Тогтвортой байдлын гэрээг өөрчилж улсын төсөвт хөрөнгө оруулалт хийнэ
Бэлтгэсэн Ж.БАЙГАЛ
Monday, 10 November 2008
Ирэх оны төсвийг Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийг зөрчин боловсруулсан гэж аудиторууд үзсэн. Учир нь зун баталсан ирэх оны Төсвийн хүрээний мэдэгдлийн дөрвөн үзүүлэлт 2008 оны төслөөр орж ирсэн аж. Улсын Ерөнхий аудиторын саналаар ирэх оны төвсийн орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга бий аж. Монголбанкны ирэх оны ашгаас төсөвт таван тэрбум төгрөг оруулах, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын давхар хөнгөлөлтийг цуцлах хоёр дахь арга байгаа. Хэрэв ингэвэл улсын төсвийн орлого 40 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой болох аж. Үүнээс үүдээд Монгол Улсын хөгжлийн санг 53 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх өөр боломжуудыг ч мөн дурьдсан Хэрэв дээрх саналуудыг хэрэгжүүлж чадвал ирэх онд манай улсын төсөв нийтдээ 127.5 тэрбум төгрөгөөр арвижих учиртай тооцоо гарчээ. Түүнээс гадна зарим орон тоог цомхотгох саналыг ерөнхий аудитор дэвшүүлсэн. Илүүдэл орон тоог хассанаар 57 тэрбум, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зөөврийн компьютер олгох зардлыг хассанаар 1.2 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байгаа гэнэ. Энэ нь зөөврийн компьютерийг хүүхдүүдэд үнэгүй өгөх бус эцэг, эхчүүд хүүхдүүддээ худалдан авч өгөх боломж бий. Саналд дотоод, гадаадын томилолтын зардлыг хэмнэхийг ч сануулсан. Үүнээс 7.2 тэрбум, цаашлаад 81.2 тэрбум төгрөгийн зардал хэмнэх бололцоотой. Түүнчлэн өр авлагыг барагдуулах ажлыг шуурхай зохион байгуулж чадвал төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм байна.
Ерөнхий аудитор сүүлийн хэдэн жил төсвийн хэрхэн зүй зохистой ашиглах, хэмнэх саналаа хүргүүлж ирсэн. Энэхүү саналд Засгийн газрын бүтцийг багасгах талаар байнга дурьддаг. Энэ удаад ч мөн адил үүнийгээ хэлсэн. Тухайлбал, Засгийн газар хоёр жилийн өмнө Засгийн газрын бүтцэд аудит хийгээд манай улс 9-10 яамтай байхад хангалттай гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Энэхүү дүгнэлтийг гаргахдаа 10 гаруй оронд судалгаа явуулсан тухайгаа дурьдаж байсан. 10 сая хүн амтай Швед улс 10 яамтай байхад 2.5 сая хүнтэй Монголд 13 яам байна гэж тэд үзсэн. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг агентлагийг сайд толгойлж байгаа нь зохимжгүй, яамдад дэд сайд байх шаардлагагүй гэсэн саналаа давхар хүргүүлж байжээ. Үндэсний аудитын газраас нэг жилийн өмнө төрийн албан хаагчдын гар утас, автомашины хэрэглээг судлаж үзээд үрэлгэн байна гэсэн дүгнэлт гаргаж байсан.
100 км-т 6-7 литр шатахуун хэрэглэх автомашиныг төрийн үйлчилгээнд ашиглана гэсэн Засгийн газрын тогтоол байдаг ч энэ тогтоол хэрэгжихгүй өдий хүрсэн байна. Түүнчлэн гар утасны лимит нь байнга хэтэрч байдаг. Төсвийн зарлагын дэд хорооны гишүүд үндэсний аудитын газраас гаргасан саналыг хэлэлцээд төсвийн орлого нэмэгдүүлэх зарим заалтыг дэмжин ирэх оны төсвийн дараагийн хэлэлцүүлгийн үеэр санал оруулахаар болжээ. Тус хорооны гишүүд “Чинхуа Мак”, “Нарийн Сухайт” компанитай байгуулсан Тогтвортой байдлын гэрээг өөрчлөх замаар ирэх онд улсын төсөвт зургаан тэрбум төгрөг оруулах саналыг дэмжсэн. Мөн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож байгаа компаниудад үзүүлдэг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг хүчингүй болгосноор улсын төсөвт 40 тэрбум төгрөг оруулах санал ч олонхийн дэмжлэг авчээ.
Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment