ТӨРИЙН ТЭТГЭЛЭГТ ТЕРРОР


Монголд үй олноор хөнөөгч ганцхан нам байсан, Соёлын өвийг сүйтгэгч ганцхан л нам байгаа(Ж.Батзандан)

Коммунизм бол бүх нийтийг хамарсан террор (Ц.Содхүү)

Монгол улс Иракаас цэргээ татлаа. Бүрмөсөн. Олон эхийн элэг дэвтэж, олон гэргийн хоймор дүүрлээ. Террор гэсэн үг чихнээ дасал болж. 2001-09-11. 2008-07-01. Уг нь монголоор адал балмад гэдэг. Алабамут гэх араб үгнээс гаралтай гэнэ.

Түүхийн шигдээс.1220-иод оны сүүл. Энгийн номхон 500 худалдаачнаа талуулж бас нэхэж явуулсан төрийн элчээ хороолгосны ял асууж Монголын их цэрэг Ховрезмын эзэнт улсыг дайлж байсан цаг. Гэтэл лалын шашины тэргүүн имаам нар ирж нэг хүсэлт гаргаж. Юу гэвэл адилхан Аллах тэнгэрт мөргөдөг авч, сургаалийг нь мушгин гуйвуулж ойр орчмын хүний өөрийн ялгалгүй хүйс тэмтэрч, айдас хүйдэст барьсан хэсэг балмад танхай нар Алабамут цайзд үүрэлснийг гэсгээж өгөөч гэж. Тэд эрэгтэй хүүхдийг булаан аваачиж, алуурчин болгон өсгөдөг байж. Тархи угаах ажлыг бас системтэй хийнэ. Өнөө цагийн террористууд шиг. Бас 7/1-7/5-ны МҮТВ шиг. Оросууд 100г (техникийн ч байсан хамаагүй) спирт цэрэгтээ өгөөд л тулаанд оруулдаг. Энд арай өөр байж. Тэд архи тэргүүтнийг цээрлэнэ. Лалын шашны гайхам давуу тал. Харин хар тамхи өгч, энэрэл мэдрэлгүй адгуус болгоод “ажилд” нь гаргана. Ийнхүү үүргээ гүйцэтгэж яваад амь эрсдвэл шууд л Аллах тэнгэрийн таалалд орно гэнэ. 30 бил үү, тэрнээс ч олон онгон охиныг хойт насаараа нэг эдлэн цэнгэхийг амлана. Морин дэл дээр улс гүрнийг эзлэх боловч дараа нь иргэний сэтгэлийг олж засаглахын тулд энэ хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж монгол жанжин сэтгэв. Тэр хоёрхон үсэгтэй ганцхан үгээр хариу өгч. Ердөө л “За”. За гэвэл ёогүй. Алабамутыг буулгах монгол цэрэгт бол ёстой шүлс хаях төдий ажил байж. Алабамут цайз ийн газрын зургаас арчигдаж, монгол хэлэнд “адал балмад” гэсэн үг орж ирсэн. Юутай ч, имаамууд байлдан дагууллын бүх гамшиг хагацлыг цагаатган 200 гаруй жилийн турш Монголын ноёрхлыг хүлцэж дагасан нь түүхийн үнэн. Буш Ирак руу дайрахдаа “Би хоёр дахь Чингис” гэсний учир энэ.

Терроризм бол төсөр бизнес. Холбооны Мөрдөх Товчооны тоогоор 9/11-ний дайралтыг хийхэд Аль Кайда ердөө $175,000-$250,000 зарсан байх юм. Энд нисэх сургуулийн төлбөр, барьцаалагчдын аяллын тийз энэ тэр бүх зардал багтаад тэр. Шууд ба дам хохирол $83 тэрбум. $83,000,000,000! Конгрессийн харьяа Төрийн Хяналтын Алба (GAO)-ны мэдээ. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн л хохирол.

Бас урьд өдөр нь авиа компаниудын хувьцааг ихээр зарж, барилгын компаниудын хувьцааг их хэмжээгээр худалдан авсан байж. Соёл иргэншлийн үнэт зүйлсийг устгав. Бас олон хүний амийг хөнөөв. Үүнээсээ зүгээр ч үгүй бас ашиг олз олохоор тооцож. Адын энэ санаснаараа ч амжуулчихаж.

9/11 ба зах.
Тэр орой би Готов гэдэг найзындаа сууж байлаа. Готовын ар гэрийхэн Америкт байсан. Манай цагаар орой, бараг шөнө болж байсан. ТВ-ээр хоёр өндөр ихэр цамхгийн нэгийг онгоц мөргөж нураалаа. Кино л гарч байгаа юм байх гэж бодоод өнгөрөв. Гэтэл арай биш ээ. Сурвалжлагч яахаараа яриад байдаг билээ гэсэн бодол зурсхийв. Дууг нь чангалж байж учрыг сая ухав. Готов бид хоёр бие биенээ танихгүй хүн харсан юм хэсэг зуур ТВ-ийн өмнө зогтуссанаа л санаж байна. Итгэж ядлаа.
Готов утсаа шүүрч аваад Америк руу ярилаа. Чи амьд уу? гэсэнд “Яасан юу болсон, би Нью Йоркт биш Брижпортод явна, дөнгөж сэрж байна” гэсэн нойрмог аярхан боловч эмэгтэй хүнйи шингэн дуу утасны цаанаас сонсдов. “ТВ-ээ” асаагаач гэсэнд За” гэх мөртлөө …юун яаршигтай юм… гэж бувтнаснаа “Пөөх, баларч байгаа юм байна”гэж хашгирав.
… Дино тэр өглөө ажилдаа орж ирэнгүүт хүүхэд халуураад гэж эхнэр залгасан тул ДХТ-ийн цамхгаас гарснаас 5 хормын дараа ийм хэрэг болж. Дино бол Монголбанктай алт цэвэршүүлэх гэрээ байгуулж байсан хүн. Тэр гэрээгээр цэвэршүүлэлтийн зардлаа 2 илүү дахин хямдруулсан тул би сэтгэл өег явж билээ. Тэгэхэд Дино AIG-д дэд ерөнхийлөгч байсан. 9/11 гэхэд Жэй Пи Морганд ажиллаж байлаа. 9/11-ээс хойш Дино маань нялх эхнэр хүүхэдтэйгээ бүтэн 2 сар буудлаар хоноглож их л зутарсан. Гэвч там дундаас амьд гарсны баяр! Харин Динотой маань хамт ДХТ-ийн цамхагт ажиллаж байсан таних танихгүй дэлхийн шилдэг 2604 санхүүч тэр өглөө тэнгэрт хальсан… Нийт 3000 орчим хүний амь үрэв. "Тэдний гэгээн дурсгалд зориулж ихэр хоёр цамхгийн гэрлэн хөшөө босгосон. Тэр гэрлээр энэ 2604 дилерийн сүнс өдгөө ч ажилдаа цуглаж буцсаар байгаа биз. Нью Йоркийн зах 7 хоног хаагдаж, аливаа улс оронд, тэр дундаа хамгийн хүчирхэг өндөр хөгжилтэй газар ч гол хөдөлгөгч хүч нь мэргэжилдээ эзэн болсон хүн хүч байдгийг сануулсан дохио. Харин мөнгөн хохирлын хувьд Америк орон гэтлэн давж, идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувьхайрдгийн үлгэр болсон.

...Тэр үдэш Готовынхоос яаж гарснаа би санадаггүй. Баахан доллар авчихсан нээлттэй позицтай байсан тул алдагдалд орох эрсдэл маш ойрхон байлаа. Нэг мэдэхэд машиныхаа сигналыг тачигнуулан 9 сарын түгжрээн дунд явж байв. Шөнө дөлөөр ажил руу яарч байгаа нь тэр. Арай гэж нэг ажил дээр ирээд ам.доллар зарах захиалгыг Европын банкинд өгсөнд “авахгүй” гэв. Хонгконг дахь америк банк руу утас цохиход бас үгүй гэдэг байгаа. “Танайх америкийн банк биз дээ. Доллар чинь танай мөнгө! Танайх биш бол хэн авах вэ. Үгүй гээд хэлээдэх л дээ?” гэж хашгирсанд хөөрхий олон жилийн түнш маань харин нэлээд спрэд (авах зарах ханшны зөрүү) өндөр ч ханш өгч, ногоон гэрэл асаалаа. Би ч тултал нь гишгэв. Байсан хамаг лимитдээ доллар зарж, свисс франк бас алт авч билээ. Тэр шөнө 300 хувийн ашиг хийсэн. Хувийн рекорд гэх үү дээ. Өөрийн өчүүхэн бага хөрөнгө, бас дээр нь хамтрагч маань оруулсан хөрөнгөө татчихсан, хөөцөлдөж байсан зээлийн эх үүсвэр орж ирээгүй цаг тул багахан мөнгөөр энэ дийлийг хийсэн. Тиймээс, мөнгөн дүнгээр бол шалихгүй. Банкны нөөц дээр сууж байсан бол ч... Яриад яахав. Маркс “300 хувийн ашгийн төлөө капиталд хийхгүй нүгэл байхгүй” гэснийг бодвол (гэхдээ нэг хоногт биш бүтэн жилд шүү) чамлалтгүй. Гэхдээ бас нэг их бахархаад ч байдаггүй. 9/11-нд Нью-Йоркд амь үрэгдэгсдийн дотор арваад хүнийг биечлэн таньдаг байлаа. Нүгэлт хар дилер гэж өөрийгээ дотроо зэмлэсээр хоцорсондоо. Үүнийг нуршихын учир гэвэл дилерийн ажил хичнээн стресстэй болох бас эдийн засгийн өсөлт өрнөлийн үе, “булл” зах дээр л мөнгө хийж болдог мэт ташаа ойлголт түгээмэл. Харин захын уналт, савалтын үед ч эрсдлээс хамгаалах, хандлага чигийг зөв барьж чадвал ашиг хийж болдог санаа.

Өнөөгийн хямрал.
Өнөөдөр дэлхийг хамарсан санхүүгийн хямрал дэгдлээ. Болдог л зүйл. Олон жил хуримтлагдсан хур асуудлаа зах зээл ингэж л шийддэг. Миний харахад, захын цочрол харин 9/11 шиг тийм цар хэмжээнд хүрээгүй л байна. Дайны хажуугар дажин гэж... Нэг харсан ТВ-ээр Путин “Америкийн санхүү, Воoл Стрийтэд итгэх дэлхий нийтийн итгэл нэг мөсөн алга боллоо” гэж авдаг байгаа. Хүний мууд дурлах эм зан. Тоох ч хэрэггүй. Маргааш нь Паулсон (АНУ-ын сангийн сайд) шинэ тутам зах зээлийн орнуудыг ч энэ хямрал тойрч гарахгүй гэв. Блуумбэргийн бараг дуун дээр цацсан мэдээ нүд булааж, чих дэлдийлгэв. Оросын хөрөнгийн бирж - будаа... оросын толгой баячуул (Дэрипаска, Обрамович гээд) дор хаяж $230 тэрбумыг хөрөнгийн зах дээр алдав... Оросын төсөв алдагдалд орлоо... Хөрөнгө оруулагчид $63 тэрбумын хөрөнгөө Оросоос татлаа...гээд л мэдээ хөвөрч гарлаа. Хоёр хоногийн дараа Паулсоны үгийг Дэлхийн банк, ОУВС бараг таслал гээлгүй давтан мэдэгдэв. Баримт нотолгоотой, дэлгэрэнгүй. Бас өршөөлгүй...Энэ удаад Путин Паулсоны дэргэд шушмаа банди гэдгээ харуулав. Тээр жил манай Даваадалайд хага шидүүлж, зодог тайлсан. Тийм л юм болж...

Орос төрийн тэтгэлэгт террор. Гэвч Путинд сүүлийн хэдэн жилд газрын тосны үнийн өсөлтөөс олсон нэлээд мөнгө бий... Экспортынх нь үнэ унаж, хэдэн жилдээ оросууд санхүүгийн хувьд сэхэхгүй. Гэвч Оросууд зэвсгийн наймаа эрхлээд удаж байгаа. Латин Америк, Ойрх Дорнод, Африкт босогчдод зэвсэг нийлүүлэх замаар ашиг олз хайхаас сийхгүй. Стратфорын тоймч Рэва Бхалла ингэж үзэж байна. Энэ мэт адал балмад ажиллагаанд Оросын төрийн оролцоо ямар байх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Тэр нь, тодорхой нам бүлгийг дэмжихийн ашиг ба эрсдэл, Оросын Гадаад Тагнуулын Алба (СВР)-ын боломж, террорт Орос төр аль хир мөнгө зарах, хамсаатан олдох бүс нутаг зэргээс хамаарна. Жишээ нь, Израиль, Турктэй оросууд угийн сайн биш. Иймд Ойрх Дорнодод хамсаатан амар олохгүй. Харин Латин Америк өөр. АНУ-ын нутгийн гүнд террорт турхирах аятайхан түшиц газар. Оросын хувьд эрсдэлгүй шахам ажил.
Оросын төрийн тэтгэлэгт террор магад нялхаараа байна. Энд нэг зүйлийг мартаж боломгүй. Хүйтэн дайн дуусч, хорвоо ертөнц энх амгалан боллоо гэж америкчүүл санаа амарч. АНУ-ын тагнан турших сонор сэрэмж ч суларсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. 9/11-ний халдлагад Америк бэлэн байгаагүй. Лалын террорын шинэ эрин ингэж эхэлсэн. Буш лалын терроризмд дайн зарлаж. Олон ч жил байлдлаа. Одоо л нэг дарж байна уу гэмээр. Энэ хооронд чоно борооноор гэдэг шиг болж, Орос төрийн тэтгэлэгт террор өсөж хөлд орох нь. 9/11-ээс хойшхи дэлхий ертөнцөд терроризм гэгч зүсээ хувилган шинэ хэлбэр дүрс олж байгааг хүлээн зөшөөрөх цаг болсон хэмээн АНУ-ын судлаачид үзэж байна. (www.stratfor.com) Бас, Жээф Мартин “АНУ Орос хоёр бүх бүс нутагт түүний дотор Оросын хил орчмын бүсэд ч мөн ил далд тэмцэх боллоо. Оросын орчны бүс сүүлийн 300 орчим жилд бараг өөрчлөгдөөгүй. Энэ бол Балтийн тэнгис хавь, Австри, Украйн, Серби, Турк, Дундад Ази бас Монгол билээ. Оросын аюул заналын уламжлалт талбар. Өнөө ч хэвээр. Түүх давтагдав. Их гүрнүүд нөгөө л болзоот газраа давуу байрлал эрэн даагаа нэхсээр хэрэн зогслоо…” гэжээ. (www.whatswrongwiththeworld.net) Америкчууд нэг ийм бодолтой. Ерөнхий маань хойш гүйдэлтэй байдаг. Орост уран өгнө гэх шиг. Монгол Аль Кайдагийн хар дансанд орсон. Тоолгүй орхиж боломгүй том эрсдэл. Манайх шиг өнчин хот-улсад шүү. Энэ нь багадсан мэт. Одоо “Террор тэтгэгч төр” гэж Америкт Бин Ладэн шиг ад үзэгдэх л дутаж. Тойрох аргагүй, гэтэлж гарах бэрх цаг айсуй. Цөлх ухаан сийрэх л үлдэж.

Я.Очирсүх
ochirsukh.blogspot.com

No comments: