Горьдогсод буюу сонгууль


Горьдогсод буюу сонгууль

2012 оны 6 дугаар сарын 30. 11 цаг 42 минут
Ашгүй, сонгууль гэдэг юм нь өнгөрөв бололтой. Гол нь нийгэм бүхлээрээ солиорчихсон юм шиг хоёр сар өнгөрлөө байна. Хаа сайгүй эрүүл ухаанаа алдаж, халуурсан, улайрсан хүмүүс: хөгшин хөвөөгүй, ухаантай ухаангүй, боловсролтой боловсролгүй, эр эмгүй л талцаж туйлширдаг хачин хүмүүс байна шүү, монголчууд бид чинь. Бүгд л таны санал таны амьдралд нөлөөлнө гэсэн худал үгэнд итгэчихсэн.

Либертари үзлийн үүднээс “Сонгууль гэдэг бол бусдын хөлс хүчээр амьдрахыг хүсэж буй хүмүүсийн төлөө саналаа өгч буй хэрэг шүү дээ”. Үнэндээ сонгууль гэдэг бол хэн нэг нэр дэвшигч бидэнд хандаж “Та нарын мөнгөөр дөрвөн жил амьдрая” гэж санал тавихад нь бид “Тэгээч” гээд саналаа өгч байгаагаас өөрцгүй зүйл.

Сонгуулийн компанит ажлын үеэр нэр дэвшигчид, кампанит ажилд оролцогсод, улстөрчид, мэргэч төлөгчид, олон түмний ааль араншинг зориуд ажиглахад хөгийн дүр зураг харагдлаа. Сонгуулиар олон ч хүний аутентик дүр төрх харагддаг юм байна. БӨӨН ГОРЬДОГСОД. Бүгд л ямар нэг юм (албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгө, томоохон хүний өмөг түшиг) горьдсон улсууд. 

Хамгийн том горьдогсод. Мэдээж, УИХ-ын гишүүн болохыг горьдогсод. Тэд Монголд байдаг хамгийн их цалин хангамжтай атлаа огт юм хийдэггүй, тэгээд бас хариуцлага гэдэг юмнаас ангид байдаг байгууллагад орж аваад зүгээр сууж байхыг горьддог. Ард түмний мөнгөөр гадаад дотоодод аялж, хийсэн юмгүй сууж, эсвэл яг хийх ёстой ажлаа хийж хууль санаачилсаны төлөө хэдэн арван саяар нь хармаалж суухыг горьдогсод. Эд өөр бусад юм ч горилж байдаг. Албан тушаалын наймаа хийж, хээл хахууль авч байхыг горьддог. Эдний дунд буй хамгийн олиггүй горилогсод бол улс төрөөр дамжин сэжиглэгдээд буй гэмт хэргээсээ мултрахыг горьдогчид юм.  

Сонгуулийн кампанийн үеэр эднийг дагаж давхигч, нам дагаж намирагсад. Гэртээ суугаад үр хүүхэддээ нэг тоо бодуулж, гадаад үг цээжлүүлж, гэр орноо цэвэрлэж, хоол хийхэд нь эхнэртээ тусалж байхын оронд суртачилгааг нь барьж гүйж байгаад сүүлд нь бас нэг хурган даргын албан тушаалд очихыг горьдогсод.
Хачин олиггүй юм горьдож байдаг хүмүүс байдаг шиг байна. Өөрт нь таалагдсан бол ямар ч гавъяагүй хүнийг шагнаж, өөрт нь таалагдаагүй бол ямар ч гэмгүй хүнийг яллаж, хүний хувь заяаг гартаа атгаж суугаад зогсохгүй, улсын бүх яам, тамгын газар, шүүх, цагдаа, тагнуул гээд байгууллагууд өөрийнх нь төлөө л ажиллаж байх ёстой мэтээр горьдогч ч байдаг бололтой.  

Бизнесмэнүүд гээд бас нэг бөөн горьдогсод байна. Аль нэг нам, улс төрийн хүчинд тал засаж баахан мөнгө хаясан хүмүүс. Тэгээд нөгөөдөхөө гарахаар төрийн протекционизмд (ивээлд) орж авахыг горьдогсод. Нөгөө мөнгө хаясан хүмүүс болон улс төрийн хүчнээр дамжуулж хамгийн ашигтай тэндэр болон төслийг олж авдаг юм гэсэн. Зарим авхаалжтай бизнесмэнүүд бүр олон нам, хөдөлгөөн, нэр дэвшигчид зэрэг зэрэг мөнгө хаяж горьддог юм гэсэн.

Сонгогчид гээд горьдогсод байна. Европчууд болоод америкчуудын тал хувь нь яагаад тал хувь нь сонгуульд оролцдоггүй юм бэ? Цаадуул чинь хэнээс ч, хэзээ ч юм горьдоггүйн шинж. Сонгуулиас нэг их юм хүлээгээд байдаггүй юм билээ. Бид болохоор төрд сайн сайхан хүмүүс гарахаар амьдралыг маань дээшлүүлчихнэ гэж горьдоод байгаа юм. Маш том эндүүрэл. Иргэд ээ, та нар өөрсддөө л итгэх ёстой, улс төрчид хэчнээн сайн сайхан ярьж байна, төдий чинээ худал. Ямар ч сайн сайхан үг ярьсан улс төрчдөд бүү итгэ. Цаадуул чинь дандаа гох дэгээ тавина, тэгэхээр өөртөө л итгэ. Өөрөөсөө болоод алдсан ч яадаг юм. Ямар улс төрчид шиг худлаа хэлж баахан алдаа гаргаад тэр нь олон түмний нуруун бөөн дарам болж буух юм биш.  Миний алдаа надад л хор хохирол учруулна, өөр хэнд ч биш. Тиймээс бид өөрөөсөө болсон алдаанд гоморхоод байдаггүй. Либертари үзэлтэн бидний хувьд амжилт төдийгүй алдаа маань хүртэл аугаа том багш!!! 

Телевиз, радио, сонин сэтгүүл, вэбсайтууд гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон тэдгээрт ажиллагсад гээд бас л баахан горьдогсод. Тал засч баахан худлаа үнэн юм бичээд ... Бас л нэг юм сүүлд нь горьдоно.

Сонгогчид оо, та нар сонгосон хүмүүсээ одоо хараарай. Сонгуулийн компанит ажлынхаа үеэр таны гутлыг тосолж, гэрийн тань шалыг угааж өгөхөөс буцахгүй байсан тэр хүмүүс одоо таныг өрөөсөн нүдээрээ харахгүй. За тэр тоохгүй байх ч яахав, түүгээр үл барам таны мөнгөөр жинхэнэ туйлж өгнө дөө.

Ер нь энэ бүх горьдогсодыг дотор нь ангилан тус бүрд нь анализ хийгээд задлан бичвэл сонирхолтой л өгүүлэл болох байх. Гэвч заримдаа хүмүүсийг хараад цаг зав, үгээ хэмнэмээр санагдах юм.

Мөнгөтэй нь улам их мөнгөтэй, эрх мэдэлтэй нь улам их эрх мэдэлтэй болох гэсэн бодгалиудын уралдаан (тэмцэл гэх нь дээр байх) дууслаа. Одоо ингээд бүгд ажил төрлөө бодоцгооё. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал үнэн магтаал, хараал сонссоор залхлаа. Одоо нэг үнэнд ойр зүйл үзэх байгаа даа.

Ямар ч байсан горьдогсодын сезон өнгөрлөө байна. Хүмүүс нэг их горьддог дараагийн сезон эхлэтэл дөрвөн жилийн “зай ч байна, ЛАЙ ч байна”. 

Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН

No comments: