Мөнхийн нөхөр эсхүл дайсан гэж үгүй
Гагц эрх ашиг гэдэг мөнх оршино
(Уинстон Черчилль)
Гагц эрх ашиг гэдэг мөнх оршино
(Уинстон Черчилль)
Дотоод эрхзүйн орчин: Монгол улсад газрын тосны илэрц байгаа, харин хайгуул хийгээд ядаж дотоодын хэрэгцээг хангачих хэмжээгээр олдоогүй ч, олборлолт явагдаж, бүр экспортлож ч байгаа. Яг хэдийг экспортод гаргаж байгаагаа засаг мэдэж байгаа болов уу? Сүүлийн жилд хайгуул олборлолт хятадын төрийн компаний мэдэлд очсоноос хойш хайгуул олборлолтод оруулах хөрөнгө оруулалт эрс өсч байгаа. Манай талаас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэмээх байгууллага шийдэж, АМГТХЭГ (Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар) гэдэг Үйлдвэр Худалдааны сайдад хамаардаг ч, хамааралгүй ч юм шиг байгууллага хэрэгжүүлнэ. “Газрын тосны тухай” хуулинд чухамдаа энэ л байгууллага газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг төлөвлөж, өөрөө монголын төрийн төлөөлж байгуулах, бас хяналтыг нь “зөвхөн” дангаараа тавих эрхтэй гажиг хууль тогтоцтой. Ардын Их Хурал гэж байхад сум нэгдлийн дарга нар голцуу девтаат нар баталсан хуулийн энэ гажиг заалт амь бөхтэй зуун мянган дамжсаар байгаа тухайд нас дээр гарсан ч ажил мэдэх эрүүл ухаантай бас энэ хуулийг батлалцсан нэгэн төрийн хар хүн халаглана. Байгаль орчныг хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх тухай өөр нэгэн зөв хуулийг Ардчилсан холбоо эвслийн засгийн үед есөн жилийн өмнө баталсан. Тэр нь хэрэгждэггүй. Уг нь байгалийн нөөц баялгийг ашигласан орлогын тодорхой хувийг аймаг сум орон нутагт нь хуваарилах бөгөөд тэрнээс нь байгаль орны хяналт, хамгаалах арга хэмжээг санхүүжүүлэх утгатай юм билээ. Бас орон нутгийнхан уурхай энэ тэрийн байгаль хамгааллын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих энэ тэр эрхийг өгсөн хуулиуд бас бий л дээ. Сайн хууль нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй, саар хууль нь ягштал хэрэгжинэ.
Үүссэн нөхцөл байдал:
Газрын тосны үнэ сүүлийн жилүүдэд эрс өслөө. Баррель нь 135 доллар болов.
200 хүрнэ ч гэсэн яриа байна. Урьд хожид үзэгдээгүй үнэ. Гэхдээ иймэрхүү үнийн өсөлт урьд болж байсан уу гэвэл байсан. Далаад онд. Тэр үед нефть олборлогч орнууд нэлээд баяжсан. Нигери улс бүр ирээдүйн орлогоороо барьцаалж зээллэгээ авч, манай мэтийн мянганы зам болон шинэ нийслэл барих аварга төслийг татвар төлөгчийн мөнгөөр хийж эхэлсэн. Гэтэл газрын тосны үнийн глобаль асуудлыг америк цэрэг ч биш харин технологийн хөгжил, зах зээл жамаараа шийдэж орхив. Шатахууны хэмнэлттэй машин гарч, нефтийн үнэ ч аажим буулаа. Нигери улс дуусаагүй нийслэл, бас дуусаагүй мянганы замтайгаа л үлджээ. Дээр нь дааж давшгүй бөөр өр. Ядуурал, гуйланчлал иргэний дайн самуунаас салахаа больсон.
Саяхан ерээд оны сүүлээр алтны үнэ унаж унци нь 250 (одоогийнхоос дөрөв дахин доогуур!) долларт хүрч шалдаа бууж билээ. Би гэрч нь. Монгол мэтийн зарим төр цалингаа тавьж чадахгүйд хүрсэн. Хүмүүс цалин нэмэхээ байг гэхэд цагт нь тавихыг бод л доо гэдэг байв. Зарим олон улсын банк, дэлхийн нэртэй судлаачид хүртэл удахгүй алтаар жорлонгийн суултуур хийх болно гэж байлаа. Гэтэл одоо юу болж байна даа?
Шийдэл:
Засгийн газрын хувилбар: Нэг хэсэг татвар төлөгчийн мөнгөөр үнийн өсөлтийг хаах гэж байснаа зах зээл нь шийдэг гээд орхив. Энэ бол Баярын тэргүүлсэн кабинетийн магад хамаг зөв шийд. Гэтэл Оросын нэгэн компани газрын тос нийлүүлсний төлөө Монголын засгийн газрыг барьцаалан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан дотоодын зах зээлийг залгихыг оролдох аж. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэгчийн үлгэр ярина. Гэвчиг өнөө маргаашийг л аргалах төдий. Харин маргаашийн өөх биш, арай гэж гаргасан Орос цэргийг комисартай нь дагуулж ирвэл яана? Юутай ч өөсрсдийгээ дөрлүүлэх “Их өрийн хөшүүрэг”-ийг хэдэн жилийн өмнө устгаж дарсан нь олзуурхууштай. Монголыг тусгаар улс шиг элдэв дарамтгүй асуудалд хандах объектив нөхцлийг бүрдүүлж байна.
Засгаас бас нүүрсийг шингэрүүлж газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах хувилбарыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Дэмжүүштэй л санал. Харин хэрхэн яаж дэмжихээ тодорхой хэлсэнгүй. Аль Дэлхийн 2 дугаар дайны үед Германд анх гаргаж хэрэглэж байсан гэхээр нэлээд туршигдсан технологи. Харин манайх ухсан газар болгонд шахуу нүүрс гарна. Юу байна, нүүрс байна. Хүрэн, хар, коскжих, коксжоогүйтэйгээ, нуль нүүрс. Татвар төлөгчийн мөнгийг ашиглахгүй бол сайнсан. Ирээдүйн татвар төлөгчийн мөнгийг ч ашиглахгүй бол бүр сайн.
Бас тэртээ тэргүй Монголыг олж хараад сонирхоод ирэх барууны хөрөнгө оруулагчийн ажлыг дэмжиж гавьдаггүй юмаа гэхэд хүнд сурталдаж саад тогтор болохгүй, бас дээрэмдэхгүй, ил далд авилга нэхэхгүй байвал барав. Гурван сар болоход (монгол хүний анхаарал нэгэн улирлаас илүүтэй төвлөрөх боломж гений хувьд дутуу гэдгээ хүлээе л дээ! Энэ тал дээр англи хэл заадаг Арго багшийн зөв.) ашиглалтад өгөхгүй бол шал худлаа гэж нүүр буруулахгүй, дараагийн засаг нь одооныхтойгоо нэг үгтэй л байвал боллоо. Мартсанаас, аль 1999-2000 онд ярьж байсан алт зэс, ноолуур, газрын тос зэрэг амин түүхий эдийн олон улсын зах зээлийн үнийн эрдслээс хамгаалах хөтөлбөрийг ухаж нэг гаргаж ирвэл ямар? Уг нь Дэлхийн банк дэмжиж байсан ш дээ. Тухайн үеийн Засгийн газар нас богинотой байснаас хэрэгжүүлж амжаагүй. Төрийн ажил уламжлал шинэчлэл гэдэг. Одоогийн засаг ухаж гаргах компани байгуулахаа л яриад байх юм. Бараг байгуулсан дуулдана лээ. Гэтэл асуудал нь ҮНЭ шүү дээ! Гээд үнийн эрсдэл ба түүнийг хэрхэн тойрон гарахаа л яримаар байна. Энэ бол уурхайчдын мэддэг асуудал биш харин санхүүчдийн тэр дундаа “муу нэртэй луу данстай” дилерийн асуудал.
Зах зээлийн хувилбар: Бид ч улс орноо Евро-Азийн хуучин машины хогийн цэг болгосоор. Тэрнийхээ өмнө хэдэн жил хотынхоо агаар униарт хувь оруулсаар л. Морьтон ард түмэн морийг нэг бүрийн тээврийн хэрэгслэл байдлаар хэрэглэж сурсан тул хүн бүр ганцаараа шахам явдаг атал заавал 4 хүний суудалтайг унана. Бэлтэй нэгэн хөрөнгөө гайхуулж бүр том жийп унана. Тэгэх мөртлөө түрээсийн байранд сууна. Соёлт ертөнцөд уг нь жийпийг хөдөөний, ажлын унаа гээд хотод дайгдсан нэгнээсээ уучлал гуйна. Мэдээж Орос, Монгол, Казахстан гуравт бол өөр л дөө. Англид нэг байгууллагад ажилладаг ойролцоо гэртэй хүмүүс дөрөв дөрвөөрөө хоршиж, нэгнийхээ машинаар ажилдаа ирж очдог зэргээр зохион байгуулалтын ч асуудлаар эко-хөдөлгөөнийг өрнүүлнэ. Бензин зарцуулалтыг 4 дахин бууруулна. Машинтайг чинь мэдэж байна гэсэн үг. Бас манайх шиг замын цагдаа нар машины тооллого, техникийн үзлэгийг хийхгүй, харин ногоон хөдөлгөөнийхэнд даатгажээ. Тэд үзлэгийг бичиг баримтыг цуглуулж ирээд тамгалаад хийх магадлал бага тул хар утаа баагиулсан тэрэг хотоор нь явдаггүй. Хөгжил дэвшил урагшилсаар зөвхөн бензинээр биш харин хийгээр явдаг, гибрид, шатахуун бага хэрэглэдэг машинууд зохиосон байна. Цахилгаан, нарны зайгаар явдаг машин ч хүртэл байна. Арай арваад жилийн өмнө дэлхийд нэртэй Америкийн Тексако-г үгийн солиогүй шахам хаалганаасаа буцаахдаа Роснефтийг бойжиж мөнгөтэй болохыг хүлээгээгүй биз? Чилид Сальвадор Альендэ унаагүйсэн бол оросууд өнөөг хүртэл Эрдэнэтийн овоонд зэс байхгүй гээд суух энүүхэнд. Ямартай ч, Роснефть “цор ганц” зөв шийдэл биш.
Газрын тос олборлолтын өнөөгийн байдал.
Хятад компаний асуудал. Энэ хугацаанд түрүүн байгуулсан гэрээний хэрэгжилтээ нэг эргэн харж, чухам яг хэдийг олборлоод байгаа, бас хэдийг экспортлоод байгаагаа тодруулбал зүгээр. Петро Чайна Дайчин Тамсаг (Эх компани нь Хятадын хамгийн том төрийн өмчит нефтийн мангас болох Петро Чайна) компаний олборлолт “албан ёсоор” зогчихсон өвлийн улиралд очиход зөвхөн төв байрных нь л дэргэд хүнд даацын цистерн 60-70-ыг өнгөрсөн өвөл нүдээрээ харж билээ. Бүгд хятад бөгөөд ДОА гэсэн давхар монгол дугаартай. Харин Дорнодын тоо бүртгэл анги замын цагдаагийн хэлтсээсээ ДОА дугаартай энэ компаний нэр дээрх машины тоог долоо хоног шаардаад цаадуул нь партизан шиг гүрийгээд гаргаж өгөөгүйг бас санаж байна. Газрын тосны талбай гэдэг нь Улаанбаатарт олж харамгүй өргөн зам, уулзвартай. Энэ замууд хөрс, дараа нь элс гээд хийсч болдог нь дорнод Монголын ширүүн салхинд хийсч дуусаад чулуужин дагтаршсан газартай, учир утга нь олдохгүй шинэ хуучин нийлсэн хэд хэдэн дүүрэгтэй бүрэн хэмжээний Чайнатаун. Бүх хаяг, замын тэмдэглэл ханзаар. Энд тэндгүй улаан туг дарцаг. Хятадад оюутан байхдаа төөрөөд нэгэн тосгонд орчихсон мэт санагдсан. Энд монголоор ярихыг бүрмөсөн хориглосон. Монгол нь монголоо хараад зугтана. Зам заах монгол олдохгүй тул мартах шахсан хазгай хятад хэлээрээ нэгэн хятад ажилчнаар газарчлуулан дарга дээр нь очиж танилцаад, ярих гэсэн боловч Дайчин компанийхан биш харин туслан гүйцэтгэгч нэгэн жижиг хятад компаний удирдлага болж таарав. Байгаль хамгаалах ажлаар явж байсан тул нутгийн иргэдийн шаардлагыг дамжуулан толгой компанийхнийг нь заалган газарчлуулж нэг очиж билээ. Дарга нар нь хятадаас өөр хэлгүй боловч, Дорнодынхныг ажилд авахдаа англи хэлгүй гэж гадуурхана. Бараг л эсперанто эсвэл язу хэлний шалгалт авна гэх холгүй. Гол нь явуулын монголчуултай болон ер нь монголоор яривал шууд хална. Хорь гучин кмт байдаг Зүүн булаг руу зүгээр л хоёр зээрдээр нь алхуулна.
Төр ба түмэн: Усны төлбөр гээд сум орон нутагт ордог ганц төрлийн орлогын нэгэн жилийн 50 сая төгрөгийг түрүүчийн засаг дарга нь аваад алга болсон тухай Матад сумын иргэд гомдоллоно. Монголдоо л газрын тос ганцаараа олборлож байгаа энэ суманд явуулын хүн хоног төөрүүлэх буудал байтугай хооллочих нэг цайны газаргүй. Тамгын газрынхан лааны гэрэлд суусанд ардаа гэрэлтэй асаагуур нэгийг хандивлаж буян болов. Монголдоо хамгийн том нутаг дэвсгэртэй сумдад тооцогдох Матад хийгээд Халхгол гэсэн хоёр сумын нутаг дэвсгэрийн гуравны хоёрыг энэ компаний мэдлийн хайгуулын талбай эзэлдэг гэнэ. Хятад жолооч нар хүнд даацын машинаар хээр тал дээгүүр хэрэн хэсч, зээр болон бэлчээрийг сүйтгэж байгааг шүүмжлэн сумын насанд хүрсэн хүн амын 20-30 хувь нь гарын үсэг зурсан сонордуулга хүртэл аймгийн сониндоо хэвлүүлж хирдээ л нутаг орноо өмгөөлж тэмцсэн байна. Гэтэл Газрын тосны хуулийн дагуу цор ганцаар хяналт хэрэгжүүлэх эрх бүхий АМГТХЭГ. Асуудал эрхэлсэн төрийн төвийн энэ байгууллагын тухайн компани дээрх төлөөлөгч давхиж ирэн сумын иргэдийг цуглуулж “Хэн ийм юм зохион байгуулаад байна? Амьтай чинь ярина шүү” гэсэн тухай Матад сумынхан шивэр авир хийнэ. Жийптэй дарга нар малчдын хотоор ч явж айлган сүрдүүлсэн сурагтай. Хил гаалийн дарга нь тэр нөхрийн төрсөн хүү ч гэх шиг. Муу нэртэй луу данстай банкныхан харин ардчилсан засгийн үед шинэчлэл дорвитой хийсний дүнд юутай ч ашиг сонирхлын зөрчил, ойрын цусан төрлийг харилцан хамааралтай албан тушаалд тавьдаггүй журамтай, тэрнийгээ ч ягштал мөрддөг тул ийм юм сонсоод арай ч дээ гэмээр. Харин Дайчин компаний талбай дээрх байгаль хамгаалал хариуцсан удирдлага ч тэр, Монгол төрийн төвийн төлөөлөгч нөгөө том гар ч тэр урьдчилан хэлүүлсээр атал НҮБ-ийн зөвлөхийг очихоос арван минутын өмнө “онц яаралтай” ажлаар гараад явчихсан байв. Тэгэх нь гэм биш зан гэнэ. Газрын тосны Тамсагийн талбайгаас хилийн дээс хүрэх 180 км замаар зуу гаруй км давхихад энд тэндгүй 5-6, зарим газраа арав салаалж зэрэгцсэн замбараагүй замыг харан олны ам ортойг нүдээр үзэв. Цааш явах төсөвгүй бөгөөд Сүхбаатар аймагт зорьсон ажилтай байсан тул хил дээр очиж чадаагүй. Чадалтайгаараа, төр засаг минь хянаад Матадын түмэнд нэг хэлээч. Монгол улсад амин чухал болоод байгаа газрын тосны хэрэг нэг иймэрхүү хэрэгжиж байна. Хятадын компани, Монголын төрд хавсран цохиулсан Дорнод Монголын түмэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн үлгэр болж байна. Матадын талд шүдэнз зурахад мөргөлдөөн гарахад бэлэн болтлоо улайссаныг яалтай вэ? Саар хуулиа өөрчилж, сайн хуулиа хэрэгжих, хянах бодит механизмыг бодвол ямар.
P.S.
Эргэж ирээд “Эрдэс баялгийн хараалыг хариулахуй” номыг орчуулах хэрэгтэй гэж бодсон. Бас сэтгүүлчийн мэргэжлийн зах зухыг эзэмшихээр шийдэж билээ. “Замын-Үүдийн чөлөөт бүстэй бүсгүй бид хохирохгүй” гэдгийн адил газрын тосгүй бид бас хохирохгүй юм уу? Тосны зам бидэнд юу авчирнам бэ? Нүүрснээс бензин гаргахаа л өнгөрсөн дөрвөн сарын нэгэн бас битгий л болгоосой доо.
Гарц хайсан бодрол: Хойд Америк болон баруун Европын компаниуд бол гадаадад ч, тэр дотроо Монголд хахууль өгч, гар цайлгахыг хуулиар хориглосон, бас хөрөнгийн биржид бүртгэлтэй тул тухайн улсынхаа Үнэт цаасны хороо, байгаль орчинд ээлтэй олон хувьцаа эзэмшигчдийнхээ хяналтад байдаг. Харин өрнийхнийг зайлуулж, орос хятадыг давраах нь манай төрийн авилга мэтийн ахуйн асуудал уу, аль эсвэл хүчээ авч буй аварга хөршүүдийн маань хавсарсан геополитик уу гэдэг л уг нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн хэлэлцэх асуудал байлтай. Нэгд, гадаадад авилга өгөхийг хориглосон хуультай улсын хоёрт, өрнөдийн аль нэг санхүүгийн төвийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, зохих санхүүгийн чадавхи бүхий (түүний Монголд бүртгүүлсэн 100 хувийн мэдлийн охин компани биш) тийм л компанийг Монголд уул уурхай эрхлэхийг зөвшөөрсөн хуультай болоход олон хүнд асуудлаас монголчуулаа гэтэлгэнэ дээ.
Мөн Хилийн чанад дахь авилгын эсрэг хуультай болохыг Орос, Хятадын төрд уриалсан яриа хэлэлцээ эхлүүлэх тал дээр одоогийн Засгийн газрын үндсэн чиг үүргийн сайдуудыг сонгох УИХ-ын чуулган дээр манай Ардчилсан намаас сонгогдсон нэгэн гишүүн захиа даалгавар тод хэлж өгч байсныг санаж байна. Монголын баялаг хэрэгтэй бол манай дүрмээр тоглож бололгүй дээ. Хүний талбай дээр өөрийн дүрмээр тоглох гээд байдаг орос, хятад, ер нь хэнтэй ч тэр эрх тэгш харьцаж, олон түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах нь Монгол төрийн үүрэг.
“Орос шиг л бай”: “Орос ах”, “Орос шиг л бай” гэсэн өнгөрсөн зуунд үлдсэн Оросын боолын гуйлгачин сэтгэхүй манай талаас, Өрнийнхөнд хандан “Монголтой юу ярихгаад байгаа юм. Бидний боол. Бид очоод бүхнийг нь үнэгүй аваад ирье. Тэд дээр нь бас баярлалаа гэж хэлдэг юм” гэх ичгүүр сонжүүргүй зарлах дээрэмчин бароны сэтгэлгээ Оросын талаас, хоёр улсын эрх тэгш эрүүл саруул эдийн засгийн харилцааны хөгжилд гол саад бэрхшээл болсоор байна.
Манайд байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг офицерийг 1989 онд гаргахдаа Шивэрийн тэсгим хүйтэнд гэр бүл, нялх нойтонтой нь хамт майханд өвөлжүүлсэн гэдэг. Үнэн бол хэцүү л хэрэг. Үүнийг Монголын эсрэг Оросын олон түмний санаа бодлыг эргүүлэх гэсэн эзэрхэг түрэмгий хэтийн бодлого гэх үү, эсхүл цаг үеийн хүндрэл хямралаас улбаатай аргагүй үйлдэл гэж ойлгох уу. Язгуур эрх ашгаа ухаардаг улс бол нот бичиг явуулж албан ёсоор тодруулах л асуудлын нэг. Баримт хуучирдаггүй. Бас Монголыг доош хийхийг бараг л Оросын үндэсний язгуур урлагийн түвшинд хөхиүлэн хөгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ? Сав л хийвэл “Одоо Монгол хүртэл биднийг ойшоохоо болилоо” гэсэн утгатай юм хашгичиж суудаг Жириновский мэтийн Думын гишүүдийн үгсийн талаар Оросын төрийн байр суурийг албан ёсоор авч байхад ч илүүдэхгүй. Баримт гурав болохоороо хандлага болдог гэсэн болохоор үүгээр зогсоё. Аягүй бол хоёр улсын харьцаанд сэв суулгасан ялд унана. Ямартай ч өнөөгийн бидний ядрах үест голлох хандивлагч болох япончуул оросуудыг яг бид хятадыг муу санаатай гэдэг шиг үзнэ. Бараг тэрнээс мууд үздэг. Бид ерээд онд Америк болон тэдний дагуул улс орон оросыг ёстой “амьтан” болгож байсныг даган баясаагүй, жудагтай л явсан. Харин бидний талаар Оросын ямар хандлага харьцааг өөгшүүлж дэмжээд үр ач нартаа өвлүүлэх гээд байгаа талаараа бол бодууштай. Хөх Монголын үс сад үнэнийг мэдэх эрхтэй.
Орос төрийн гарал үүсэл. Орос улс ч гэсэн бидний нэгэн адил унаж босож, өнгөрүүлсэн эрт эдүүгээгийн түүхээ эргэн харж байгаа л цаг. Мушгаа гол дээрх тосгоныг Батхааны цэргийн толгойн сэргийлэх ангийн ганц аравт олж нээгээгүйсэн бол, бас 300-гаад жилийн турш өрнө зүгийн дайнч овгийнхноос өмгөөлж хамгаалан хөл дээр нь босгоогүй бол өнөөгийн Оросын төр байгаа ч уу, үгүй ч үү. (Монгол цэрэг анх очиход Днепр мөрний сав газар Киевын Урус хэмээх бичилхээн вант улс байж. Одоогийн Оросын төрд хамааралтай ч юм шиг, бас шинэ тусгаар болсон Украин хамааралгүй ч юм шиг. Товчоор хэлбэл маргаантай. Скандинав гаралтай викингийн дайчид байгуулсан гэж барууныхан үздэг. “Викингар” гэдэг нь тэр үеийн скандинавчуулын худам норс хэлээр “дайнч, түрэмгий дээрэмчин” гэсэн утгатай. Одоо бол Скандинавын викингаруудын удам өөр бусад газар дээрэм тонуул хийхээ болиод боловсон арилжаа худалдаа хийдэг ёс жудагтай христчид болсон. Энэ талаар тухайлбал, Ж.Даймондын “Сүйрэл: Мөхөж сөнөх, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухайд” номноос дэлгэрэнгүй харж болно. Зөвлөлт, Оросын албан ёсны үе үеийн түүхийн сурах бичиг энэ тэрд энэ тухай нэг үг үсэг олохгүй. Саяхнаас, түүхээ рэгэн харж бичсэн шинэчилсэн найруулгын талаар олон ангит баримтат кино гарсан боловч тэнд ч бас л юу ч байхгүй. Тиймээс, Мушгаа, Эрхүү хавьцаа боловсорсон нэгнээс Оросын үнэн түүхийг мэдээж үл сонсоно. Киевийн Урусынхан монгол элчийг хөнөөсөн тул Зэв, Сүвээдэй нарын тэргүүлсэн монгол цэргийн хошууч ангид мөхөөгдсөн. Хэдэн жилийн дараа нөгөө аравтын цэргийн олсон мушгирсан гол дээрх тосгон руу нийслэлийг нь нүүлгэж, Мушгиа хот гэж нэрийдсэн. Бас анх нээсэн аравтын цэргийн дурсгалаар гол гудмыг нь Аравтынх гэж нэрийдсэн нь өнөөгийн монголчуул Рыбаковын “Арбатын хүүхдүүд” романаас мэдэх болсон. Уг нь бол “Аравтын гудамны хүүхдүүд” гэж орчуулах байж. Ийнхүү монголын эрин үе Оросын түүхэнд 13 дугаар зуунд эхэлж, бараг Петр I хааны шинэчлэлийг хүртэл үргэлжилсэн гэж хэлж болно. Викингар болон монгол гээд нэг талаас ази европын гэмээр, нөгөө талаас хуурай газрын болон далайн хоёр зард гарсан дээрэмчиний цус холилдсондоо ч тэр үү Оросын үе үеийн төр цагаан улаан олон өнгөтэй байсан авч дээрэмчин төрх нь арилаагүй, нөгөө л Киевийн Урусын викингар мэт сэтгэж, хорь дугаар зууны эхний хагасыг дуустал бусад улс орны элч, төрийн тэргүүн, сайд нарыг хүртэл хөнөөсөөр ирсэн.
Монголын эсрэг үзэл: Ялангуяа гарал үүслийн хэлхээ холбоо нь хэнд ч тодорхой буурал бөгөөд буурай болсон Монголдоо өширхдөгөөрөө хорвоогийн чихийг дэлдийлгэнэ. Батхаан болон түүний Орост очиж үзээгүй өвөг Чингисхааны алтан ураг Боржигон овогтныг Ар Монгол гэдэг газар боловсон ёс нийтийн жишиг болсон 20 дугаар зууны 30-аад онд системтэй геноцидыг амжилттай гүйцэтгэсэн. Бусдад үрсчлүүлж аймаг сум дамнуулж гэмээн амь хэлтэрсэн цөөхөн хэдэн хойчисыг эс тооцвол Халхын хавтгайд лав Боржигон овогтон үлдээгүй. Ардчиллын буянаар хэт өсөж үржсэн Боржигинууд бол 99-өөс дээш хувь нь хоёроос таван буудал, усны гудамжны гаралтай хуачао нар. Жүүдийг аймаглан устгаж болно гэдэг санаа магад Гитлер мэтэд Оросууд үлгэрлэсэн ч байж болох. Муу юм халдвар сайтай. Орчин цагийн Оросын Монголын эсрэг үзлийн онолын үндэс нь бас л Герман буюу Дэлхийн II дайнтай холбоотой. Сталин өөрийгээ Гмтлерээс ухаантай тооцож байсан чинь нөгөөдөх нь гэнэдүүлээд дайрахад балмагдаад сар орчим үзэгдэж харагдахгүй болсон гэдэг. Арай гэж нэг юм ухаан ороод батлан хамгаалах зэр зэвсгийн болон балмагдсан олон түмнийг хүчийг нэгтгэх үзэл суртлын ажлын зохион байгуулалтад орсон. Тэр хүрээнд Гитлер бол шинэ цагийн Чингисхаан, харин немцүүд бол орчин цагийн монгол татаарууд гэсэн үзэл суртал гаргаж, В.Ян гэдэг нууц нэртэй Янчеевский бил үү нэгэнд даалгавар өгөн 13 дугаар зууны монголын байлдан дагууллын талаар захиалгат дөрвөн дэвтэр романыг шуурхай бичүүлсэн. Уншсан хүн бүхний сэтгэлд монгол гэж ямар балиар амьтас вэ? гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Мэдээж хэрэг, өрнийн зарим судлаачийн санаа бодлыг цухалзуулж, Орос бол тал нутаг болон Монголтой хүйн холбоотой гэсэн санааг гаргах тэрс үзэлтэн Гумилев зэргээр гарч байсан л даа. Тийм хүмүүсийг насаар нь цөлж хорин, хэвлэн нийтлэх эрхийг нь хэдэн арван жилээр хорьж байв.
Ерээд онд Оросын анхны “ардчилсан эзэн хаан” Елцин ХНО-ын уулзалт дээр согтчихоод “ах дүү” орнуудын ерөнхийлөгч нарын толгой дээр нь нэгдүгээр хоолны хүнд төмөр халбага хоёрыг гартаа барьж байгаад бөмбөр тоглох хоббийтэй байсан гэдэг. Монгол язгууртай гэдгээ хүлээн зөвшөөрдгөөрөө Хиргисийн ерөнхийлөгч хамгийн олон бөмбөрийн үүргийг гүйцэтгэсэн сурагтай. Одоогийн Оросын удирдлагын баг Гумилев болон декабристуудын төрсөн хот болох арай европжуу, соёл иргэншилээр ч илүү СанктПитерээс үүдэлтэй тул монголын талаарх албан ёсны үзэл баримтлалд өөрчлөлт гарах горьдлого байж болох. Эсрэг тохиолдолд Хятад төвтэй, Орос дагуултайгаас биш, Варшавын гэрээний байгууллагын шинэчилдсэн хувилбар болох Шанхайн тавд бус харин НАТО-д элсэхээс өөр хувилбар бидэнд үлдэх гэж үү? Гээд Оростой ураны асуудлаар хэлхэлдэнэ гэдэг ер юу болоод байна даа?
Тэрс хувилбар: Монголын төр хулчийгаад байвал овог язгуураа таслуулсан Боржгин овогтнууд иргэний шугамаар нөхөн төлбөр гаргуулах талаар Оросыг мөнгөтэй болсон дээр нь олон улсын шүүхэд хандвал хоосон хоцрохгүй нь лавтай. Энэ бол Чингис хааныг суу билгийг архи тамхи бас үнэт хөшөөн дээр мөнхлөхөөс хавьгүй даацтай хүндэтгэл болно.)
Шеремевийн хил гаалиар ороход ганц дүрэм барихгүй бол Оросын викингар сэтгэлгээний бүхий л үр дагаварыг биеэр үзнэ. Тэр дүрэм бол “Духан дээр чинь “монгол” гэж бичээгүй тул оросоор бүү ярь! Аягүй бол өөрийнхээ нэг бага явж байна гээд бодвол бүүр даварна. Англи, франц, герман, ер нь мэдэхгүй ч байсан ямар нэг европ хэлээр бол болно. Оросууд ойлгохгүй ч ‘Ямар овоо онигор вэ’ гээд гайгүй өнгөрөөх магадлал өндөр.” Мартаад, хэл хальтраад оросоор дуугарах бүрийд харуусах болно. Бас зөвхөн гар тээштэй яв!
Нүдээ нээгээд харвал, ой санамжаа харь гаригийнханд арчуулаагүй л юм бол Аравтын гудамны хүүхдүүд Хэрэм дотроо ороод суухаараа л хүн биш болдгийг олон баримт өгүүлнэ. ЗХУ гэж байхад оросууд зүүн Германтай хамтын ажиллагааны ашгаа ах дүүгийн ёсоор хуваая гэхэд цаадуул нь “Үгүй. Тэнцүүхэн хуваая” гэсэн онигоо байдаг. Ойртой хөндийвтэр, холтой урагсдаг улс төрийн гадаад бодлого дахь хуулийг Макиявелли гэгч уул нь манай Чингис хаанаас зээлсэн гэнэ лээ. Ре-экспорт хийх цаг болсон биз.
Бас чихээрээ сонсон уярч сэтгэлээ бусад бүхнийхээ хамт өгдөг эм үндэстэн байхаа больж, нүдээ нээн баримт харж, тархиараа шийд гаргадаг эр үндэстэн болууштай.
Нийтлэг эрх ашиг. Уг нь хөрш улс оронд нийтлэг эрх ашиг гэвэл зөндөө л байна. Монгол болон Монголоор дамжин Хятадтай худалдаагаа өргөтгөхийг хүсэж байгаа бол Орос орон манай голлох донор болох Азийн Хөгжлийн банкны гишүүн болохыг сонирхож болно. Үүнийг нь бид дэмжээд элссэн нөхцөлд Оросын компаниуд АХБ-ны тендерт амжилттай оролцож, бүтээгдэхүүнээ Монголын болон Азийн банкны гишүүн бусад орны зах зээлд нийлүүлэх бүрэн бололцоотой. Бас худалдаа тарифын хэлэлцээрээр манай мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдэд тавьсан дээрмийн гэмээр гаалийн татвар хураамжаа хөнгөлбөл хэдэн сараар шахам мах идэхгүй болсон Шивэрийнхэн сайхан монгол хонь үхрийн шөл уух л байх. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн бүх улсыг АХБ-инд элсэхэд нь бид дэмжсэн явдал бас бидний эрх ашигт давхар нийцсэнийх л байсан. Оросыг Дэлхийн Худалдааны Байгуулллагад элсэнэ гэвэл бид санал өгч дэмжих нь бидний язгуур эрх ашиг. Роснефть Нью-Йоркийн биржийн ханшаар бүтээгдэхүүнээ нийлүүлэх шаардлагыг хүлээн авууштай. Харин манай үхэр хонины мах гээд мал аж ахуйн болон хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг бас Нью Йоркийн биржийн ханшаар Оросууд авахад юу саад болоод байна? Ковыткинскийн байгалийн хийн ордоос заавал Монголыг тойруулж хоолойг Хятад руу оруулж шийдсэн л гэсэн. Бөөн харуусал. Нэгэнт өнгөрсөн гээд ямар орхилтой биш. Дахиад нэг хоолой Монголоор дамжуулж бариад дөтлөх нь Оросын ямар эрх ашигт харшлаад байгаа нь ойлгомжгүй. Орос л “За” гэвэл энэ төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагч хэзээд олдоно. Бид өөрснөө ч санхүүжүүлэхэд буруудахгүй. Манайхан л асуудалд мэдлэгтэй, бас тусгаар улс шиг эрх тэгш өөртөө итгэлтэй ханддаг болмоор. Газрын тос, эрчим хүч нуль геополитик тул сэдвээс хальсныг уншигч авхай уучилна биз.
Дотооддоо бол Эрдэс баялгийн хараалын бүх шинж тэмдэг илэрч, онолын биш харин практик тулгамдсан асуудал болоод байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүндрэхээс нь өмнө хариулахаа бодно байгаа.
Я.ОЧИРСҮХ
yochir@hotmail.com
No comments:
Post a Comment