ЧИЛИ НҮҮЖ, БИД БУУРИНДАА ЭРГЭВ.

Миний эх орон зэс эрдэнийн билээ
(П.Бадарч)

Сайныг дагавал сарны гэрэл
Мууг дагавал могойн хорлол.
(Монгол ардын зүйр цэцэн үг)

II Ертөнц: Эзэнт гүрнүүд ба шинэ глобаль орчин дахь тэдний нөлөө гэсэн ном үзлээ. Монголд хамаатай байж мэдэх. Учир нь бид морин нүүдлээр явах, сэтгэх дуртай. Давах, алгасах, тойрох, нүүгээд зайлах зэрэг нүүдэлчин гены ажил. Капитализмыг нэг алгасаж үзсэн. (Морьтой харайж гарч буй уран зураг бий. Зураачид төрийн шагнал өгсөн.) Одоо Англи Америктай л зиндаархана. 90-ээд онд Америк туслаагүй бол картын барааны эдийн засгаасаа салаа ч үү үгүй ч үү. Алт зэсний үнийн хөөрч, жаал зоос цуглуулаа. Ишиг эвэр ургаад эхээ мөргөв. Америкаа ад шоо үзнэ. Авилгал өгдөггүй гэж. Олсноо булаалдана.
Сонгууль, булхай, үймээн, залхаан цээрлүүлэл, бас түүнээ цайруулах найр наадамд (хүний нутгийн Олимпод хүртэл) зараад дуусав. Ядуу дорой гэж хэлүүлэх дургүй. Америк ‘Монгол-хамаг ядуу 10 орны нэг. Гуйлгачин сэтгэхүйтэй’ гэхэд уур хүрч, уушиг савсайв. Үнэн болохоор. Африкт маниас тэнхлүүн улс олон болж. Африкийн дундажд л явна. Ядуу бол ядуу. Авилгыг төрийн үндсэн үүрэг гэж үзнэ. Гуйлгачин гэвэл тийм. Дарангуйлал гэвэл үгүй гэх газаргүй. Үймээн самуунгүй гэвэл худал. Дайнгүй бол аз. Хөгжиж буй орон гэж өөрийгээ өхөөрдөв. Өрнийхэн бол III ертөнц гэнэ. I ертөнцөд хүрэх мөрөөдөл харин бий. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй учир. Дээр ‘алгасчихсан’ капитализм гэгч нь дотроо I, II бүр III ертөнцтэй аж. Гурваас нэг рүү шууд орох? Мориор харайлгаад барахгүй дээ. Юмыг яаж мэдэх, хоёроос нэгрүү орж байгаа улсыг сонирхов. Дээрх ном яг энэ тухай. Зохиогч Параг Кханна. (зэсийн зах зээлд) маний өрсөлдөгч Чилиийг I ертөнцийн хөгжилтэй орон болох мэргэ төлөг тавьж. Атаач монгол болохоор сониуч зан гозойв.

Зэс эрдэнийн орон-Чили. Хорвоогийн нөгөө өнцөгт орших алс газар. Дэлхийд зэсийн үнийг тогтоох хэмжээний нөөц, олборлолтын хүчин чадалтай. Улаанбаатараас Бээжингээр дамжин Токиод хоноглоод АНУ-ын Вашингтон ороод, тэндээсээ Майамид нэг буугаад шөнөжин нисэж гэмээн арай гэж нэг очиж билээ. Ёстой газрын мухар гэмээр. Манийг бас тэгвэл уурлах хэрэггүй. Тээр жил Ц.Даваасүрэн (энэ жил УИХ-д сонгогдсон) гишүүний хамт Зэсийн тогтворжуулалтын сан зэрэг тэргүүн туршлага судлахаар явсан нь тэр.Авууштай санаа захаас аваад л. Нутаг дэвсгэрээр манайхаас 2 дахин бага. 16,5 сая хүн амтай. Сангийн яам нь манай яамнаас 3 дахин бага орон тоотой. Сайд нь машин унахгүй, парламент рүүгээ явган гүйчихнэ. Дундаж наслалт 77,15. Нэг хүнд ногдох ДНБ 14,3 мян.ам.доллар. Гол нь зэсийн үнийн эрсдлээсээ байнгын ‘Зэсийн тогтворжуулалтын сан’-гаар хамгаалж ирсэн баян туршлагатай. Ирээд алт зэс болон ноолуур гэгч түүхий эдийн үнийн эрсдлээс хамгаалах хөтөлбөрийг Дэлхийн банкны санхүүгийн секторын хөтөлбөрт зээлийн нөхцөл болгож Монголын талаас саналаараа нэмж оруулж өгсний учир энэ. Удалгүй сонгуультай золгож би ажлаа өгсөн. Даваасүрэн гишүүн маань л одоо нэг батална байх гэж найдна. Хэдэн жилийн дараа болохыг бурхан ч мэдэхгүй дараагийн үнийн өсөлтийг ядаж өнгөрөөлгүй барьж авья л даа.

Альендэ, Пиночет ба Эрдэнэт. Хэдий алс ч Монголын эдийн засгийн нэн шинэ түүх, цаашдын хандлага Чили оронтой салшгүй холбоотой. Зэснээс болж тэр. Зэс бол хүнд болон машин үйлдвэрийн үндсэн түүхий эд. Зэвсгийн ч тэр. Оросууд 30-аад онд манай 700 гаруй сум хийдийн зэс дээврийг бурхан шүтээний хамт хуу хамаад /Эрх чөлөө тусгаар тогтнолын билэг тэмдэг наян тохой Майдар бурхныг ч үлдээгээгүй/ тарчиг эдийн засагтаа нэмэрлээ биз. Түүгээр хийсэн буу сумаар 1937 онд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Е.Тэмүүжиний Боржгино овогтныг хүйс тэмтэрч, Монгол төрийн эсрэг геноцид хийсэн ч байх.
Эдийн засгийн утгаараа машины үйлдвэр оролдовч, чанар үзэмж, эдэлгээ гээд Өрнөдийг гүйцэх нь өнгөрсөн Орос бол маний л адил газрын баялгаа түүхий чигээр нь гаргаж амь зуудаг улс. Орос машиныг мань хүртэл голоод унахгүй.Иймд, Орос уг нь маний өрсөлдөгч мөн. Урьд ч тийм байсан, одоо ч хэвээр. Манайхан л “ах” гээд хушуу дэвсэх нь хачирхалтай. Хорь хүрээгүй гэмээр хүү ТВ-ээр “орос ах” гэж ярихаар бүүр сонин. Орос цэрэг гараад 19 жил болж байхад яаж яваад ах дүү болчихдог? 70-80-аад оны сүргийн бэлчээр, хотын гудмаар орос цэрэг, офицер байлдааны дугаартай (дугааргүй гэсэн үг, яг нөгөө 7 сарын 1-ний шөнө хурц гэрэл тусгаж буудсан машин олддоггүйн адил) 69-өө унаж, гайгүй хүүхэн эзгүй газар таарвал шууд чихэн оруулж хүчирхийлж хаяад явдаг байсан. Нэг тийм байдлаар олдсон ахтай юм байлгүй, хөөрхий гэж бодохоос.
Эрдэнэтийн овоонд зэс эрдэнэ байна гэж анх Чехийн геологичид 60-аад онд нээсэн гэдэг. Харин Орос “ах” маань харин юу ч байхгүй гэж гүрийв. Чехүүд ч тэгсгээд дуугүй болсон. Учир нь Оросууд Чилиэс зэсээ авдаг байж. 1973 онд бил үү Чилид төрийн эргэлт гарч, Зөвлөлт Оросын утсан хүүхэлдэй Сальвадор Альендэ-гийн засаг уналаа. Шинэ дарангуйлагч Пиночет Оросоос холдож АНУ-ыг бараадав. Хаан хүн дөрвөн хар нүгэлтэй ч дөрвөн цагаан буян хийх ёстой нь үлгэр. Орост зэс амин хэрэгтэй байв. Эрдэнэтийн Овоог гэнэт санаж, үүцэлж нөөшилсөн махаа гаргаж байгаа “ах” мэт идэж эхлэв. Дэлхийн зах зээлийн үнээс 3, 4 бүр 5 дахин бага үнээр авна. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын дараа л нэг ямархуу “ах” байсан нь илэрч, мань гомдов. “Курица - не птица, Монголия - не заграница” (Тахиа шувуу биш, Монгол-гадаад биш) гэдэг үг энэ үед л гарсан биз.

Чилийн Гадаад хэргийн сайд А.Фокслийн яриа. Чилийн тухайд эргэн дурсахуйд дээрх номонд бас ирээдүйн энэ орчлонд гурван их гүрэн ноёрхлын төлөө үзнэ–АНУ, Европын Холбоо болон Хятад. (Үгийн далиманд, Оросын сураг чимээ ч тасрав. Ерөнхий сайд маань сая НьюЙорк орж Оросоос өөр улс гүрэн байдгийг үзээ байлгүй) Энэ гурван хэт их гүрний алийг илүү нөлөөтэй болгох, ерөөс ямар шиг глобаль дэг журам тогтох тал дээр II ертөнц бас шийдэлцэх бололтой. Параг Кханнагийн үзэж байгаачлан, II ертөнцөд 100 орчим улс орон багтаж буй. Энэ бүх улс орон улс төр эдийн засаг нийгмийн ямагт хөрвөж өөрчлөгдөж буй орчинд хөгжих дэвжихийг эрэлхийлнэ. Мэдээж хэрэг олон туйлтай болж буй энэ орчлонд зарим боломж бололцооны цонх нэг нээгдэж, хаагдаж явна.
(Монголын хувьд алт зэсний үнийн өсөлтийн үүлэн чөлөөний нар шиг боломжоо тавиад туусан нь ойлгомжтой боллоо. Дэлхийн эдийн засагт хүртэл өвөл зун гэж болдог, заримдаа бүр зудтай өвөл тохиодгийг жилийн дөрвөн улиралд ажралгүй зохицдог нүүдэлчин түмний доожоогүй удам ухаарсангүй. Гэвч амьдрал тэмцэл мөнх. Даагаа нэхэх учраа олох нь чухал) Яг ингэхийн тулд АНУ, Европ ба Хятад гэсэн ертөнцийн гурван туйлт ирээдүйн ертөнцөд улс төр, эдийн засаг, соёлын хэлхээ холбоогоо нягтрах гадаад бодлого барьж, хоёр дугаар ертөнцийн 100 орон эрвийх дэрвийхээрээ үзэж байна. Энд бас Хятад нөгөө хоёр /АНУ, Европ/-ынхоо дотоодод байр сууриа суулгаж байгааг анзааралгүй орхиж боломгүй. Чили гэхэд л Латин Америктаа Хятадын давуу эрхтэй түнш болох зорилго тавьж байна. Саяхан ерөнхийлөгч Барчелет нь Хятадад чухам ийм зорилгоор айлчилсан билээ. Тэдний хувьд ч болж л байна л даа.

Чилийн шинэ сорил-давааны цаана даваа. Саяхан II ертөнцийн орныг бүхэлд нь ‘дундаж орлотой бүлэг’ гэсэн ангилалд оруулж Дэлхийн банк судалгаа хийсэн байна. Үүнд сүүлийн 20-30 жилд Японы араас Испани, Португали, Солонгос, Сингапур болон Тайван зэрэг улс II ертөнцөөс I ертөнцөд анги дэвшиж, шилжилтийг дуусгасан гэж дүгнэлээ. Бас тэднийг сүүл даран нэхэж яваа Малайз, Таиланд ба Чилийг ч цохон тэмдэглэсэн банйа. Бүгд даяршиж буй хавтгай дэлхийд оршиж байгаа. Тэгэхээр, тухайлсан нэг орны хувьд эдийн засгийн өсөлтийн хурд, чадамж бол экспортых нь бүтэц, өсөлтөөс нь шууд хамаарна. Чилийн хувьд экспортын 85% уламжлалт зах зээлд зориулсан “хуучин” бараа, 10% нь түүндээ шинэ зах зээл олсноос, гээд 5% экспортын шинэ нэр төрөл бий болгосон шинэ технологийн бараа эзэлж байна гэсэн нь чиличүүлд чамлалттай байна.

Эдийн засгийн өсөлтийн нэгэнт хүрсэн хурдаа хадгалдах, хурдатгахын тулд Чилийн төр
мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцэд шилжихийг тэргүүн зорилт болгож байна. Энэ бол иргэнийхээ авьяас чадвар, хүний нөөц капиталыг чухалчлан дайчилж, олон улсын зах зээлд өрсөлдөх шинэ чадварыг бий болгоно гэж үзнэ. Монгол мэт булчин шөрмөсийг шүтсэн биш, харин тархи оюуны хөдөлмөрийг илүүтэй үнэлнэ гэсэн үг.
Монгол залуус бөх болно гэж биш харин судлаач, эрдэмтэн болно гэж мөрөөдөx цагт улс орон өсөж өндийх. Төр ийм бодлого барьж болдог юм байна!
Ажиллах хүчний бэлтгэл, боловсролын чанар хамгаас чухал. “Манай сургуулиуд уул уурхайн технологиор ч, эдийн засгийн онолоор ч АНУ-ын түвшинд хүрсэн. Танайх оюутнаа манайд сурга” гэж 1999 онд чили профессор бардам хэлж байсныг санах юу бил ээ? Хэдий тийм ч, Зүүн Азийн түргэн хөгжиж буй улс орноос боловсролын чанарын индескээр 30% хоцорч яваа, яг мэдлэгт тулгуурласан эдийн засагт ажиллах чадвартай мэргэжилтэн чилийн их сургууль төгсөгчдийн 5-хан хувь байна гэж өөрсдийгээ чамлана. Бас хурцална. Монгол боловсрол гэхээр хоосон ходоодны хоржигноон сонсоно. Бас түүнийг үнэгүй дүүргэсэнгүйд шүд хавирах хорслын чахраан... Солонгосын хөдөлмөрийн захыг дээд боловсролын дипломтой хар ажилчнаар хангах үүрэг авсан мэт. Ямар үйлийн үрээр тэр вэ?

Мэдлэг шүтсэн нийгмийн гадаад бодлого. Гол асуудал - боловсролын чанар. [Монгол төр засаг сургууль боловсрол гэхээр барилгынх нь тендерийг хэн авах дээр үзэлцэнэ.] Чилийн төр боловсролын чанар шинэчлэл ярина. Үүнийг хамаг чухалд тооцно. Үр дүн гартал хэдэн сонгуульт хугацаа орох ч гэлээ.
I ертөнцөд дэвшсэн орны туршлага үзнэ. Тэр нь [Орос шиг өөрөө хандив тусламж авсаар яваа оронтой биш] хамгийн хөгжилтэй улс оронд хүн хүчнээ олноор явуулж сургасан байна. Чили баруунд суралцах Засгийн газрын тэтгэлэгт оюутны тоог 80%-иар нэмэхээр шийдлээ. Хөдөөгийн их сургууль төгссөн эсхүл орлоготой багатай оюутныг гадаадад докторантурт хамруулахыг ээлжит зорилт болгов. Үүнийг Чилийн Гадаад хэргийн яам АНУ-ын Төрийн департамент /Америкийн гадаад яам/-тай хамтран хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болгох асуудал тавьж. [Монголын гадаад бодлого гэвэл хоцрогдсон атлаа амбицаа тавиагүй нөгөө бүдүүлэг Оростоо цөмийн зэвсгийн түүхий эд-уран нийлүүлэх тухай л шив дээ. Эсэргүүцвэл буудчих тул Энх тайвны гудмаар нэг гаслаан орилоон.]

Бөмбөрцгийн нөгөө өнцөгт чиличүүл бас гаслана. Өрнөдөд явуулсан оюутны тоогоор /мэдээж хүн амдаа жишсэн тоогоор/ чиличүүл Өмнөд Солонгос, Тайванийн 10%-тай л байна, бүр Австрали, Шинэ Зелландаас ч 50% доогуур байна гэж гаслана. Газар газрын гаслан хүртэл өөр...

Энэ бол дэлхийн шилдэг их сургуулиудад явуулах чили залуусыг тоог хэдэн зуу, хэдэн мянга дахин нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн үг гэж Гадаад хэргийн сайд Александро Фоксли учирлана. Ерөнхийлөгч Бачелетийн Гордон Браунтай ярьсан гол сэдэв. Их Британи ч энэ бодлогыг нь дэмжихээр болов. Харин Орост уран нийлүүлэх Монголын гадаад бодлогыг дэмжих бол уу, яах бол?

Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжихийг түргэтгэх бас нэг арга байна. Энэ бол их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн шууд харилцаа солилцоо бас газар дэлхий өөр өнцөгт байдаг ч хамтрагч шинэ технологийн компаниуд хэлхээ холбоогоо өргөтгөхийг хөнгөвчлөн түргэтгэж өөр өөр газар улсад байгаа ажлын туршлага, шинэ санаа технологийг хослуулан хамтатгах асуудал. Иймд,
гадаад бодлогын өөр нэг гол чиглэл бол иргэний нийгмийн санаачилгыг хөхүүлэн дэмжсэн хэлхээ холбоо, олон улсын гэрээг улс хооронд байгуулах явдал гэнээ. “Чили-Калифорнийн 21 дугаар зууны Санаачлага” баримт бичгийн гол үзэл санаа нь энэ. Бүр ажиллаад эхэлчихсэн. Европын Холбоотой ч ажиллаж байгаа, ялангуяа Их Британитай энэ талд нэлээд ахицтай байгаа.

Энэ мэтээр Чили улс I ертөнцийн нийгэмд дэвших заяа төөргөө гартаа аван сэтгэл шулуудаж. Эзэн хичээвэл заяа хичээнэ. 1960-аад онд маний адил Оросын түүхий эдийн колони байсан л улс. Америкийг дагавал алдахгүй гэж... Үнэн байж.
Чили шинэ сайхан нутаг сэлгэн нүүв. Монгол хуучин бууриндаа эргэж хургасаар...

Я.Очирсүх
www.ochirsukh.blogspot.com

Зууны мэдээ 2008 оны 12 дугаар сарын 23-ны дугаарт товчлон нийтлэгдэв

1 comment:

Anonymous said...

Үнэхээр гоё бичжээ. үүнийг олон хүн уншиж нэгийг бодоосой доо