GLAMOURE Yumjir Fashion Show



GLAMORE Yumjir Fashion Show,
Ulaanbaatar Hotel, October 11th


Үржнээгийн Юмжир: Монгол үндэсний хувцсыг дураараа өөрчилж байгаад харамсдаг
Thursday, October 02 @ 16:19:22 GMT+8

Ардын зураач Ядамсүрэнгийн ач охин дизайнер Юмжир өвөө аавынхаа дурсгалд зориулж загварын үдэшлэг хийхээр бэлтгэж байна. Ардын зураачийн хүү нь төрийн шагналт зураач Үржнээ. Удам дамжсан нэртэй уран бүтээлчийн үр сад юу сэдэж бүтээгээ юм бол. Энэ талаар Ү.Юмжиртэй ярилцлаа.

-Өөрийн чинь хийх гэж байгаа загварын шоуны тухай сонслоо. Хэзээ болох юм бэ?

-Энэ сарын 11-нд Улаан­баатар зочид буудалд "Гла­мур" нэртэй бие даасан заг­варын шоу зохион байгуулах гэж байгаа. Энэ сард хийхээр товлосны учир гэвэл шинэ жил дөхөж байгаа учраас бүсгүйчүүдэд зориулсан гоё­лын даашинзны загваруудаа үзүүлэх юм. Мөн өвлийн бо­лон үндэсний, өдөр тутмын, гоёлын гээд бүхий л чиглэ­лээр нийт 100 гаруй загвар бэлдсэн байгаа. Манай өвөө бол ардын зураач Ядамсү­рэн. Аав маань төрийн шаг­налт зураач Үржнээ. Хүмүүс мэдэх байх. Өвөө маань үндэсний угсаатны зүйн чиг­лэлээр асар их зүйл судалж үлдээсэн. Монгол үндэсний хувцсыг маш эртний үеэс нь судалж, угсаатны зүйн суд­лалаар олон альбом, ном гаргасан байдаг. Тийм боло­хоор энэ шоу арга хэмжээгээ өвөө аавынхаа дурсгалд зо­риулж хийж байгаа юм. "Гла­мур" гэдэг нь ямар учиртай вэ гэхээр дур булаам, сэтгэл татам гэсэн утгатай үг. Ер нь бүсгүйчүүддээ л зориулсан шоу.

-Та энэ чиглэлээрээ ажил­ладаг уу?

-Би "Урлах-Эрдэм" дээд сургуулийг 2001 онд төгссөн. Дараа нь санхүүгийн чиглэ­лээр дахин сурч байгаа. Гэх­дээ загвар зохион бүтээх ажлаа орхиогүй ээ. Миний хобби гэж болно. Хүмүүсээс захиалга ч ирдэг. Одоо харин энэ чиглэлээ түлхүү барина гэж бодож байна даа.

-100 гаруй загвар байгаа гэлээ. Өмнө нь хийсэн бү­тээлүүд үү, сүүлийн үеийнх үү?

-Энэ шоугаа нэг жилийн өмнөөс хийе гээд төлөвлөсөн байсан. Одоогийн загварын чиг хандлагад тулгуурласан хувцаснууд л даа. Бүхий л чиглэлийн загварууд багтсан байгаа.

-Загвар зохион бүтээг­чид ямар улиралд шоу хийж байгаагаасаа шалтгаа­лаад тухайн улирлын хув­цасны загварыг тодор­хойл­дог. Энэ өвөл таныхаар ямар загварын хувцас ноё­лох бол...

-Очоод үзээрэй л гэж хэлмээр байна. Мэдээж, ор­чин үеийн загварын чиг ханд­лагыг баримталсан. Үүн дээ­рээ өөрийнхөө санаа оноог оруулна. Дизайнер хүн чинь өөрөө зохиох ёстой шүү дээ.

-Өвөл болохоор хүн бүр л зузаан хувцас өмсч, ерөнхийдөө загвар моод энэ тэрийг орхичихдог. Үүнтэй та санал нийлдэг үү?

-Хамгийн түрүүнд дулаа­хан хувцаслах хэрэгтэй. Гэх­дээ таны хэлсэнтэй санал нийлэхгүй. Өвөл ч гэсэн хүн гоё харагдах хэрэгтэй. Ма­найх үслэг эдлэл, нэхийгээр баялаг шүү дээ. Тийм боло­хоор үүгээр ямар ч загварын хувцас хийж болно. Би хувь­даа их өвөрмөц хувцас өмсөх дуртай.

-Та өөрийнхөө хувцсыг өөрөө хийж өмсдөг үү?

-Загасчны морь усгүй гэгчээр өөртөө бараг юм хийж өмсдөггүй. Гэрийнхэн, ойр дотныхон, найз нөхдөдөө хийгээд өгчихдөг хэрнээ өөр­төө хийхээр болдоггүй юм.

-Хүмүүсээс захиалга их ирнэ биз?

-Ирнээ. Өөрөө дуртай юм болохоороо ажлынхаа зав зайгаар хийгээд өгдөг. Ер нь нэг үеэ бодвол манайхан яг өөртөө тохирсон давтаг­даш­гүй, нэг загварын хувцас өмсөх гэдэг болсон байна. "Урлах-Эрдэм" сургуулиа төгссөний дараагаар нэг хэ­сэг хувцас загварын салон ажиллуулж байсан. Одоо үед дан ганц нэг мэргэжлээр явах­гүй болсон байна. Тийм болохоор сан­хүүгийн чиглэ­лээр сурсан. Ямар ч байсан шоу хийхэд төсөв зардлаа өөрөө тооцоод, яавал ашиг орлого олох, хүмүүст бү­тээлээ яаж хүр­гэх вэ гэх зэрэг маркетингийн талын мэдлэг­тэй болдог юм байна. Заг­варын чиглэлээр хичнээн авьяастай байсан ч өөр зүйл­тэй хослуулбал илүү үр бү­тээлтэй юм шиг са­нагддаг.

-Материалаа хаанаас авдаг вэ?

-Бээжингээс авчирдаг. Өөрөө сонгож авчирсан боло­хоор материалдаа сэтгэл хангалуун байгаа.

-Гоёлын даашинзны заг­­вар байгаа гэсэн. Шинэ жил дөхөхөөр бүсгүйчүүд даашинзны эрэлд гардаг. Мэдээж, тэдэнд таалагдах шинэ загварууд бий биз?

-Байлгүй яахав. Үндэсний хувцасны төрөл дээр хэл­мээр санагддаг зүйл байдаг. Мон­гол үндэсний хувцас гээд то­­дорхой загвар байна. Үүнийг хэтэрхий өөрчлөөд монгол хувцасны утгыг ал­дагдуулах тал ажиглагддаг. Үндэсний хэв маягаа хад­галсан хэрнээ өвөрмөц зүйл хийх хэрэгтэй санагддаг. Тэгэхгүй бол зо­хиолын дууч­даас эхлээд төгсөгчдийн хонх­ны баяр гээд дандаа нэг хэв загварын адилхан хувцас өмсдөг бол­сон. Монгол хувц­сыг дэндүү эвдээд байгаад нь ха­рам­салтай санагддаг. Би орчин үеийн охидуудад зо­риулсан өдөр тутам өмсөөд явж болох загварууд хийсэн байгаа. Шоунд ч өмсөөд явж болох охидод зориулсан шинэ заг­варууд. Монгол хувцасны элементийг орчин үеийн хувц­­сан дээр оруулахдаа учир­тай л оруулах хэрэгтэй гэж боддог. Миний хийсэн хув­цас­нууд нэлээд чимэглэл­тэй, гар ажиллагаа их орсон.

-Өвөөгийнхөө дурс­галд зориулж байгаа гэлээ. Өвөөгөө хэр сайн мэдэх вэ?

-Манай өвөө монгол үн­дэсний хувцасны тал дээр үнэхээр их зүйл хийж, хойч үедээ үлдээсэн. Хүмүүст тэр чиглэлээр үзэх харах зүйл үлдээсэн. Хэрэв монгол үн­дэсний хувцас ямархуу бай­даг вэ гээд үзье гэвэл өвөө­гийн судалж үлдээсэн тэр бүхнийг хардаг. Би өөрөө ч энэ чиглэлээр судалж, сонирхдог. Монгол үндэсний хувцсыг хамаагүй замбараагүй өөр­чилж болохгүй л санагддаг. Үндсэн хэв шинжийг нь ямагт хадгалж явах хэрэгтэй.

-Таны хийсэн хувцас­наас хамгийн их ажиллагаа орсон ямар загвар байна?

-Гоёлын даашинзууд. Шүр сувдаар шигтэж, гар ажилла­гаа их орсон. Зөвхөн чимэг­лэлийг нь хийх гэж гу­рав дөрвөн өдөр суусан даа­шинз ч байгаа.

-Хамгийн үнэтэй нь?

-Битүү чимэглэлтэй гоё­лын даашинзууд маань. Хөлс хөдөлмөр шингэсэн, гар ажил­­лагаа орсон гэдэг ут­гаараа.

-Хүмүүс худалдан авъя гэвэл болох уу?

-Шоу дууссаны дараа бол болно. Таалагдсан загва­раараа захиалж болно.

-Загвараа гаргалаа гэ­хэд хэн оёх вэ?

-Эсгүүр, оёдол гээд хувц­саа өөрөө хийнэ. Мэ­дээж, хамтарч ажилладаг тусалдаг оёдолчид байгаа.

-Дизайнерүүд дандаа нарийхан, гуалиг бүсгүй­чүүдэд зориулсан загвар гаргадаг. Махлаг эмэгтэй­чүүдэд зориулсан загва­рууд хийх үү?

-Махлаг хүмүүс тайзан дээр загвар өмсөөд алхахгүй учраас модельд тааруулж хийсэн хувцас махлаг эмэг­тэйчүүдэд таалагдвал хэм­жээг нь тохируулаад хийж болно шүү дээ. Харин хэр зохих эсэхийг нь дизайнер нь зөвлөж өгөх хэрэгтэй. Түү­нээс биш махлаг бүсгүй­чүүдэд зориулсан загвар хийлээ гэхэд түүнийг өмсөж хүмүүст үзүүлэх модель байх­гүй шүү дээ.

Д.Оюунтуяа
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&catid=4&sid=19393

No comments: