Дэлхийн санхүүгийн хямрал ба Монгол Улс

----------------------------------------------------------------------------
Wednesday, October 22 @ 00:17:10 GMT+8

доктор Теренс Меллон Kеннеди
МУИС-Эдийн засгийн сургууль

Өнөөдөр дэлхийн эдийн засаг санхүүгийн хямралд автаад байна. Өнгөрсөн 25 жилийн туршид олон улс орон санхүүгийн хямралтай тул­гарч байсан ч энэ удаагийн хямрал сүүлийн хэдэн долоо хоногт улам эрчээ авч, дэл­хий нийтийг хамарсан гло­баль шинж чанартай болохоо харуулав. Үүнтэй зэрэгцээд дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай бол­лоо. Санхүүгийн хямрал бо­лон эдийн засагт бий болоод буй нөхцөл байдал харилцан бие биедээ нөлөөлж байна. Энэ хямрал хэр гүнзгийрэх, дэл­хийн эдийн засгийн зог­сон­ги байдал хэзээ арилахыг таамаглан хэлэхэд хэцүү юм. Хямралын эсрэг дэлхийн тэр­гүүлэгч гүрнүүдийн бод­лого бо­­­ловсруулагчид хурдан шуур­­­хай хариу үйлдэл үзүүлж байгаа нь сайн хэрэг. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Европ, Их Британи, Швед болон Швейцарийн төв бан­кууд нэгэн зэрэг зээлийн хүүгээ бууруулсан юм. Мөн Европ болон АНУ-ын бодлого бо­ловс­руулагчид өөрсдийн сан­хүүгийн системийг дэм­жих замаар дэлхийн сан­хүүгийн хямралыг бууруулах чухал алхмуудыг хийж эхэл­сэн.
Саяхныг хүртэл инфляци нь дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчдын санааг зовоосон "шүдний өвчин" байсан бол дэлхийн эдийн засаг удааширснаар бараа болон эрдэс бүтээг­дэхүүний үнэ ихээхэн хэм­жээгээр буурч байна. Тухайл­бал, зэсийн үнэ сүүлийн гурван жилд байгаагүйгээр уналаа. Өнгөрсөн долдугаар сараас хойш зэсийн үнэ 50 хувиар буураад байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн, газ­рын тосны үнэ ч буурав. Инфляцид нөлөөлөгч гол бараа бүтээгдэхүүний үнийн бууралт болон дэлхийн эдийн засгийн удаашралтаас шалт­гаалан үнийн түвшин тодор­хой хэмжээгээр буурч байгаа ч зарим улс орны хувьд инфля­цийн түвшин харь­цангуй өндөр хэвээр байсаар байна.

АНУ-ын эдийн засаг унал­тын байдалтай болж байна. Зарим эдийн засагчид ойрын саруудад эдийн засгийн үйл ажиллагаа сайжрахгүй гэж таамаглаж байгаа юм. Сүү­лийн үеийн статистик мэдээл­лийг харвал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад АНУ-ын аж үйлдвэрлэл дөрвөн ху­виар буурчээ. Гэтэл энэ тоон мэдээ хямрал хурцадсан сүүлийн хэдэн долоо хоно­гоос өмнө гарсан билээ.

АНУ-д хүмүүсийн хэрэг­лээ нэлээд багасч байна. Мөн сүүлийн есөн сарын туршид ажил эрхлэлт тасралтгүй буурлаа. Орон сууцны үнийн бууралт, үнэт цаасны зах зээлийн уналтаас шалтгаа­лан хэрэглэгчдийн баялаг, хөрөнгө ч үнэ цэнээ алдаж буураад байна. Ялангуяа 1998- 2006 онд АНУ-ын орон сууцны зах зээл үсрэнгүй хөгжиж, орон сууцны үнэ хэт их нэмэгдсэний зэрэгцээ орон сууцны зээлийг хавт­гайруулан олгосон. 2006 онд энэхүү хий хөөрөгдлийн "хөөс" хагарч, орон сууцны үнэ тасралтгүй буурах бол­лоо. Үнэн хэрэгтээ орон сууц­ны үнийн энэхүү "шаталт" зөвхөн АНУ-аар хязгаарлагд­сангүй, бусад орныг ч хам­рав. Жишээлэхэд, зөвхөн энэ оны эхэн үеэс Канад, Герман, Их Британи, Шинэ Зеланд зэрэг улсад орон сууцны үнэ 5-12 хувиар уначихаад байна. Түүнчлэн 14 000 шүргэж байсан Нью-Йоркийн хөрөн­гийн биржийн индекс огцом унаж өнгөрсөн долоо хоно­гийн байдлаар дөнгөж 9000-тай боллоо. Ялангуяа сүү­лийн хэдэн өдөр дэлхий даяар үнэт цаас, хөрөнгийн зах зээлүүд хямарч байна.

Санхүүгийн зах зээл "бү­сээ чангалахын" хэрээр АНУ дахь пүүс компаниуд бүтээг­дэхүүнээ борлуулах зах зээл олоход төвөгтэй болж, улмаар бизнесийн зарцуулалт, хө­рөн­гө оруулалт буурч байна. Боломжийн хүүтэй, богино болон урт хугацааны зээл олоход хэцүү болов.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширснаас АНУ-аас бусад улс руу хийх экс­пор­тын хэмжээ буурна. Үнэн хэрэгтээ сүүлийн жилүүдэд Америк долларын ханш үлэмж хэмжээгээр буурч байсан нь АНУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болж байсан юм. Одоо долларын ханш чангарснаар экспорт болон эдийн засгийн өсөлт буурах болно.

Эдийн засгийн өсөлтийн тулгуур хүчин зүйл нь сан­хүүгийн эрүүл систем байдаг. Өнөөгийн энэ хямрал дэл­хийн зарим санхүүгийн зээл­лэгийн зах зээлүүдийг цар­цанги байдалд оруулчихаад байна. Эрсдлийн менежмент ч үндсэн үүргээ гүйцэтгэж чадсангүй.

Санхүүгийн зах зээлийн хямралын үндсэн шалтгааны нэгэнд хямралаас өмнө сан­хүүгийн системд хөрөнгийн өсөлтийг бий болгосон сан­хүүгийн шинэ бүтээгдэхүүн гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн шүүмжлэл зонхилж байна. Америк дахь орон сууцны зээлийн хэт их өсөлт нь санхүүгийн зах зээлд орон сууцны зээлээр батал­гааж­сан үнэт цаас болон бусад санхүүгийн багц хэрэгс­лүү­дийг шинээр гаргаснаас үүдэл­тэй ба энэ нь хямралыг улам даамжруулжээ. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд эдийн засгийн үр ашгийг дээш­лүү­лэхийн зэрэгцээ үүнийг дага­сан санхүүгийн эрсдлийг дэлхий даяар тархаасан. Эдгээр шинэ санхүүгийн бү­тээгдэхүүний бодит үнийг тогтоох нь маш төвөгтэй бөгөөд асар их хэмжээний мэдээллийг шаарддаг.

АНУ дахь орон сууцны зээ­лийн хэт өсөлтийн ихэнх нь 100 хувийн орон сууцны зээ­лээс шалтгаалсан. Өөрөөр хэлбэл хүмүүс орон сууц худалдан авахдаа өөрс­дөөсөө мөнгө гаргахгүй зөв­хөн зээлээр авч байсан гэсэн үг юм. Энэ төрлийн зээл нь маш их эрсдэлтэй. Учир нь орон сууцны үнэ буурвал тухайн орон сууцны үнэ цэнэ нь худалдан авсан зээлийн хэмжээнээс бага болох аюул­тай. Түүнчлэн энэ төрлийн зээл ихэвчлэн хувьсах хүү­тэй байдаг. Жишээлэхэд, зээлийн хүү эхний жилүүдэд харьцангуй доогуур байснаа дараагийн жилүүдэд нэмэг­дэх эрсдэлтэй. Хүмүүс зээ­лийн хүү бага байхад орон сууцныхаа зээлийн төлбөрийг хийгээд байх боломжтой бо­ловч хүү өсмөгц төлбөрөө төлөх чадваргүй болдог. Орон сууцны үнэ буурах тусам хүмүүсийн зээлээ төлөх чадвар муудаж, түү­нийг төлөхгүй байх сонирхол эрс өсөн улмаар орон сууцны зээлээ төлөхгүй орхих явдал ихэссэн. Энэ нь орон сууцны зээлийн төлбөрөөс үйл ажил­лагаа нь хамааралтай сан­хүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын хувьд хүнд цохилт болсон ба үүнээс үүдэн хуримтлагдсан алдагдал асар их хэмжээгээр нэмэгджээ.

Тулгараад байгаа хямра­лын бас нэг хүндрэлтэй асуу­дал нь АНУ болон зарим улс дахь банкуудын капитал маш доогуур байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн системд санхүүгийн байгуул­лагуудын өөрсдийнх нь авсан зээл маш их болж хөрөнгө капиталын харьцаа хэт өндөр болсон. Мөн санхүүгийн бай­гуул­лагууд өөрсдийн үйл ажиллагааг санхүүжүүлэх богино хугацааны зээллэг олоход төвөгтэй болсон. Улмаар тайлан балансаа сайжруулахын тулд олон санхүүгийн байгууллагууд хөрөнгөө зарах сонирхолтой болсон нь хөрөнгийн үнийн уналтад шууд нөлөөлсөн. Өмнө дурдсанчлан бодлого боловсруулагчид хямралын эсрэг хурдан шуурхай, уял­даа холбоо бүхий арга хэм­жээнүүдийг авч байна. Хөрвөх чадварыг дээшлүүлэхийн тулд банкуудын капиталыг өсгөх, санхүүгийн байгуул­лагуудын хөрөнгө, өр төл­бөрийн нөхцөл байдлыг сайж­руулах талаар тодорхой алхмууд хийгдээд байгаа.

Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал болон эдийн засгийн царцанги байдал нь Монголын бодлого боловс­руулагчдын өмнө томоохон сорилыг бий болгож байгаа ба хямралаас сэргийлэх, зайлс­хийх зөв оновчтой бодлого боловсруулахыг шаардаж байна. Сүүлийн жилүүдэд Монголын макро эдийн зас­гийн өмнө тулгарч буй үндсэн асуудал инфляци байв. Инфля­цийн өсөлтийн шалт­гааныг дараахь гурван хүчин зүйлээр тайлбарлаж болох юм. Үүнд нэгдүгээрт, импор­тын бараа бүтээгдэхүүний болон бензин шатахууны үнийн өсөлт, хоёрдугаарт мөнгө болон зээлийн өсөлт, гуравдугаарт төсвийн тэлэх бодлогын өргөжилт орно. Ялангуяа хүнсний болон бен­зин шатахууны үнийн өсөлт нь нийгмийн ядуу буурай эмзэг бүлгийнхэнд илүү хүн­дээр тусч байна. Учир нь тэдний өрхийн орлогын дий­лэнх хувь хүнсний бараанд зарцуулагддаг. Сүүлийн үед Монголбанк болон Засгийн газраас инфляцийг хазаарлах бодлогыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Монголбанк бод­логын хүүгээ нэмэх замаар зах зээлд нийлүүлэгдэх мөн­гөний хэмжээг тогтмол түв­шинд барих, орон сууцны зээлийн хэт өсөлтийг хязгаар­лах бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийн эдийн засагт үйл явдал өрнөх тутам Монгол Улсын бодлого боловсруу­лагчдын өмнө тулгарах асуу­дал улам нарийн төвөгтэй болж байна. Инфляцийг буу­руу­лах нь чухал ач холбог­долтой байгаа бөгөөд нөгөө талаас нийгмийн халамжийн асуудал ч чухал байна. Мөн ирээдүйд эдийн засгийн бү­тээмж дээшлүүлэх салбаруу­дад Засгийн газрын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Түүнчлэн, дэлхийн шинж чанартай үйл явдлууд Монголд яаж нөлөөлөх вэ гэдгийг давхар тооцоолох хэрэгтэй болоод байна. Дэл­хийн эдийн засгийн удаашрал Монголд нөлөөлж болзошгүй бөгөөд аливаа нөлөөллийг нь тооцох, хариу арга хэмжээг авах эгзэгтэй цаг үе ирчихээд байна. Дэлхийн эдийн засгийн өөрчлөлт Монголд нөлөөлөх гол суваг нь эрдэс бүтээг­дэхүүний зах зээл юм. Эрдэс бүтээгдэхүүний компаниуд Монголын ДНБ-ий 20 орчим, экспортын 50-иас илүү, Зас­гийн газрын төсвийн орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг. Дэлхийн эдийн засгийн бай­дал дордоход эрдэс бүтээг­дэхүүнүүдийн эрэлт буурч, эдгээр бүтээгдэхүүний үнийг улам доошлуулах магад­лалтай. Сүүлийн хэдэн долоо хоногт зэсийн үнэ огцом буурлаа. Зөвхөн энэ долоо хоногт сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшинд очиж, энэ оны долоон сарын үеийн­хээс даруй 50 хувь уначихаад байна. Зэсийн үнийн энэ уналт эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй хувьсамтгай түүхэн шинжтэй гэдгийг эргэн сануулав. Саяхныг хүртэл ихэнх эдийн засагчид болон бодлого боловсруулагчид Хятад, Энэтхэг зэрэг хур­дацтай хөгжлөөс хамааран эрдэс бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд харьцангуй өндөр байна гэж үзэж байлаа. Энэ үзэл бодол магадгүй буруу байж болохыг түүхээс харж болно. 1970-аад онд зэсийн үнэ саяхны өндөр байсан үеийнхээс ч (инфля­цийг засварласан байдлаар) 50 хувь илүү байсан. Харин 10 гаруйхан жилийн өмнө зэсийн үнэ одоо буурчихаад байгаа үнээс гэхэд 50 хувь доогуур байв. Зэс гэх мэт эрдэс бүтээгдэхүүний үнэ ийм хэлбэлзэмтгий тул Зас­гийн газрын төсөвлөлт, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөг зах зээлийн тухайн нэг үеийн нөхцөл байдал дээр бус алсыг харж, урт хугацааны стратегид суу­рилж гаргах шаардлагатай.

Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал болон эрдэс бүтээгдэхүүний үнийн буу­ралт нь гадаадын шууд хө­рөн­гө оруулалтыг багасгах эрсдлийг дагуулж байна. Олон улсын зээлийн зах зээлийн хумигдалт болон үнэт цаас хөрөнгийн зах зээлийн уналт нь зарим га­даа­дын хөрөнгө оруулагчдын хувьд өөрсдийн хөрөнгө оруу­лалтын төслийг хэрэг­жүүлэхэд шаардлагатай хө­рөнгө мөнгийг олж авах, хө­рөн­гө оруулалтын сан бий болгоход хүндрэл учруулах, улмаар хөрөнгө оруулалтын зардлыг ихэсгэж болзошгүй. Үүнтэй зэрэгцэн, эрдэс бү­тээгдэхүүний үнийн уналт нь уул уурхайн салбарын зарим компанийн хүлээгдэж буй ашгийг бууруулахаар байна.

Дэлхийн эдийн засагт учраад буй эрсдлийн менеж­ментийн алдаанаас суралцан Монголын санхүүгийн секто­рын эрсдлийн менежментийн өнөөгийн байдлыг үнэлэх, сайжруулах цаг үе ирээд байна. Мөн өнөөдөр Мон­голын банкны санхүүгийн байгууллагууд зах зээлд шинэ нэр төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнүүд, хэрэгслүү­дийг нэвтрүүлж байна. Иргэд эдгээр бүтээгдэхүүнүүд нь тэдний хувийн санхүүгийн байдалд ямар утга агуулгатай болох, яаж нөлөөлөхийг ойл­гох хэрэгтэй. Иймд иргэдийн санхүүгийн мэдлэг, боловс­ролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

REPRINTED FROM: http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&catid=7&sid=19814

No comments: