныхаа маргааш өглөө өнөө шударга царайлсан Бат-Үүлийг шоронд хийв дээ. Хүмүүс "Зоригийн хэрэг"-т орсон юм бодсон байх. Үнэн хэрэгтээ МАХН ялалтаа тэмдэглэж, кайф авч байсан л хэрэг шүү дээ. Дээр үеийнхээр бол ялсан баатар нь нөгөөхийнхөө эхнэрийг булаан авч байгаа хэрэг. Даанч XXI зуунд айлын авгайг булаан аваад намын даргадаа өгөх нь зохисгүй байсан, дээр нь боссынх нь авгай уурлахаас айсан зэргээс болоод шоронг сонгожээ гэж ойлгож болно. Бод доо, ардчилсан хүчний үед засгийн зардлаар Америкт сургуульд явсан цөөнгүй хүний тэтгэлгийг зогсоож сургуулиас нь хасуулсан байгаа юм даа, шаарнууд.
Чухам энэ үеэс л ямар үнээр ямар ч аргаар хамаагүй, МАХН ялагч байх учиртай болж, цаг үеийн шаардлагаар гэлээ гэдэг шиг сонгуулийн луйвар жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэн гэдэг. Бид нар мэдэж л байгаа шүү дээ. 2004 онд сонгуулийн шөнө Ардчилсан хүчин ялсан мэдээ гараад эхлэнгүүт л санал тоолохоо больчихсон шүү дээ. Гүтгэлээ гэхгүй байлгүй. Тэгээд таг байж байж гэнэт "МАХН ялсан" дүнг хармаанаасаа гаргаж ирэн зарласан даг. Энэ жил ч гэсэн санал шуурхай тоолсон газар нь Ардчилсан нам ялаад, удаан тоолохоор МАХН ялаад явчихав уу даа.
Шавийн эрдэм давах цаг
Монголын улс төрд ялагдсан намаа хэрхэн сарьсалж, авгайг нь булааснаас дутахгүй баалдгийг МАХН 2000-2004 онд заасан. Бас эрх барьсан намыг хэрхэн гацааж, үхдэл болгож болдгийг 1996-2004 онд сургасан. Энэ бүхний төлөө хэрхэн амь бие болон эх орныг үл хайрлан тэмцэхийн жишгийг эдгээр жилүүдэд үлгэрлэсэн. Өнөөдөр өөрийнхөө тарьсан үрийг өөрөө амсах нь их болжуу дээ. Сүүлийн хоёр ч удаагийн "МАХН-ын" хочтой Засгийн газрыг харахад. Заримдаа шавь нар нь багшдаа сүрхий мэх хийгээд байх болж. Ардчилсан хүчнийхэн ч гэсэн хүн, хүн хүндээ монгол хүн л юм болохоор дандаа л шударга царайлаад ялагдаад явчихгүй. Бар ирвэл барьцалдан тулагтун гэж өвөг дээдэс нь сургажээ. Тэд МАХН-ын давгүй суралцаад эхэлсний шинж, өнгөр бишгүй харагдах болж. Шавийн эрдэм багшаас давдаг нь ёс оо. Чухам энэ цагт манай оронд ялагч, ялалт хоёр оршин тогтнох аргагүй болно доо. Яана.
Төгсгөл:
Хавар өнөө Клинтоны хүүхэн сонгуулийн сунгаанд өрсөлдөж дуусаад бичсэн захиаг уншсанаа сананам. Ялагдаж сурах гэдэг нь ялалтаас олон хувь давуу эрдэм чадал нэхдэг зүйл аж. Бид яаж ийгээд, луйвар булхай хийгээд болов ялчихаж болоод байна. Бидний хэн ч ялагдаж сурахгүй болтой, сурч байсан нь хүртэл болиод явчихаж байна. Аргагүй юм даа. МАХН ялахаараа яадаг билээ?
Бямбажавын Цэнддоо
Мэдээллийн эх сурвалж: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136307&catid=2186
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment