Д.Арвин: Улстөрчид нь хүн алж болоод яадаг ч үгүй, харин жирийн иргэн шүүгддэг байж болохгүй
Нийтэлсэн: 2008-09-18 08:12:46 , Мэдээний дугаар: #1136300
УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцсанаа толилуулж байна. МАХН тэр чигээрээ С.Баярын дарангуйлалд автаж, үгийг нь чимээгүйхэн дагаж байгаа энэ үед түүнийг сөрж хатуу үг хэлж буй энэ улстөрч эмэгтэй УИХ-д гурав дахь удаагаа сонгогдоод байгаа билээ.
-Засгийн газрын бүтэц хэлэлцэж буй өдрүүдэд та бид хоёр ярилцаж байгаа болохоор энэ сэдвээр яриагаа эхэлье. Сайд болох сонирхолтой хүмүүст зориулж албан тушаал болон яамныхаа тоог нэмсэн бүтцийг өргөн барилаа. Та харин энэ талаар ямар бодолтой байна?
-Бид МАХН-ын XXV их хурал дээр С.Баярыг дэмжиж дарга болгохдоо намын шинэчлэлийг хийж, төрийн ажлыг идэвхжүүлж, төрийн нүсэр бүтцийг цомхотгон, найз нөхөд танил талын сүлбээг төрийн ажилтай хутгадаг, нэг хүн бүх албан тушаалыг хашдаг явдлыг таслан зогсоож, тийм хүмүүсээс намаа аварч улс орны амьдралыг өөд нь татаж ажиллана гэдэгт нь итгэж байлаа. Тиймээс ч бидний 13 хүн үүний төлөө С.Баярыг хүчтэй дэмжиж дарга болгосон. Гэвч өнөөдөр харамсч байна. Тэр бусдын л адил албан тушаалд дуртай хүмүүсийг сайд болгох гэж энэ жижигхэн улсдаа ахадсан бүтцийг бий болголоо. Уг нь гүйцэтгэх засаглал цомхон бөгөөд чадалтай ажиллах ёстой. Гэтэл бие биедээ тал засч тэргүүн Шадар сайд гэдэг албан тушаалыг зохиомлоор гаргаж ирлээ. Дахиад л улс орны хөрөнгө мөнгөөр тоглож эхлэх нь. Тэр утгаар би УИХ-ын гишүүнийхээ хувьд үгээ хэлсэн.
-Бүлгийнхээ хурал дээр үү?
-Ганцхан бүлгийн хурал ч биш анхнаасаа л би хамтарсан Засгийн газрыг байгуулах гэхэд нь эсэргүүцэж үгээ хэлж байсан. Бүлэг дээрээ ч хэлсэн. Сонгуулийн тухай хууль болон бусад хуульд "Олонхи болсон нь Засгийн газраа байгуулж ажиллана" гээд заасан байдаг. Гэтэл өнөөдөр хуулийг буруу тийш, өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж байна.
-Хамтарсан Засгийн газрыг байгуулахыг дэмжсэн танай намын Бага хурал өмнөх XXV Бага хурлаа бодвол ямар ч ардчилалгүй, нэг хүний дарангуйлалд хэтэрхий орсон, даган баяссан байдалтай болж өнгөрлөө. Та санал нийлэх үү?
-Тиймээ, санал нэг байна. Бага хурлын өмнөх өдөр "Хамтарсан Засгийн газрыг байгуулахыг дэмжиж болохгүй" гэж ярилцаж байсан гишүүд маргааш нь гараа ярсхийтэл өргөсөн нь нам дотоод ардчиллаа алдсаны тэмдэг. Манай Ц.Нямдорж дарга, Э.Мөнх-Очир гишүүн "Хэзээ ч хамтарсан Засгийн газар байж болохгүй" гээд л байсан чинь гэв гэнэт хувирчихсан шүү дээ. Намын анхан шатны байгууллагынхан ч тэгж л ярьж байснаа огт өөр санал өгсөн. Энэ бол намынхаа дүрэм журмыг зөрчиж, нөхдийнхөө хөдөлмөрийг үгүйсгэж, нэг хүнийг хэтэрхий тахин шүтсэн байдал үзүүлж бусдыгаа уруу татсан маш муухай үйлдэл болсон л доо. Үнэхээр харамсмаар шийдвэрийг Бага хурал гаргасан. Энэ намын төлөө олон жил зүтгэсэн бидний хувьд маш хүнд туссан. Одоо тэгээд юм л бол "намын Бага хурлын шийдвэр" гэсэн нэр бариад бүхэл бүтэн нэг салбарыг зохиомлоор бий болгож өөр намын хүнд бэлэглэж байгааг хараад тэвчихийн аргагүй байна.
-Бага хурал хуралдахын өглөө С.Баяр дарга Шадар сайд М.Энхболдтой хамт хөдөөнөөс ирсэн гишүүдээ хүлээн авч уулзаад хамтарсан Засгийн газрыг дэмжээрэй гэж хэлсэн гэсэн. Та энэ талаар юм сонссон уу?
-Тэгсэн гэсэн. Хамтарсан Засгийн газрыг байгуулж ажиллах нь зөв гэж гараа өргөөрэй энэ тэр гэж баахан юм ярьсан байна билээ. Манайхан чинь тэгээд даргаа хараад эргэчихдэг хачин улс юм. Бага хурал дээр үг хэлэх гэж байсан хүмүүс ч үгээ хэлэхээ больчихсон. Учир нь Удирдах зөвлөлийн гишүүд хүрээллээрээ нэлээд ажилласан байсан. Би хурлын төгсгөлд "Ийм улс төрийн байгууллага байх ч гэж дээ" гэж хэлсэн. Харамсалтай нь манай Бага хурал хаалттай болсон болохоор хэвлэл мэдээллийн сонорт хүрээгүй байх. Бас бүлгийнхээ хурал дээр ч энэ талаар ярьсан.
-Танай намын XXV бага хурлын дараа "МАХН шинэчлэгдэж эхэллээ" гэж ажиглагчид дүгнэж байлаа. Харин тэр шинэчлэл өнөөдөр яагаад алга болчихов оо?
-Манай намд үнэхээр боловсон хүчин алга. Бид С.Баяр даргыг оюунлаг, боловсролтой, нэр цэвэр хүн гэж итгээд намынхаа шинэчлэлийг улам цааш нь идэвхжүүлэх байх гэж бодсон. Гэтэл С.Баяр дарга намын дарга болонгуутаа шууд л маргаашнаас нь шинэчлэлийн төлөө явсан хүмүүсийг албан тушаалаар хахуульдаж амыг нь үдсэн. Бүр Улаанбаатар хотын сонгуулийн менежерээр хүртэл томилсон. Гэтэл хотын сонгуульд манай нам хэдэн хувиар ялагдав. Үнэн нүүр царай нь энэ л байна. Намд шинэчлэл хийгдэх нь байтугай бүр зогсчихлоо. Зүгээр л М.Энхболдыг С.Баяраар солих процесс л явагдаж. Бидний эхлүүлсэн тэр шинэчлэл ингээд амьсгал хураачихсанд миний хувьд харамсаад баршгүй юм боллоо. Нөгөө талаар манай намд одоо лидер алга. Сургаар л хэн нэгнийг сайн хүн гэж бодох худлаа юм байна. Хүний сайныг ханилан байж мэддэг юм байна шүү. Ард түмний төлөө хийж бүтээж байгаа юмаар нь л тухайн хүнийг үнэлэхээс сургаар үнэлж болохгүй гэдгийг харуулах шиг боллоо.
-МАХН лидергүй болчихлоо гэж үү?
-Тиймээ, лидергүй байна.
-Тэгэхээр Баярыг дэмжиж намын дарга, Ерөнхий сайд болгосон нь алдаа байжээ гэж ойлгож болох уу?
-Болно. Баярыг намын дарга болгосон нь алдаа байж. Учир нь тэр хүн улс төрийг завхруулж байна. Бүр бантан болгоод хаячихлаа. Өмнөх дөрвөн жилд манай нам Ардчилсан нам болон бусад жижиг намуудтай эвсч ажиллаж үзсэн. Харин ард түмэн энэ удаа биднийг дангаараа төр барь гээд 45 суудал өгсөн байхад ялагдсан намтай эвсэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Ард түмний сонголтыг ингэж дураараа өөрчилж болохгүй биз дээ. Намын нөхдийнхөө урмыг хугалж, хуулиа зөрчиж, парламентат ёсноосоо ухарч ийм шийдвэр гаргасан. Манай намынхан ч түүнийг нь сайн дураараа дэмжээгүй. Намын дарга тулгаж байж ийм шийдвэр гаргуулсан шүү дээ. Эв нэгдлийг хүссэндээ эвслийн Засгийн газрыг байгуулах гээгүй гэдэг нь одоо харагдаж эхэллээ. Дандаа л албан тушаалын төлөө үхэлдэж байсан, эрх мэдлийн төлөө хэнтэй ч хамаагүй холбогддог, нэр хүнд муутай тийм нөхдийг сайд болгохоор ил далд ярьж эхлээд байна. Ардчилсан намд сайн сайхан шударга хүмүүс олон бий. Гэтэл өнөөдөр С.Баярыг хэн хүрээлж байна. Дандаа л нэр муу, албан тушаалын бялууг хүртээд үзчихсэн тийм л хүмүүс түүнийг даган дуурайж байгаа биз дээ.
-Албан тушаалын амтыг амтлаад салж чадахаа байчихсан хүмүүс тийм үү?
-Тиймээ. Амтыг нь аваад салахаа байчихсан хэсэг хүмүүс бий. Тэд л С.Баярыг хөөрөгдөж түүнтэй нөхөрлөж байна. Бүр Монгол Улсын хуулийг засч байсан, газрын наймаачингаараа дуудуулаад албан тушаалаасаа огцорч байсан хүмүүс ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ бол дэндүү шударга бус. Манай нам тэр хүмүүсийг ажиллуулж үзсэн. Хотын дарга болгосон. Гэтэл хот ямар байна. Хог шороондоо баригдчихсан, танил тал нь бүх газрыг нь хуваагаад авчихсан л байгаа. Бас нэгийг нь УИХ-ын дарга болгож үзсэн. Хууль засаад намын нэр хөөдөөд огцорч л байсан. Тэгэхээр бид энэ удаа бас л тэднийг сайд болгохын төлөө сонгогдож ирсэн хэрэг үү. Үгүй. Ийм хүмүүсээр хүрээллээ бэхжүүлнэ гэдэг бол С.Баяр даргыг хэн болохыг харуулж л байгаа байхгүй юу.
-Хүнийг ханилж байгаа нөхдөөр нь дүгнэ гэж айхтар үг бий...
-Тиймээ, тэр үнэн үг. Бид энэ талаар ярилцаж байгаа. Манай намд алсаа хардаг, шударга хүмүүс олон бий. Бас Ардчилсан намд ийм хүмүүс байна. Тэд ч бас энэ тухай ярьж эхэллээ шүү дээ. Боловсон хүчний өндөр шалгуураар сайд нарыг тавьж, Засгийн газрын бүтцийг багасгах ёстой. Гэтэл энэ бүхнийг хийхгүй байна. Саяхан хамтарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлыг намын бүлгийн хурал дээр танилцуулсан. Ерөөсөө л манай намын мөрийн хөтөлбөр тэр чигээрээ байна билээ. Тэгээд би Энхболд гишүүнээс "Ардчилсан нам, МАХН-ын Засгийн газрын хамтарсан мөрийн хөтөлбөр нь хаана байгаа юм бэ" гэж асуусан. Хариулах дургүй байна билээ. Манай намын мөрийн хөтөлбөр л биелэгдэж байвал бусад ямар хамаатай юм бэ гэсэн маягтай юм хэлж байгаа байхгүй юу. Зөвхөн албан тушаалын төлөө тэд нэгдэж байгаа нь энэ.
-Жирийн гишүүдээс чинь санал хүсэлт ирж байна уу?
-Ер нь намын гишүүд бүгдээрээ л шокийн байдалд байсан. Юу гэхээ мэдэхгүй алмайрчихсан байгаа нь үнэн. Бүлгийн хурал дээр "Парламентын нам гэдэг нэг суудал ч болтугай авч ялахын төлөө байж ялсан нь төрийн эрхээ барьж намынхаа бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Гэтэл та юу хийх гээд байна вэ" гэж би асуусан чинь Лүндээжанцан дарга "Арвин аа, наад асуудал чинь одоо өнгөрсөөн. Би яг чам шиг ингэж Удирдах зөвлөлийн хурал дээр үг хэлсэн чинь хүлээж аваагүй" гэж хэлж байгаа юм. Хэрвээ ингэж хамтарч Засгийн эрхийг барих байсан юм бол яах гэж биднийг өдөр шөнөгүй зүтгүүлэн байж суудал авахуулсан бэ, тийм үү. Тийм болохоор С.Баяр намын даргынхаа хувьд намынхаа үзэл баримтлалаас урвасан.
-Таны тэр асуултад хариулаагүй юм уу?
-Баяр дарга яг Ардчилсан намын дарга шиг байгаа юм чинь. Ардчилсан нам бол ийм тийм нам, тийм тийм сайн юм хийж байсан, цаашид хийнэ гээд яг л Ардчилсан намын дарга.
-Энэ янзаараа бол танай нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулах боломж бий юу?
-Их л хэцүү дээ. Маш хүнд байдалд орох байх. Гэхдээ харж л байя.
-Долдугаар сарын 1-нд болсон үймээний улс төрийн хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэндээ хамтарсан Засгийн газар байгуулах гэж байна гэсэн "онош" тавиад байгаа л даа. Та харин юу гэмээр байна вэ?
-Тэр өдөр маш аймшигтай, балмад үйл явдал болсон. Тавын таван хүн амь насаа алдсан. Нэг намын байр, Уран зургийн галлерей шатсан. Үүнд хэн буруутай нь тодроогүй байгаа. Ийм явдлыг дахин гаргуулахгүйн тулд таслан зогсоох ёстой. Хүний амь үрэгдсэн учраас маш онцгойлон анхаарах ёстой гэж үзэж байгаа. Хэдийгээр хуулийн байгууллага шалгаж тогтоох хэдий ч улс төрийн хариуцлагыг заавал хүлээх учиртай. Буруу нь энэ хоёр намаас хаашаа ч зайлахгүй. Тиймээс хариуцлага заавал үүрэх ёстой. Энэ хариуцлагаас мултрахын тулд хамтарсан Засгийн газар байгуулж булхайгаа дарах гэж байгаа байхгүй юу. Ардчилсан нам ердөө л сарын өмнө Баяр даргыг огцруулах гээд асуудал тавьж байсан атлаа өнөөдөр хамтарч Засгийн эрх барих гээд сууж байна. Энэ дэндүү шударга бус. Хэн буруутай нь мэдэгдэхгүй байгаа энэ үед хоёр нам нэгдэнэ гэдэг хэргийг улам л бүдгэрүүлнэ. Хэрвээ тийм бол энэ улсад шүүх, цагдаа, хууль гэж байхын хэрэг юун. Тэр "Ганц худаг"-т байгаа хүмүүсийг бүгдийг нь суллах хэрэгтэй. Улстөрчид нь хүн алж болоод яадаг ч үгүй, харин жирийн иргэн шүүхийн өмнө шүүгддэг байж болохгүй шүү дээ. Хэрвээ энэ удаа л тэр үймээний эздийг олж хариуцлага тооцож, улстөрчид нь ч улс төрийн хариуцлага үүрэхгүй бол 2012 онд Монгол Улсаа тэр чигээр нь шатаах хэрэг үү. Тэгэхээр энэ удаа үүрэх хариуцлагаас их юм шалтгаална. Энэ хоёр нам тэр хэрэгт яах аргагүй холбоотой. Ийм үед энэ хоёр нам нэгдэх юм бол хариуцлага тооцож чадахгүй. Тиймээс л би маш их харамсч үзэл бодлоо илэрхийлж байна.
-Хэрвээ хуулийн байгууллага танай намыг буруутгавал хариуцлагаа хүлээж чадах уу?
-Хүлээх ёстой. Аль нам нь хамаагүй, хариуцлага л хүлээх ёстой. Харин хэргийн эзэд нэгдэж байгаа бол хариуцлага гэж юм байхгүй болно л доо.
-Та Баяр даргыг ийм айхтар шүүмжилж байгаа атлаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр түүнийг дахин Ерөнхий сайд болоход дэмжсэн шүү дээ. Яагаад тэгсэн юм бэ?
-Намын дүрмээ хүндэтгэсэн. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга Ерөнхий сайд болно гэсэн заалт бий. Тийм учраас дэмжсэн. Бас юм арай болоогүй байна. Засгийн газар бүрэлдээгүй байна. Баяр дарга алдаагаа залруулж дангаараа Засгийн эрхийг барьж болно шүү дээ. Хэрвээ галт тэрэг хөдөлчихлөө гэж бодоход зөв хүмүүстэй хамтарч Засгийн газраа байгуулж бас болно. Намууд нэгдэж ажиллаж болно. Гагцхүү боловсролтой, зөв хүмүүсийг олж ажиллуулах л хэрэгтэй.
-Танай нам Энхболдын Засгийн газартай хариуцлага тооцоод ээлжит бус хурлаа зарлан байж огцруулж байсан. Тэгэхээр Баярыг энэ мэт байх юм бол бас огцруулчихаж чадна биз.
-Үүнийг намын гишүүд л шийднэ. Би яг одоогоор хэлж мэдэхгүй байна.
-Таныг үе, үе хатуу үг хэлчихдэг болохоор хүмүүсийн дунд энэ удаа хүлээлт үүссэн байх. Тэгээд "Арвин хамтарсан Засгийн газарт сайд болох гээд үгээ хэлэхгүй байна" гэсэн таамаг бий болоод байгаа...
-Энэ талаар надад хэлэх үг бий. УИХ-д удаа дараа сонгогдож улстөрчийнхөө хувьд аль нэг салбарыг аваад явж чадахаар потенциал хуримтлуулж чадсан. УИХ-ын гишүүдээс сайд сонгох үед би сайд болох боломжтой. Хугацаа нь ч болсон. Гэхдээ би албан тушаалын төлөө ард түмнийхээ, сонгогчдынхоо итгэл найдварыг уландаа гишгэж чадахгүй. Надад сайд болох боломж байсан. Гэвч би болоогүй. Тиймээс намайг албан тушаалаар худалдагдах вий гэж хардах хэрэггүй. Тухай бүрт нь би үгээ хэлж л байсан. Цаашид ч хэлнэ.
-Ерөнхий сайд Баяр саяхан "Дөчин мянгатын атаманууд" гэх гэмт хэрэгтэн, халаасны хулгайч, дээрэмчдийн тухай номонд өмнөх үг бичсэн байна билээ. Ямар сонсогдож байна?
-Ойлгохгүй байна. Юун дөчин мянгатын атаманууд вэ. Дөчин мянгат гэж социализмын үед манай улсын хамгийн ялзарсан газар байсан биз дээ. Ардын хүүхдүүдийг ялгаварлан гадуурхдаг, хүнд сурталтнууд амьдардаг тийм л газар байсан шүү дээ. Тэндээс л манай нийгмийн завхрал бий болж байсан. Чадалтай, шударга боловсон хүчнүүдийг хэлмэгдүүлж, хөдөө цөлдөг байсан эрх мэдэлтнүүд тэнд амьдардаг, тэнд бүгдэг байсан. Харин тэд одоо устаж үгүй болж цаг сайхан болсон.
Одоо бол ардчилсан нийгмийн үед сайхан сайхан шинэ хорооллууд босч тийм муухай газар байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр юун дөчин мянгат вэ.
Л.Мөнхбаясгалан
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1136300&mode=thread&order=0&thold=0
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment