Ерөнхийлөгч Н.Энхбаяр сөрөг хүчин болохоо зарлалаа


Sunday, October 05 @ 22:49:54 GMT+8

Манай улсын төр засгийн өндөрлөгүүдийн хэлсэн үгийг нийгэм огтхон ч шүүмжлэн хэлэл­цэхгүй юм. Уул нь эрүүл саруул нийгэмд удирдагч­дын­хаа хэлсэн үгийг л муулж сайшаан шуугиж байдаг сан. Энэ нь ч манай удирдагчид нонж дорой үг хэлж байдгаас улбаатай юм болов уу даа. Тэд хэзээ, хаана биелэгдэх нь тодорхойгүй, юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй үг мөн ч их уншицгаах юм. Харин Ерөн­хийлөгч асан Н.Бага­банди засаглалынхаа сүү­лийн жилүүдэд гүн утга са­наатай үг хэлдэг болсон сон. Түүний хэлсэн үг ард түмний хэлэлцдэг "Үгэн до­тор үг, үхэр дотор гиваан" гэгчээр ямар нэг санаа зорилго агуулсан байдаг. Гэвч төр засгийн удир­дагч­дын хэлсэн зарим үгийг ний­гэмд мэд­рүүлэхгүй байлгах сонирхол улс төрийн бүлгүү­дийн дунд байх нь бий.

2004 оны шинэ жилээр Ерөнхийлөгч асан Н.Бага­бандийн "Энэ жил шинэ сонголтын жил болно" гэсэн үгийг "Өдрийн сонин" тайл­барлан олон түмэнд хүргэж байлаа. Энэ үг нийгэмд гүн гүнзгий хүрч сүүлдээ АН-ын сонгуулийн уриа болж байв. Удирдагчдын оновчтой хэл­сэн үг нийгэмд ингэж нө­лөөлдөг.

Саяын УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн Монгол Улсын Ерөн­хий­лөг­чийн хэлсэн үг нааштай сонсогдож байна. Ерөн­хий­лөгч хэлэхдээ өнгөрсөн дол­дугаар сарын 1-ний хэрэг явдлын учрыг олох хэрэгтэй хэмээсэн. "Ямар нэг хэрэг явдлаар далимдуулан иргэ­дийг хохироож огтхон ч болохгүй. Хүмүүсийг хохи­роосон хэнбугай ч цээрлэл үзэх ёстой" хэмээн мэдэгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ, Засгийн газрын нэрийн өм­нөөс дол­дугаар сарын 1-ний үйл яв­далд ард түмнээсээ уучлал гуйлаа. Өмнө ч гэсэн тэрбээр уучлал хүсэж байсан гэдгээ хэлсэн.

Мөн шинэ Засгийн газрын талаар сөрөг хүчний байр суурь баримтлан ажиллахаа ил тодоор зарлан тун­хаг­лав. Тэрбээр иргэний нийгмийн хяналтыг төр засгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж дарангуйлал тогтох вий гэж болгоомжилсон ард түмний айдсыг үгүй болгох гэнэ. Ерөнхийлөгч энэ талаар хэ­лэхдээ "...нэг үгээр хэлбэл нийгэм дэх иргэний хянал­тыг дэмжиж ажиллана. Ингэж ажиллавал "нийгэмд сөрөг хүчин дутагдана. Хяналтгүй төр засаг тогтоно, ардчилал хумигдана" гэсэн олон түм­ний эргэлзээ арилна" гэж хэлсэн нь үүнийг баталж байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны талаар сө­рөг хүчний намын даргынх нь хэлж зүрхлээгүй үгийг хэл­эв.

Ерөнхийлөгч энэ талаар "Намууд нэг­дэн стандарт бус шийдэлд хүрснийг нийгэм янз бүрээр хүлээн авч байгаа. Нэг хэсэг нь үүнийг сон­гуулийн луйвар, долдугаар сарын 1-ний буд­лианаас цэ­вэр мултрах гэсэн ээлжит жүжиглэл хэмээн үзэж бай­на. Нөгөө хэсэг нь ингээд хэл үгээ ойлголцоод засаг төр саадгүй байвал боллоо хэ­мээн горьдон харж байна" хэмээн хэлсэн. Энэ нь ард түмнээс сонгогдож гарсан хүний л хэлэх ёстой үг бай­лаа. Ер нь ч үе үеийн Ерөн­хийлөгчид үргэлж ард түм­нийхээ талд үйлчилж ирсэн түүхтэй байдаг. Анх­ны Ерөн­хийлөгч П.Очирбат байна. Тэрбээр МАХН- аас Ардын Их Хурлын дарга, анхны Ерөн­хийлөгчөөр нэр дэвшин сон­гогдож байсан ч 1993 онд Ардчилсан намаас нэр дэв­шин Монгол Улсын Ерөн­хий­лөгч болж байсан түүхтэй. Тэр үед МАХН УИХ-д 70 гаруй суудал авчихсан нийгэм нэг намын даран­гуйлалд орчих­сон үе байлаа. Дараагийн Ерөнхийлөгч Н.Ба­га­банди ч МАХН-аас нэр дэвшин сон­гогдсон Ерөн­хийлөгч. Тэрбээр мөн л нэг нам парламентад хэт олонхи болсон 2000 оноос хойш ард түмнийхээ өмөг түшиг нь байсан. Тэр үед сөрөг хүчин гудамжинд ч байхгүй бол­тлоо доройтсон байлаа. Энэ цаг үед ганц Н.Багабанди Ерөнхийлөгч л ард түмнийхээ төлөө тэр үеийн даран­гуй­лагч Н.Энх­баярыг хазаарлан зогсоосон. Н.Багабанди за­саглалынхаа тав дахь жи­лээс ингэж ажил­лаж байлаа.

Сүүлийн хэдэн жил пар­ламент дахь хүчний харьцаа тэнцүү байхад Ерөнхийлөгч Н.Энхбаярын үзэл бодол сайн мэдэгдэлгүй өнөөдрийг хүр­гэсэн. Харин одоо МАХН сонгуульд ялалт байгуулан, сөрөг намаа өөртөө уусган авч парламентад ганц том бүлэглэл үүсчихээд байна. Ийн­хүү ямар ч хяналтгүй эрх барих хүчин бодитой болсон үед ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч сөрөг байр суурь­­тай болох шиг олз хаа байх вэ. Одоогийн Ерөн­хий­лөгчийн байр суурь ингэж ард түмний талд болж хувирч байгаа нь эрт юм шиг хараг­даж байна. Энэ нь Ерөнхий сайд С.Баяр­тай харилцах хувийн харил­цаанаас ч улбаатай байж болох юм. Мөн өөрийнх нь ч үзэл бодол ихээхэн нөлөөлдөг биз ээ.

Тэрбээр "Монгол Ул­сын Ерөнхийлөгч байсан хүн ал­баа дуусгаад аль нэг на­мын харьяанд орох гутам­шигтай юм. Тиймээс намын харьяал­лыг болиулах хэрэг­тэй" гэж ярьдаг нь дуулддаг. Гэвч хоёр намын хуйвал­даанд залгиулж дуусах ард түмэнд ийм том институц сөрөг байна гэдэг л хэрэгтэй юм болж байна.

Жамбалын Сандагдорж
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&catid=61&sid=19461

No comments: