Лоренс Жеймс: Хөрөнгө оруулагчдыг Засгийн газар, банкуудтай холбож өгнө
Ж.МӨНХЗУЛ (2008-09-10)
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Хөрөнгө оруулагчдын гуравдугаар чуулган Төрийн ордонд өнөөдөр, маргааш болж байна. Олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцох дээрх арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол ньюс” группийн “The UB post”, “Өнөөдөр” сонин ажиллаж буй юм.
Өнгөрсөн онд Монголын ДНБ-ийн өсөлт 8,7 хувьд хүрсэн нь хямралтай буй дэлхийн эдийн засгийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм. “Euromoney” байгууллагаас зохион байгуулах энэхүү чуулга уулзалтад Засгийн газрын бодлого тодорхойлогчид, олон улсын хөрөнгө оруулагчид болон бусад байгууллагаас бүрдсэн 500-гаад төлөөлөгч оролцож, Монгол Улсын ямар салбарт хөрөнгө оруулах нь оновчтойг хэлэлцэх юм.
Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
* Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн эерэг өсөлт бүрдүүлэхийн тулд ямар шинэчлэлт хийх шаардлагатай
* Чадавхи сайтай эдийн засгийг бий болгоход бондын зах зээл хэрхэн нөлөөлөх
* Ямар төсөл хэрэгжүүлбэл дэд бүтцийн салбарт хэрэгтэй
* Түлш эрчим хүчний салбарын шинэ бүтэц, тарифын өөрчлөлт эрчим хүч нийлүүлэх болон дамжуулахад хэрхэн нөлөөлөх
* Хятадын өсөн нэмэгдэж буй газрын баялгийн эрэлт хэрэгцээнд ашигт малтмалын компаниуд хэрхэн хандаж байна
* Байгаль орчны концерниуд тус салбарын хөгжилд ямар нөлөө үзүүлэх
Зохион байгуулагчдын хэлж буйгаар чуулганаар санхүү, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, макро эдийн засгийн салбарын талаар түлхүү судлан, санал солилцох юм байна.
Мөн Монголын эдийн засгийн дэлхийн хэмжээн дэх байр суурь, манай улсын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвийг тодорхойлох юм. Уулзалтын гол зорилго эрх баригч, бизнес эрхлэгчид санаа бодлоо солилцож, түнш бололцоход оршино.
Хөрөнгө оруулалтын гуравдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж буй “Euromoney”-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Лоренс Жеймстэй ярилцлаа.
-Энэ чуулганы гол зорилго юу вэ?
-Бид өмнөх жилүүдэд Нью Йорк, Лондонд болж байсан хурлын жишгээр гадаад, дотоодын олон зуун хөрөнгө оруулагчид боломж олгож, Засгийн газар, банкуудтай холбож өгөх болно. Мөн хөрөнгө оруулах олон арга зам зааж өгнө.
-Уул уурхайн олборлолтын салбарт маргаантай асуудал цөөнгүй байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна?
-Ард түмэн болон Засгийн газар ашигт малтмалаа зохистой ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа эсэх нь ашигт малтмалын хуулиар тодорхойлогдоно. Жишээ нь Монгол Улсын хамгийн том хоёр уурхай болох Тавантолгой, Оюутолгойн хууль маш удаан батлагдаж байна. Ийм байж яаж хөрөнгө оруулалт олох билээ. Гэхдээ би энэ асуудлыг удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байгаа.
Оюутолгойн “Рио Тинто” төсөл гэхэд одоо дахин шалгалтад орохоор хүлээгдэж байна. Саяны сонгуулиар дийлэнх болсон МАХН Засгийн газраа хурдан байгуулж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгвэл хөрөнгө оруулагчдын айдсыг дарна.
-Засгийн газар стратегийн орд газруудын баялгийн 34- 51 хувийг эзэмших хүсэлтэй. Энэ талаар таны бодол?
-Эхлээд тодорхой, ойлгомжтой хууль дүрэм баталж байж хөрөнгө оруулагчдыг татна шүү дээ. Жишээ нь МАХН-ын сонгуулийн ялалт “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны үнэ өсөхөд нөлөөлсөн. Зарим хүмүүс Оюутолгойн хөгжил Монгол Улсын ДНБ-ийг гурав дахин өсгөнө гэж үзэж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, эдийн засгийн өсөлт авчирна.
-Төрийн эзэмшилд байх нь буруу юм бол өөр ямар арга зам байж болох вэ?
-Оролцогч бүх талуудын дунд, ашигт малтмалын компаниуд болон Засгийн газар хооронд нээлттэй, ойлгомжтой хэлэлцээр байгуулах нь чухал. “Euromoney” чуулга уулзалтын зорилго ийм нөхцөл бүрдүүлэхэд оршино.
-Манайхны цөөнгүй нь гадаадынхан Монголын баялгийг цөлмөж байна гэж сэтгэл зовниж байгаа.
Гадны компаниуд энэ улсад хөрөнгө оруулан, ашиг олж байгаа ч өөр өнцгөөс нь харвал танай ард түмэнд боломж олдож, ажлын байр нэмэгдэж байгаа юм. Монгол бол цөөн хүн амтай улс. Иймээс зөв зохицуулалт хийж чадвал та бүхэнд маш их боломж байгаа. Энэ нь алс ирээдүйд зөвхөн Монголын ард түмэнд л тустай.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment