Уул уурхайн салбарт хямрал нүүрлэж эхэллээ
(2008-09-03)
“Уолл стрит жорнал Ази” сэтгүүлд наймдугаар сарын 25-нд Патрик Бартагийн бичсэн нийтлэлийг хөрвүүлэв.
Бангкок. Металлын үнийн тогтворгүй байдал хийгээд өндөр зардал уул уурхайн салбарт шинэ гацаа үүсгэж эхэлжээ. Учир нь нэгэнт шинэ төслүүдэд зарцуулж буй олон тэрбум ам.долларыг эргүүлэн олоход нэлээдгүй олон жил шаардагдах нь тодорхой. Олон жилийн туршид “БиЭйчПи Биллитон” компани дэлхийн томоохон уурхайнуудын нэг болох Австралийн “Рейвенсторп” мөнгөний машин болно хэмээн хувьцаа эзэмшигчиддээ итгүүлсэн билээ.
Гэтэл одоо олон улсын уул уурхайн компани саяхнаас ашигтай ажиллаж эхлээд байгаа “Рейвенсторп”-ыг ашиггүй хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны дунд үеэс никелийн үнэ 60 орчим хувиар буурч буйн зэрэгцээ уул уурхайн зардал огцом өссөөр байгаа үед зарим шинжээч “Рейвенсторп” уурхайгаас ашиг олж болно гэдэгт эргэлзэж эхэлжээ. Энэ явдал зөвхөн “Би Эйч Пи Биллитон”-д тохиолдож байгаа явдал биш. Олон газарт ашиггүй уурхайнууд хаагдсаар байгаа нь энэ салбарын хувьд гэнэтийн цохилт болоод байна.
Түүнчлэн өнгөрсөн пүрэв гаригт дахиад нэг муу мэдээ дуулдав. Дэлхийн цайрын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Австралийн “ОЗ Минералс” компани энэ жилийн эхний хагаст 2006 онд нэг метр тонн нь 1800 ам.долларт хүрч байсан цайрын үнэ 60 орчим хувиар буурснаас бизнес нь алдагдалд ороод байгаа талаар мэдээлжээ.
Австралийн бас нэг компани “Периля” өнгөрсөн долоо хоногт цайрын үйлдвэрлэлээ нэг дахин бууруулж, 760 ажиллагсдынхаа тэн хагасыг цомхотгохоор болсноо мэдэгдсэн байна.
Дэлхийн зах зээл дээрх ханшийн уналт Канадад бас муугаар нөлөөлж эхэллээ. Канадын “Тек Коминко” болон Англи-Швейцарын хамтарсан “Экстрата” компани зах зээл дээрх үнэ ашиг авчрахгүй байгаа учраас Австралид хамтран эзэмшдэг цайр, хар тугалганы уурхайгаа төлөвлөсөн хугацаанаас нь өмнө хаахаар шийдвэрлэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт “Экстрата” дахин нэг мэдэгдэл хийж Доминикан улсад ажилладаг никелийн төслөө дөрвөөс доошгүй сарын хугацаанд түр зогсоохоор болсноо зарлажээ.
Ийнхүү металлын үнэ буурч, зардал өсч байгаатай холбогдуулан наад зах нь уул уурхайн гурван компани олборлолтоо зогсоох, уурхайгаа түр хугацаагаар хааснаа албан ёсоор мэдэгдээд байгаа юм. Шинжээчид ийм шийдвэр гаргах уурхайн тоо цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэхүү үйл явдал дэлхийн уул уурхайн салбарыг огцом өөрчлөх бололтой.
Хэдхэн жилийн өмнө эрэлт огцом нэмэгдэж, нийлүүлэлт бага байхад шинэ төсөл бүр анхаарал татаж байсан юм. Тэр үеэс хойш зардал огцом нэмэгдэж эрэлт аажмаар буурав. Шинжээчдийн ярьж байгаагаар үүний үр дүнд металлын эрэлт өндөр хэвээр байх хэдий ч шинээр эхэлж байгаа зардал өндөртэй уурхайнууд өртгөө нөхөх гэж нэлээд чармайх нь тодорхой.
Австралийн “Фортис Инвестментс” компанийн менежер Нейл Бойд-Кларк “Дэлхий даяараа ашигт малтмалын дутагдалд ороод байгаа энэ үед зарим уурхай ажиллахгүй байгаа нь хачирхалтай санагдаж магадгүй. Гэвч одоо цаг хугацаа урьдынхаас хэцүү болоод байна” хэмээн ярьжээ.
Азгүй явдал олон улсын металлын зах зээл дээрх эрэлт буусан гэсэн үг биш. Харин ч эсрэгээрээ байна.
Ихэнх металлын үнэ хэдэн жилийн өмнөхөөсөө хавьгүй өндөр байгаагийн дээр ихэнх уурхай ашигтай ажиллаж буй. Гэхдээ энэ нь төмрийн хүдрийн уурхайнуудад хамааралтай. Энэ жилд гэхэд төмрийн хүдэр олборлох гэрээний үнэ 85 хувиар нэмэгдсэн байна. Төмрийн хүдрийн томоохон нөөцтэй “БиЭйчПи” саяхан жилийн орлого нь 15,4 тэрбум ам.долларт хүрсэн тухай мэдээлсэн юм. Хятадын болон бусад зах зээлийн металлын эрэлт ойрын жилүүдэд нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
Үүнээс гадна зарим шинжээч саяхан хаагдсан уурхайнуудыг урт хугацаанд металлын үнийг тогтвортой барихад нөлөөлнө гэж үзсэн байна. Мөн дээрх шийдвэр нь өнгөрсөн үеийн үнийн өсөлтөөс илүү санхүүгийн журмыг тогтоосонтой холбоотой хэмээн үзэж байгаа аж. Угаасаа уурхайчид үйлдвэрлэлээ багасгаж үнийг өсгөдөг билээ. Гэхдээ уул уурхайн эдийн засаг сүүлийн хэдэн жилийн дотор огцом өөрчлөгдсөн. Үүнээс болж өнгөрсөн үйл явдлыг эргүүлэн гольдрилд нь оруулж чадахгүй. Уурхайн том машинууд болон бусад тоног төхөөрөмжийг ажиллуулах газрын тосны үнэ тэнгэрт хадсаны зэрэгцээ ган болоод барилгын бусад материалын үнэ өссөөр байна.
Металлын үнэ өсөхөд хэрэглэгчид түүхий эд орлуулах материалыг ашиглах зэргээр хэрэглээгээ бууруулж байгаа нь уурхайчдад бас нэгэн асуудал үүсгээд байгаа юм. Барилгачид зэсэн хоолойны оронд хуванцар ашиглаж, зэвэрдэггүй ган үйлдвэрлэгчид агуулга багатай эрдсийн хүдрээс гаргаж авсан никель төмрийг илүүд үзэх болжээ. “Үүний дүнд ихэнх төслүүдийн никель үйлдвэрлэлийн өртгөөс бага үнэтэй” байна гэж Лондон дахь UBS-ийн металлын шинжээч Жон Рид хэллээ.
Хэдийгээр “Рейвенсторп” компани нь “БиЭйчПи”-гийн бизнесийн өчүүхэн хэсэг боловч энэ төсөл хаагдах өндөр магадлалтай байгаа юм. “БиЭйчПи”-гийн менежерүүд Австралийн баруун өмнөд хэсэгт орших уурхайн уг төслийг 2004 онд зарлаж байсан билээ. Компанийн төлөөлөгч тухайн үед “Зардал багатай уул уурхайн төсөл” хэмээн нэрлэж байв. Түүнчлэн дэлхийн ижил төстэй никелийн төслүүдээс “эрсдэлээ хамгийн сайн үүрэх” төсөл гэж мэдэгдэж байсан. Төслийн төлөвлөгдсөн өртөг 1,4 тэрбум ам.доллар байжээ.
Энэ уурхайн боловсруулалтын процесс нэлээд хүнд байсан учраас зарим хөрөнгө оруулагч асуудал дэвшүүлж байжээ. 2006 оны эцсээр “БиЭйчПи” “Рейвенсторп”-ын төсвийг түүхий эд, хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй уялдуулан 2.2 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд төсөл нь “эерэг үр дүн өгөх сайн төсөл” хэмээн онцолж байв. Түүнээс хойш удалгүй никелийн үнэ урд хожид байгаагүйгээр огцом өсч нэг фунт нь 20 гаруй ам.долларт хүрсэн юм.
“Рейвенсторп”-ын үйлдвэрлэл 2007 оны эцсээр эхэлж 2010 он гэхэд бүрэн хүчин чадлаар ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байсан аж. Гэтэл 2008 оны эхээр никелийн үнэ унаж, өдгөө нэг фунт нь 12 ам.доллар болоод байна. Лав өнгөрсөн баасан гаригт Лондонд никелийн гурван сарын гэрээний хаалтын ханш нэг фунт нь 9.50 ам.доллар байжээ.
Энэ төсөл одоогоор ашгаа олж эхлээгүй гэж төлөөлөгч нь мэдэгдсэн хэдий ч компани болоод салбарын зарим шинжээч өртгөө нөхсөний дараа ашигтай болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тус компанийн санхүүгийн захирал Алекс Ванселоу уг төслийг үргэлжүүлэхийн тулд никелийн үнэ нэг фунт нь 5-8 ам.доллар байхад хангалттай хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч дэлхийн зах зээл дээр никелийн үнэ тасралгүй буурсаар байна.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31054
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment