Амин насны урсгалаа даатгая!

Амин насны урсгалаа нийгмийн даатгалдаа даатгая
Аа аа аа аа
Амин насны урсгалаа даатгая!(Дан.Нямаа)
УНДЕГ-ын захиалгаар бүтээсэн

Сэтгүүлч найз маань аяны богцоо дэлгэж жаал суулаа. Гадаад яваад ирж. Олон орны лут том сэтгүүлчидтэй уулзсан гэнэ. Гээд гадаадынхан нас нь ахихаараа улам энэрэнгүй, өглөгч тусч болдгийг ажсан байна. Харин монгол хүн хөгшрөхөөр хүүхдийнхээ хооронд хов хутгаж, алалцуулахад бэлэн гэнэ. Маш сонин, бас сэтгэл сэртхийлгэм ажиглалт. Тиймийн учир магад монголчуул хамгийн хайртай нуган үрээрээ сүүл түлхүүлж бурхан болдог байсан ч юм болов уу. Ийн бодохул өмдөн дотуур аалз гүйх шиг.

Улаанбаатарын олон солонгос хоолны газрын эзэдтэй уулзсан. Ихэвчлэн дунд ба ядуу ангийнхан. Цалингаараа амьдрагч асад. Гайгүй нэг нь манай мэтийг тоож ирэхгүй. Ирсэн ч, хүний газар хоолон гэр ажиллуулахгүй. Харин тэд бол тэтгэвэртээ гараад ирсэн улс. Тэтгэврийг нь нэг мөсөн бодож тооцоод гар дээр нь өгчихдөг. Сонин л тогтолцоо. Мажийтлаа сар бүр хүүхэд шиг хэдэн бор юм авдаг маниусын хувьд хамаг сонин. Манай тэтгэврийн тогтолцоо бол төр нь иргэнээ дээрэмдэхийн нэгэн үлгэр. Нийгмийн даатгал нэрээр ажлын чадвартай үед нь цалингаас нь албан журмаар дээрэмдэж авна. Тэтгэврийн нас нь болмогц хөдөлмөрийн захаас “хүндэтгэлтэй” хөөж гаргана. Уг нь солонгос өвөө шиг /өвөө ч гэж дээ манайд ирээд 16-тай охин дагуулсаар бүр маниас өнгөлөг харагдана гээч/ тэтгэврээ нэгмөсөн авдаг бол... Жижиг ч гэсэн бизнес эхлэх гарааны хөрөнгөтэй болно. Нэг насаар хуримтлуулсан туршлага гэж юм байна. Яав чиг мань мэт шиг гэнэдэхгүй. Арваад жилийн өмнө ирсэн Сөүл рестораны нөхөр одоо ямар байна даа? Бүгдээрээ л харж байна шүү дээ. Монгол хүн жар хүртлээ ухаан ороод, ухаан оронгуутаа үхдэг гэдэг шал худлаа. Арчаатай нэг нь бүр зуу давж байгаа. Лав л цагаан сараар ерөнхийлөгч очиж золгодог юм байна лээ. Ийн монгол өвөөгийн байр суурийг солонгос өвөө эзлэн суув. Бага ч гэсэн тогтмол орлоготой. Түүгээрээ цөөн ч гэсэн ажлын байр бий болгоно. Амьтан хүний ажил амьдралыг залгуулж байгаа хойно. Нэр байна, нүүр байна. Одоо яая гэхэв дээ. Өдөр шөнөгүй чавганцынхаа эрүүний шөл уухгүй. Үр хүүхдээ аргадаж нэг загнаж нэг ганц шил юмны мөнгө босгох шаардлагагүй. Цаг цагаар нэг цаддаг, цагаан сар болохоор нэг цаддаг. Үүнтэй л бараг адилавтар. Сонгуулиар л нэг тайлдаг дотор битүү бухимдал хурах биш. Нэр дэвшигч нар энэ олон шүлсээ үсчүүлсэн согтуу бөгөөд түрэмгий өвгөчүүл хаанаас гардгийг гайхсаар үлдэнэ. Ажил амьдрал залгуулж буй үр хүүхэд нь нас дээр гарсан эмээ өвөө нар яаж сонгуулиар ингэж цаддагийг нь асуухгүй. Настай юм хөөрхий ганц болж дээ гэж бодно. Харин гэр бүлийн маргаан болоход дүүтэй нь юм уу ахтай нь нийлээд тонгорно. Гомдовч элэг нэгтэн юм чинь гэж тэвчиж нэг өнгөрөөнө. Цагдаа гэр бүлийн хүчирхийлэл их гэх тоо дурьдахаас цаашгүй. Улс төрчид нийгмийн бухимдал гээд л өөрийн мэдэхгүйг ярина. Солонгосын энэ систем уг нь өнөө бид уйдсан нөгөө америкийнх.

Саяхан нэг улс төрчтэй ярьж суусан. Олимпээр амьсгалж байх үе. Манайхан алт авсан нь ядуу байгаатай холбоотой гэнэ. Цатгалан байсан бол тамирчид бэлтгэл хийхгүй. Тиймээс ер нь монгол хүнийг ажиллуулахын тулд өлсгөлөн байлгах ёстой гэж үү? Хүнийг таг болгох амархан. Харин яагаад? гэсэн асуулт оюуныг тарчлаан үлдэв. Сэдэвтээ эргэж ороход, хөгшчүүлийг гар дээр нь сард нэг амсуулах төдий юм тавьдаг. Энэ нь улс төрчдөд чих зөөлөн гол нь элдэв муу муухайг хийхээс буцахгүй, үнэгүй шахам армийг байлдааны бэлэн байдалд байлгахад хэрэгтэй юм болов уу? Бухимдалтай, хоосон хүн ер юуг хийxээс эс буцна?

Колумбын их сургууль гэж Америкийн зартай сургууль. Тэнд анх очоод оюутны гуанзанд орлоо. Хүн гэж идэж уух анхны хэрэгцээтэйгээс цааш. Гэтэл та сарынхаа төлбөрийг нэгмөсөн хийчих гээд нэг хүүхэн салдаггүй. Өлсөөд байхад даа. Ядаргаатай гэдэг нь. Би хоол идэх бүртээ төлчихөд юу нь болохгүй гэлээ. Үгүй ээ, болно л доо. Гэхдээ нэгмөсөн төлчих нь чамд л ашигтай гээд. Ёстой нойтон хамуу. Яагаад? гэв. Чи дөнгөж саяхан гэрээсээ гарсан тул мөнгө барьж сураагүй байж болно. Тэгэхээр чи хамаг мөнгөө шоунд үрээд, эсвэл дээрэмдүүлчихвэл яана. Тэгвэл хоолны мөнгөгүй болчихно шүү дээ гэдэг байгаа. Би нэгд, мөнгө барьж сурсан, хоёрт, шоунд бүгдийг нь үрэхгүйгээ мэднэ, гуравт банкинд мөнгөө хадгалуулдаг, дөрөвт, би хар бүстэй, тавт, чи миний цагийг хулгайлаад байна, одоохон зайлахгүй бол шүүхэд нэхэмжлэл өгнө, өмгөөлөгчөө дуудлаа гэв. Нөгөө хүүхэн ч элдэв юм хэлсэнгүй алга болов. Америк юм хойно доо, өмгөөлөгчөөс айлгүй дээ. Гэвч Америкт бас над шиг хорь нэлээд гарсан хойно сургуульд очих бус харин 16-17-той, бараг л жолооны үнэмлэх аваагүй шахам нялхас сургуульд ордог тул бас зарим хүнд хэрэгтэй л үйлчилгээ мэт санагдав.

Тэтгэвэрт гарч байгаа хүн насны ажил амьдралын туршлага хуримтлуулна. Монголын төр ийм иргэнээ тийм нялхас адил үздэг нь хачирхалтай.

Аливаа даатгалын бизнес ашигтай байхыг бодно. Даатгаж буй үзэгдлийнхээ магадлалын тооцоон дээр үндэслэнэ. Тэтгэврийн даатгал /манай нийгмийн даатгал гэгч яг л ийм төрлийн бизнес/ бол шимтгэлээр хурааж авсан мөнгөн хуримтлалыг сар болгон төлөх тохиолдолд дундаж наслалт гэдэг юмыг заавал тооцно. Иргэнээс хурааж авсан мөнгийг нь дундаж наслалт их өндөр болбол хурааснаасаа илүүг төр төлөх болж алдана биз дээ. Тэгэхээр монголын төрд иргэнийхээ дундаж наслалтыг уртасгах ямар эдийн засгийн сонирхол байх вэ дээ?
Тийм уу, үгүй юу? Утаа мутаа, энэ тэр гээд амьдралыг нь аль болох хороохыг бодох нь түмэн зөв. Бас өнөө, маргааш гудманд нохой шиг буудуулчихгүй гэх баталгаа байхгүй. Хэзээ тэтгэвэрт гарч үр шимийг нь хүртэнэ. Бас нийгмийн даатгал төл гэнэ шүү. Яах гэж? Цэрэг форм өмсөн “нийгмийн даатгал мину” гэж дуулсан хүмүүсийг цалинжуулах гэж үү? 7 сарын 1-нээс хойш дүрэмт хувцас өмссөн хүн нэг л ёозгүй харагддаг болсныг ч хэлэх үү. Эсхүл тансаг ажлын байрыг бариулах гэж үү? Эсхүл аль нэг улс төрч даргаар очуулах гэж үү? Ёстой “Sorry”. Илүүдээ гарсан мөнгө алга. Мэнд амрын заяаг минь даатгаж чадахгүй л байна даа.

Я.Очирсүх
www.ochirsukh.blogspot.com