Мөхлийн шийдэлд хамтдаа.


Жэред Даймонд Сүйрэл: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухайд (Jared Diamond, Collapse: How Societies Choose to Fail or Succeed) номын “Зарим нийгэм сүйрэлд хүргэм шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ” гэсэн 14 дүгээр бүлэгээс товчлон хөрвүүлж хэвлэлд бэлтгэн үүгээр хүргүүлж байна. Тус ном бүрэн эхээрээ Нээлттэй Нийгмийн Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр орчуулагдаж уншигч таны гар дээр очсон болохыг дурдан энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


НИЙГЭМ СҮЙРЭЛД ХҮРГЭМ ШИЙДВЭРИЙГ ХЭРХЭН ГАРГАДАГ ТУХАЙД

Амжилтанд хүрэх жор ▪ Урьдчилан харах чадварын хомсдол ▪ Асуудлыг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх чадварын хомсдол ▪ Санаатай муу үйл ▪ Сүйрэлд хүргэм үнэт зүйлс ▪ Бусад төрлийн санаандгүй алдаа завхрал ▪ Ажилтгүй шийдэл ▪ Итгэл найдахын учир ▪

Амжилтанд хүрэх жор ▪

Эрт эдүүгээ баларч улирсан нийгмийн сүйрэл энэ дэлхийд бишгүй дээ л тохиосныг түүх гэрчилнэ. Ийм олон улс нийгэм сүйрэлд хүргэм айхтар алдаатай шийдвэр, үйлдэл, эс үйлдлийг хэрхэн хийсэн байж таарах вэ? Арга мухардаж, арчаагүй байдалд орсон нийгэмд нэгэн нийтлэг үзэгдэл байдаг нь нийгэм бүхэлдээ буюу түүний аль нэг хэсэгт хамтын шийдвэр ихэнхдээ байдгийг судлаачид анзаарсан байна. Мэдээж, хувь хүний алдаатай тодорхой хэмжээгээр холбогдоно. Хувь хүмүүс ч гэсэн алдана: буруу хүнтэй гэрлэх, буруу зүйлд хөрөнгө оруулж, бизнес нь дампуурах гэх зэргээр тоочоод баршгүй. Харин хамтын шийдвэр гаргах үйл явц хувь хүн дангаараа шийдвэр гаргахаас өвөрмөц онцлог зүйл нэлээд бий.
Хамтын шийдвэрийг алдаанд хүргэдэг эсвэл хүргэж болох гол хүчин зүйлсийг тодорхойлж, улмаар энэхүү алдаа эрсдлийг тойрон гарч, урьдчилан сэргийлж чадвал амжилттай сайн шийдэл гаргах жорыг бичиж болно. Алдаатай буруу шийдэлд хүргэж болох хүчин зүйлсийг дөрөв ангилж болох мэт. Хамгийн түрүүнд, бэрхшээлтэй асуудал эрсдлийг үүсч гарахаас нь өмнө нийгмийн хэсэг бүлгүүд түүнийг урьдчилан харж чадахгүй байж болно. Хоёрт, нэгэнт асуудал мандаж тулгамдах үед түүнийг танин мэдэх, (бас хамгийн гол нь) хүлээн зөвшөөрөх тал дээр ч алдах нь олон. Үүний дараа, нэгэнт асуудал оршин буйг бүгд хүлээн зөвшөөрөх боловч, түүнийг шийдэх оновчтой шийдэл олох ёстой болно. Энэ нь тийм ч амаргүй даваа тул алдааг засах шийдэлд хүрч чадахгүй байж болно. Хэдийгээр нийгмийн алдаа, мөхөл сүйрэл, учир шалтгааны тухай яриа хэлэлцүүлэг хүнд хэцүү байдаг хэдий ч, асуудлыг гэрэл гэгээтэй, эерэг талаас нь харж чадвал амжилтанд хүргэх зөв шийдэл болох болно. Хэрэв бид хэсэг бүлгээр гаргах хамтын шийдэлд алдаа, ташаарал хэрхэн гардаг шалтгааныг сайтар танин мэдэж чадах аваас ийнхүү танин мэдэж, олж авсан мэдлэг, сургамжаа хэсэг бүлгээрээ хэлэлцэж, улмаар хамтын шийдлийг зөв тийш нь залахад ашиглаж болох юм.

Урьдчилан харах чадварын хомсдол ▪

Амжилтанд хүрэх арга замын эхний цэг бол хэд хэдэн учир шалтгааны улмаас нийгмийн хэсэг бүлгүүд асуудлыг урьдчилан харж чадаагүйгээс сүйрэлд хүргэм шийдвэр гаргадаг байна.
Ийм нэг шалтгаан бол урьд өмнө байгаагүй, шинэ нөхцөл байдал үүсэн буйг мэдрэх мэдрэмж дутахад оршиж болно. Үүний тод жишээ бол 19-р зуунд Британий колоничлогчид Австралид үнэг, туулай авчирч нутагшуулан өөрсөддөө гай чирсэн явдал юм. Хувьслын бүхий л явцад үнэг хэмээх араатнаас айж зугтах тэгснээрээ өөрийгээ хамгаалах чадвар суугаагүй Австралийн уугуул хөхтөн амьтдыг өнөөх “гадаад”-аас ирсэн үнэг маш хурдан хугацаанд барьж дуусгасан. Харин “цагаач” туулай өрсөлдөөнд ялж өсөж үржин, үүр оромжоо ухан газрын хөрсийг сэндийчиж, малын бэлчээр сүйтгэж эхэлсэн байна. Өнөө Австралид санаатайгаар нутагшуулсан дээрх хоёр төрөл зүйлийн амьтан жил бүр хэдэн тэрбум долларын хохирол учруулж байгаа. Иймд, одоо Австралид юм уу, эсвэл АНУ-д буцан ирж буй хүмүүсийг хил гаалийнхан ямар нэгэн амьтан, ургамал эсвэл ургамлын үр авч яваа эсэхийг залхтал асууж байцаана. Энэ нь ямар нэг амьтан ургамал алдагдаж нутагшихаас болгоомжлох болсных. Харин 19 дүгээр зууны Австраличууд тухайн үедээ тэдний авч ирсэн үнэг, туулай 20-р зуунд хичнээн хор хөнөөл учруулахыг харж чадаагүйд гайхаад байх зүйлгүй.
Хэдийгээр нөхцөл байдал, асуудал үүсч байсан урьд өмнөх туршлага байлаа гээд эрт дээр цагт болсон байвал мартагдаж, улмаар нийгэм тухайн асуудлын хүндрэл бэрхшээлийг урьдчилан харах баталгаа болохгүй ч тал бас бий. Аман зохиол, үлгэр домгийг бодвол бичгэн эх сурвалж эрт цагт болсон үйл явдлын талаарх бүх нарийн ширийнийг дэлгэрэнгүй тэмдэглэн дараачийн үедээ үлдээнэ. Үүнээрээ давуутай. Харин бичиг үсэгтэй нийгэмд хүртэл ийнхүү мартагдах явдал бас мэр сэр тохионо. Орчин цагийн нийгэмд ч урьд өмнө болж өнгөрсөн үйл явдлаас сургамж авч чадна гэсэн баталгаа бас байхгүй. Өнөөгийн бид ч адилхан мартамхай хүмүүс. 1973 оны Персийн булангийн нефтийн хямрал болсон. Түүний дараа нэг хоёр жилийн турш америкчууд бензинээр явдаг машинаасаа татгалзаж байснаа төдөлгүй мартаж орхисон. Энэ тухайд хэдэн арван боть бичигдэж үлдсэн. Хэдий тийм ч, өнөө бид шатахууны мангас спорт-ахуйн автомашиныг шүтсээр л.
Нийгэм асуудлыг урьдчилан харж чаддаггүйн бас нэг өөр шалтгаан бол буруу төсөөлөл, харьцуулалт. Хүн гэдэг шинэ, үл таних нөхцөл байдалд орохоороо урьд өмнө тохиосон танил нөхцөл байдалтай харьцуулан төлөөлүүлж сэтгэнэ. Хэрэв үүсч бий болсон нөхцөл байдал, тэрхүү адилтган төсөөлж байгаа өмнөх туршлагатай нь дүйж байвал ингэж сэтгэх нь зөв бөгөөд эерэг үр дүнд хүргэнэ. Харин зөвхөн өнгөц харахад төстэй ч, мөн чанар нь тэс ондоо байх юм бол маш осолтой шийдэлд хүргэх эрсдэлтэй. Ийм буруу төсөөллийн орчин цагийн хамгийн цуутай бас эмгэнэлтэй жишээ бол Дэлхийн II дайнд Францын цэрэг бэлтгэсэн байдал мөн. Дэлхийн I дайны үед Франц Германы хоорондхи өрнөд фронтын үйл ажиллагаа тэр чигээрээ бүтэн 4 жилийн турш окопны байран суурин дайн байсан. Харамсалтай нь, Францын генералууд энэ шинэ дайн яг түрүүчийнх шиг болно гэсэн алдаатай төсөөлөлд автсан байв. Иймд, францчуул Магино шугам буюу үүнээс илүү өргөн сүлжээтэй хамгаалалтын зурвасыг Германтай хил залгадаг дорно талдаа барьж байгуулсан. Харин Дэлхийн I дайнд ялагдсан Германы цэргийн командлал өмнөх гашуун туршлагаасаа сургамж авч, шинэ стратеги боловсруулж байлаа. Тэд хошууч ангиа танкийн тусгай анги нэгтгэлээр бүрдүүлж, явган цэргээ бус, харин танкаа урдаа хийж амжилттай давшин Магиногийн хамгаалалтыг сэт цохин, танк явах аргагүйд тооцож байсан ой модтой газраар тойрон орж, Францыг зургаахан долоо хоногийн дотор буулган авсан. Ийнхүү, энэ дайн яг урьд өмнөх шигээ болно гэж буруу төсөөлсөн нь Францын хувь заяаг шийдсэн байна.

Асуудлыг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх чадварын хомсдол ▪

Дараагийн дугаарт, нийгэм асуудлыг тулгамдахаас нь өмнө урьдчилан харж чадсан эсэхээс үл хамаарч, нэгэнт тулгамдаад ирэхийн цагт асуудал байна гэж ойлгож, хүлээн зөвшөөрөлгүй гүрийсээр алддаг. Ийн алдах гурван шалтгаан бизнесийн ертөнцөд ч, судлаачдын дунд ч нэн түгээмэл. Эхний шалтгаан нь, зарим асуудлын уг сурвалж анхандаа үл мэдэгдэм нуугдмал байж болно. Жишээ нь: хөрсний үржил шимийг бүрдүүлэгч эд эс нүдэнд харагдахгүй, сүүлийн үед л химийн шинжилгээгээр тогтоодог болсон. Австрали, Мангарев, АНУ-ын баруун өмнөд нутаг, бусад олон газарт хүн сууршихаас бүүр өмнө хөрсний үржил шим нэгэнт угаагдан салхинд туугдсан байж. Хүмүүс ирээд тариалан эрхэлж эхэлмэгц үлдсэн жаахан үржил шим нь маш түргэн шавхагдаж, газар тариалан дампууран түүнийг шүтсэн нийгэм сүйрдэг. Хэдий тийм ч, үржил шим багатай, ийм ядуу хөрс заримдаа маш сахлаг ургамалтай байдаг талтай. Үржил шимийн ихэнх нь хөрсөнд гэхээсээ илүү дээр нь ургаж байгаа мод ургамалд байх агаад түүнийг нь огтолж устгамагц үржил шим нь ч мөн адил алга болно. Австрали, Мангаревыг анхлан эзэмшсэн хүмүүс хөрсний үржил шим шавхагдсаныг ойлгож мэдэх, эсвэл өнөө Монтана, Австрали, Месопотамийн зарим газар хөрс давсжих үйл явцыг түүнийг дөнгөж эхэлж байхад нь танин мэдэх, түүнчлэн зэс, хүчлийн хорт бодис уурхайн талбайгаас хальж, хөрсөнд улмаар урсгал усанд орж, орчин тойрныг хордуулна гэдгийг хүдэр олборлох тэр дээр үедээ танин мэдэх аргагүй байсан биз.
Асуудлыг тулгамдаад ирэхэд нь ойлгож, танин мэдэх чадваргүй байх явдал өнөөгийн аливаа том нийгэмд, бас бизнесийн хувьд ч түгээмэл болсон алсаас удирддаг, алсад суух менежерээс мөн шалтгаалж байна. Өнөө Монтаны хамгийн том хувийн газар эзэмшигч, мод бэлтгэлийн компанийн удирдлага Монтанаас 400 майлын алсад Сиэтлд сууж байх жишээтэй. Газар дээр нь ирж үзээгүй тул компаний удирдлага тэдний эзэмшлийн ой модонд хогийн ургамал газар авч, асуудал мандаж байгааг мэдэхгүй байж болох. Алс хол суух удирдагчийг бодвол яг газар дээр ажиллах менежер илүү үр дүнтэй. Тикопи арал болон Шинэ Гвинейн өндөрлөгийн иргэд өөрсдийн амь амжиргааны үндэс суурь болсон ойн нөөцөө мянга гаруй жилийн турш амжилттай менежмент хийсээр ирсэн аж. Тэдний амжилтын үндэс нь оршин суугч бүр өөрийн газар нутгийн өнцөг булан бүрийг гарын таван хуруу шигээ мэддэгт оршиж байв.
Зарим нийгэм асуудлыг танин мэдэж чаддаггүйн хамгийн түгээмэл шалтгаан бол ноцтой гэмээр чухаг чиг хандлага байнгын хэлбэлзэл дунд ажиглагдахгүй, нуугдмал байдагт зарим талаар оршино. Үүний орчин цагийн хамгийн тод жишээ бол дэлхий дахины уур амьсгалын дулаарал. Сүүлийн хэдэн арван жилийн турш хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэлтэй агаар мандлын өөрчлөлтөөс дэлхий даяар агаарын температур аажмаар өсөн нэмэгдэж байгаа. Гэвч энэ нь жил тутам түрүүчийнхээсээ агаарын температур яг 0.01 градусаар нэмэгдэж байна гэсэн үг ерөөс биш, байнгын хэлбэлзэл дунд байдаг. Ийнхүү урьдчилан таамаглах аргагүй, дээш доош савлах хэлбэлзэл дундаас дэлхийн уур амьсгал жилд дунджаар 0.01 хэмээр дулаарч байгаа ерөнхий хандлагыг олж харж, танин мэдэх гэсээр нэлээд цаг алдсан. Чухам ийм л учраас мэргэжлийн цаг уурчдын ихэнх нь уурын амьсгалын дулаарлын талаар хайхрамжгүй хандаж байснаа саяхнаас хүлээн зөвшөөрч, үнэхээр дэлхий дахиныг хамарсан дулаарлын асуудал байна гэж сая нэг санал нэгдсэн.
Дээш доош анхаарал сарниулам нэгэн хэвийн мэт уйтгартай хэлбэлзэл дунд үндсэн чиг хандлага нь бүрхэгдэн нуугдсан ийм байдлыг хэвийн үзэгдлийн мөлхөө шилжилт (creeping normalcy) хэмээн томьёолдог. Эдийн засаг, сургууль, замын түгжрэл гээд аливаа асуудал гэнэт гарч ирэх бус харин аажмаар бий болон хуримтлагдаж, жил ирэх тусам байдал улам доройтож байгааг гярхай ажиглаж, хүлээн зөвшөөрөхөд амар биш. Үүний учиг “хэвийн үзэгдэл” аажим, үл мэдэгдэм өөрчлөгддөгт оршино. Иймхүү жил тутам байдал сөөм сөөмөөр дордож байгааг хүмүүс мэдэрч, хүлээж автал хэдэн арван жил өнгөрч болох.
Аажмаар өсөж, уруудах хэвийн үзэгдлийг талаарх ойлголттой холбоотой бас нэг нэр томьёо бол ландшафтын амнеси буюу газар нутгийн үзэмж ямар байсныг хүний нийгмийн ой санамж мартах үзэгдэл. 50 жилийн өмнө ойр орчмын газар нутгийн өнгө үзэмж ямар байсан талаар жил бүрийн аажим сөөм сөөмөөр хувьсах, үл анзаарам өөрчлөлтөнд хүний нүд дасан хууртах явдал юм. Дэлхий дахины дулаарлын улмаас Монтаны мөнх цаст уулсын мөс хайлж байгааг энд дурьдаж болно. Арван хэдэн насандаа Монтаны Биг Хоулдын сав газарт зуссан би 42 жилийн дараа 1998 онд дахин эргэж очсон. Хүүхэд насны дурсамжид үлдсэн зуны дунд сард ч мөнх цасан бүрхүүлтэй уулсын орой тэнгэрийн хаяаг сувдан сондор мэт хүрээлэн чимж байсныг сайн санана. Энэхүү гайхамшигт, үзэсгэлэн төгөлдөр сувдан сондор зун бүр алгуурхан багасч буйг нүдээр харалгүй байж байгаад 40 гаруй жилийн дараа эргэн ирэхэд тэрхүү мөнх цас мөс хайлан бараг юу ч үгүй алга болсныг хараад цочирдож харамсал гуниг болоход харин Монтанад насаараа суусан найз маань энэ тухай ер юм анзаарсан шинжгүй байв. Тэд энэ жилийг ноднинтой л харьцуулан тоомжиргүй хандсанаас ийм харалган болсон аж. Гэтэл 1950-аад онд байдал ямар байсныг санан дурсах тэдний ой санамжид аажим өөрчлөлттэй хэвийн үзэгдэл хэмээх тэр үзэгдэл, ландшафдтын амнеси үйлчилж, тэрхүү үзэсгэлэнт байгалийн тухай ой санамжийг нь бүр мөсөн арчсан байлаа. Чухам л ийм шалтгаан, хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэн бий болж, хуримтлагдах асуудлыг хүмүүс анзааралгүй явсаар цаг алдаж, аргагүй байдалд орох ч бий.

Санаатай муу үйл ▪

Амжилтанд хүрэх арга замын дараачийн зогсоол бол хамгийн түгээмэл, хамгийн гайхал төрүүлдэг, хамгийн их хэлэлцэх шаардлагатай, мөн маш олон янзын хэлбэртэй тохиолдог зүйл. Жозеф Тэйнтэр болон эрүүл саруулаар сэтгэдэг хэн бүхний бодлоос үл хамааран, хэдийгээр асуудлыг ойлгож танин мэдсэн, асуудлыг шийдвэрлэх зохистой шийдэлд хүрч чадахгүй байх явдал нь бодсноос хавьгүй олон тохиолддог. Ийм маягаар гардаг алдаа дутагдлын нэг гол шалтгаан бол эдийн засагчид, нийгэм судлаачдын “санаатай муу авир” (ашиг хонжоо харсан учир шалтгаантай) хэмээх нэр томьёогоор илэрхийлэгддэг, хүмүүсийн хоорондохь ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй. Энэ нь зарим хүмүүс нийгмийнхээ нийтлэг эрх ашгийг хохироох замаар өөрийн амин хувийн эрх ашгийг хамгаалж “өөртөө ашигтай зөв ажиллах”-ыг хэлж байгаа юм. Ийм үйл үйлдлийг эрдэмтэд “рациональ” буюу учир шалтгаантай гэж нэрлэж байгаа учир нь хэдийгээр тэдгээр үйлдлүүд ёс суртахууны хувьд буруу ч яг тухайн хувь хүн, хэсэг бүлгийн эрх ашгийн үүднээс “зөв” тооцоотой байгаад юм. Ийм муу үйлдэл нүгэл хийсэн ч, ямар нэгэн ял зэм, шийтгэлээс зайлс хийж чадна гэдгээ хэргийн эзэд сайн мэднэ. Ялангуяа яг тийм үйлдлийг нь хориглосон хууль тогтоомж байхгүй, байсан ч хэрэгжүүлэх хөшүүрэг, чадамжгүй газар бол ёстой л нөгөө бурхангүй газрын бумба галзуурахын үлгэр болно. Эдгээр нүгэлтнүүд гол төлөв жижиг хэсэг бүлгээрээ маш хурдан хугацаанд түргэн, гэнэтийн томоохон ашиг олж авахын тулд сэтгэл санаа шулуудан зориглох ба нэгэн мөсөн шууд унах том, баталгаатай ашиг олзонд шунадаг. Харин нөгөө хохирогч тал тодорхойгүй олон хүмүүсийн дунд бага бага хэсгээр тархан байрших тул гэмтнүүд ерөнхийдөө ял зэмээс ямарваа шийтгэл хүлээлгүй уснаас хуурай гараад явчих мэтээр төсөөлнө. Хохирогч тал тэдний араас хөөцөлдөн нэхэл дагуул болох нь ховор, учир нь хохирогч нэг бүрд нь учирсан хохирлын хэмжээ бага, шүүх цагдаагаар хөөцөлдөөд хохирлоо барагдууллаа гэхэд тэр нь нөгөө гэмт бүлэг нүгэлтний нэг хүнд ногдох олз ашгийг бодвол нь хохирогч талын хүн нэг бүрийн хувьд үл анзаарам бага санагдах бөгөөд эргэн төлүүллээ ч гэсэн эзэндээ зөвхөн шууд бусаар олон гар дамжин очих билээ.
Үүний нэг жишээ бол үр ашиггүй татаас бөгөөд энэ нь нийгэмд ашиг тустай гэхээсээ илүү дарамт, нэрмээс болдог зүйл. Тухайлбал АНУ-ын мод бэлтгэл ба элсэн чихрийн тариалан, Австралид хөвөнгийн тариалан (усжуулалтын зардлыг нь засгийн газраас даах байдлаар шууд бусаар татаас өгч байдаг) гэх мэт салбаруудад хэрэв ингэж татаас өгөхгүй бол эдийн засгийн хувьд үр ашиггүй байх болно. Загасчин, тариачны цөөхөн хэсэг бүлэг улсын төсвөөс ийм татаас гаргуулахын тулд маш уйгагүй лобби хийж зүтгүүлнэ. Энэ татаас нь тэдний хувьд орлогын ихэнхийг бүрдүүлэх тул тэдэнд үүнийг авах сонирхол үнэхээр их байвч, нөгөө талд хохирогч болох татвар төлөгчдөд тэрхүү татаас нь, өөрөөр хэлбэл, иргэн бүрийн татварын хуудас дээр маш өчүүхэн дүнтэй (яг хэд байх нь бас тодорхойгүй) тул тэдний хэл ам хийх нь бага. Ийнхүү олонхийн зардлаар олонхийг хохироож, цөөнхийг санхүүжүүлдэг үйлдэл Голланд маягийн парламентын системтэй оронд арай хязгаарлагдмал байдаг бол жижиг хэсэг бүлэгийнхэн засгийн эрхийг барих боломжтой, тухайлбал АНУ-ын Сенатын жижиг муж улсуудаас сонгогдсон сенаторууд болонд Изральд засгийн эрхийг барих хүчний тэнцвэрийг голчлон бариад байдаг шашны жижиг намуудтай газар нэлээн түгээмэл. Рациональ буюу учир шалтгаантай муу үйлдлийн маш түгээмэл хэлбэр бол “надад сайн, чамд ба бусад бүх хүмүүст муу”, товчоор хэлбэл “хар амиа бодох” сэтгэлээр хийдэг үйлдэл. Энгийн жишээ татахад, 1971 он хүртэл Монтана муж улсад ашиглаж дууссан уурхайг орхихдоо бохирдуулж, хордуулсан газрыг цэвэрлэж, нөхөн сэргээлт хийхийг шаардсан хууль дүрэм байгаахгүй байсанүй тул уул уурхайн компаниуд байгалийн эрдэс баялгийг нь авч ашиглачихаад “алтыг нь аваад, авдрыг нь хаяхдаа” зэс, хүхэрийн хүчил, хүнцэл зэрэг хорт хаягдлыг урсгал ус, нуур цөөрөм, гол горхи руу нэвчүүлж урсгаад хаяад явдаг байв. Харин 1971 онд Монтана муж улс цэвэрлэж, нөхөн сэргээлт хийхийг шаардсан хууль батлан хэрэгжүүлж эхэлтэл ихэнх уул уурхайн компаниуд байгалийн эрдэс баялгийг нь ухаж авчихаад яг цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийх болоод ирэхээрээ компаниа дампууруулж, зардал завшдаг болов. Энэ бүхний үр дүнд зөвхөн Монтана муж улс татвар төлөгчидийнхөө мөнгөнөөс $500.000.000 ам.долларыг уул уурхайн цэвэрлэгээний ажилд зарцуулах болж, харин уул уурхайн компаниудын гүйцэтгэх захирлууд цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийн дээрх зардлыг хэмнэж, өөрсдийн шан харамж, ногдол ашиг, шагнал урамшуулалдаа зориулж, хордож бохирдсон байгаль орчин, түүнтэй холбоотой бүхий л зовлонт асуудлыг Монтаначуулд үлдээж, ял завшсан байна.
Ашиг сонирхлын зөрчил үүний өөр нэг тодорхой хэлбэрийг “энгийн хүмүүсийн эмгэнэл“ хэмээх нэр томьёогоор илэрхийлэх ба энэ нь “хоригдлын дилемм”, “хамтарсан үйлдлийн утга учир” гэж томьёологддог зөрчлүүдтэй шууд холбоотой. Нийтээр хамтран эзэмших аливаа нөөцийг олон хэрэглэгчид нэгэн зэрэг ашиглаж байна. Жишээ нь, нийтийн эзэмшлийн бэлчээрт хонь мал хариулдаг малчдыг аваад үзье. Хэрэв хэрэглэгч бүр байгалийнхаа тэрхүү нөөцийг хэтрүүлэн ашиглаж, улмаар бэлчээр нутаг талхлагдаж, цаашид ашиглах боломжгүй болгосноор, бүгд (бүх хэрэглэгч) хохирох болно. Иймээс бүх хэрэглэгчдийн нийтийн эрх ашиг бол байгалийн нөөцийг юу ч үлдээлгүйгээр шавхаж талхалж дуусгахгүйн тулд тодорхой зааг, хязгаартайгаар ариг гамтай ашиглах явдал. Гэвч яг ингэж хязгаарлах, ариглаж гамнах дээрээ тулахад үр дүнтэй зохицуулалт хийхгүй л юм бол хүн гэдэг амиа бодсон, өөдгүй амьтан учраас хэрэглэгч нэг бүр: хэрэв би тэр өвсийг малдаа идүүлэхгүй юм бол өөр хэн нэг нь тэртээ тэргүй ашиглачих тул би нэг их бэлчээр талхлагдчихна гэж гамнаад, өөрөөсөө харамлаад байх явдалгүй гэж “аминдаа л зөв” сэтгэнэ. Эцсийн дүнд нийтийн эзэмшил шавхагдаж, хэрэглэгчид нийтээрээ хохирох байлаа ч өөр бусдаас түрүүлж идэх гэсэн хүний шунаг сэтгэл өөрсдөдөө л зөв боловч утга учиргүй бөгөөд явцгүй.
Байгалиас заясан нөөцийг хэдэн зуу, мянган жилийн турш ариг гамтай хэрэглэж, хүртэж ирсэн туршлага бас амьдрал дээр бий. Монтаны хулд загас агнуурын талбар, аж ахуйтнууд, услалтын систем зэрэг орон нутгийн шинжтэй олон загас агнуурын талбар, ой мод, усны нөөцийг харин өнөө хүртэл хадгалж ирсэн нь аз завшаантай хэрэг. Ийм олзуурхууштай үр дүн болгоны цаана нийтийн эзэмшлийн нөөц баялагаас жил тутам тогтмол тогтвортой ургац авах хэдий ч үндсэн сүрэг, нөөцийг хадгалж үлдээх хувьслын гурван төрлийн салаа шийдэл бий.
Ийм нэгэн шийдэл бол засаг төр хэрэглэгчдийн хүсэлтээр буюу урилгатай ба урилгагүйгээр орж ирж зарим хязгаарлалт буюу квот тогтоох явдал юм. Тухайлбал, Токугавагийн Японд Шёгүн хаан болон дайамо ноёд шиг, Андын нуруунд Инка нарын хаадын шийдсэн шиг, мөн 16 дугаар зууны Германы хунтайж болон чинээлэг газар эзэмшигчдийн тогтоосон шиг мод бэлтгэлийн квот хязгаарлалт тогтоож болох байна. Гэвч ийм аргыг задгай далай тэнгис зэрэг бусад өөр нөхцөл байдалд ашиглах боломжгүй; цагдан хамгаалах, хэрэгжилтэнд хяналт тавих зардал нүсэр их болж хэрэгжих бололцоогүй болдог. Хоёр дахь арга нь нийгмийн эзэмшлийн нөөцийг хувьчлах явдал. Ингэхдээ хувь эзэнтэй болгоод эзэд нь нөгөө уг нөөц баялагийг эзний ёсоор тордон эргэж гамтай ашигладаг. Ийм арга бас зарим нөөцийн хувьд болдог хэдий ч зарим нь, тухайлбал нүүдлийн ан гөрөөс, загас гм баялагийг хувааж хувьчилж эзэмшүүлэх боломжгүй, хувьчилж авсан эзэд ч, засаг төр ч хулгайн анчдаас хамгаалах, хянаж шалгах арга үгүй.
Нийтийн эзэмшилд учраад байдаг энэ л эмгэнэлийг даван туулах бас нэгэн сүүлчийн арга бол хэрэглэгчид нэгдсэн ашиг сонирхлоо ухамсарлан өөрсдөө сайн дураараа ашиглалт хэрэглээний хязгаарлалт квотын механизмыг боловсруулаад, түүнийгээ хатуу даган мөрдөж, хэрэгжүүлэх, хянах явдал юм. Ийм шийдэлд хүрэхийн тулд хэд хэдэн нөхцөл хангагдсан байх учиртай. Тэр нь хэрэглэгчид санаа зорилгоо нэгтгэн, хэсэг бүлгийг бий болгох, харилцан итгэлцсэн хүмүүсийг эгнээндээ багтаах, харилцаж сурах, нэгдмэл нэг ирээдүйгээ ухамсарлаж, өв залгамжлагчиддаа тэрхүү байгалийн нөөц хишгийг өвлүүлэн үлдээх учиртайг ойлгосон, тэд нөөц баялагаа хамгаалах чадвартай хийгээд хууль ёсоор ингэх эрхтэй байх, бас дээр нь яригдах байгалийн нөөцийнх нь хил зааг тодорхой, түүнээс нь хишиг хүртэх хэрэглэгчдийн нэрс, тоо маш тодорхой байх зэрэг гэх мэт нөхцөл бүрдэж гэмээн сая ажиллагаатай механизм болдог байна. Энд үлгэр болох болох жишээ бол Монтаны услалтын системийн усны квотын систем. Усны квот буюу хэрэглэгч нэг бүрийн ус хэрэглэх зөвшөөрөгдсөн хэмжээг хуульчлан тогтоож өгсөн боловч, тэдний хамтран сонгосон усны хяналтын байцаагчийн шаардлагыг ёсчлон дагадаг тул тэнд шүүхэд хандах явдал бараг гардаггүй. Өөрийн нийтийн эзэмшлийн нөөц баялгийг ариг гамтай хүртэж, үр хүүхэддээ өвлөн үлдээх сайн үлгэр болсон газар бол Тикопи арлынхан, Шинэ Гвинейн уулынхан, Энэтхэгийн нэг кастынхан, болон мөн бусад нийгмийн нэгэн санаа зорилготой нэгэн төрөлт хэсэг бүлгийг нэрлэж болох байна. Ийм нэгэн төрлийн хэсэг нийгмийн бүлгүүд гадуур нэлээд түгээмэл сонсогдох болсон “энэ бол миний асуудал биш, энэ бол өөр хэн нэгний асуудал” хэмээн менежментийнхээ алдаагаа бусад руу чихэх буруу жорыг хэрэглэх аргагүй, ингэж болохгүй гэдгийг мэдэрсэн улс.
Нутгийнхаа байгалийн нөөц баялагийг хадгалж үлдэхийг нийгэм бүхэлдээ сонирхож хүсч байхад, харин түүний үндсэн хэрэглэгчдэд нь нэг их алсын хараатай урт хугацааны сонирхол байхгүй тохиолдолд сонирхлын зөрчил гарч ирэх магадлал эрс нэмэгдэнэ. Жишээ нь: халуун орны усархаг ойд мод бэлтгэлийн ихэнх аль нэг улсад богино хугацааны түрээсээр ойн менежмент хийдэг олон улсын компаниудад ногддог. Тэд тухайн улсад түрээслэсэн талбайн бүхий л модыг маш хурдан түргэн огтолж дуусгаад дараагийн улсад очин нөгөө л байдлаараа үргэлжлүүлдэг. Мод бэлтгэгчид нэгэнт л түрээсийн төлбөрөө төлчихсөн тул өөрсдийн явцуу эрх ашигт нийцүүлэн ой модыг нь аль болох хурдан түргэн огтолж дуусгаад анх түрээс, лиценз зөвшөөрөл авахдаа чихэн дээр нь цэцэг ургуулаад байсан нөгөө ойжуулах, шинээр нөхөн сэхгээж, суулгац тарина үржүүлнэ энэ тэр гэсэн бүхий л амлалтаа умартан хаяад явахыг л бодно. Ийм байдлаар Малайн хойг, Борнео, дараа нь Соломоны арлууд, Суматрын ой модыг мод бэлтгэгчид огтлон устгаж дуусаагаад одоо бол Филиппин, тэгээд удахгүй Шинэ Гвиней, Амазон болон Конго голын сав газрын ой савруу шуналын харцаа тусгаад байгаа. Мод бэлтгэгч тэдний хувьд ашигтай байгаа энэ үйлдлийн үр дүнд нутгийн иргэд хохирч, ойн бүтээгдэхүүнээр амьжиргаагаа хангаж чадахаа больж, хөрсний эвдрэл, гол горхинд нь тунадас унаж булингартах зэргээр бүхий л сөрөг үр дагаврыг амсан хохирч үлддэг. Энэ нь улс оронд хохиролтой.
Богино хугацаагаар газрын түрээсээр авснаас (өгснөөс) үүдэлтэй ашиг сонирхолын зөрчлийн үр дагавар ийм гарч байхад харин мод бэлтгэлийн компани ашиглалт явуулж байгаа газраа өмчлөх үест тэд хэд хэдэн удаа дараалж олон жил ургац авахаа бодож, нэлээд алсын хараатай урт хугацаанд сэтгэх харьцах өөрийнх нь болон нутгийн иргэд, хүлээн авагч улс орны эрх ашигт нийцдэгээрээ эрс ялгарч байгаа юм. 1920-иод онд Хятадын тариачид хоёр төрлийн цэргийн эрхтний мэдэлд байхдаа иймэрхүү ялгаа заагийг олж харж өөр хооронд нь зэрэгцүүлсэн байдаг. ”Суурин дээрэмчин” буюу тухайн нутагт нэгэнт суурьшсан цэргийн эрхтэнд дарлуулах хэдий хүнд бэрх ч гэлээ, тэрээр дараа жил дахин дээрэмдэхээ бодож тариачдад бололцоотой байхын тулд эрх биш жаахан үрний юмтай үлдээнэ. Хамаг хэцүү нь “золбин дээрэмчин”. Тэдгээр нь яг л уул уурхай болон мод бэлтгэлийнхэн шиг юу ч үлдээлгүй хуу хамж цөлмөж аваад өөр газрыг цөлмөхөөр алга болж өгнө.
Рациональ үйлдлийг агуулсан ашиг сонирхлын зөрчлийн бас нэгэн төрөл бол засгийн эрхэнд байгаа шийдвэр гаргагч дээдэс ноёд, нийгмийнхээ бусад хэсгийн эрх ашигтай зөрчилдөх байдал юм. Ялангуяа, хэрэв ноёд дээдэс өөрсдийн алдаатай хийгээд хорлонтой үйлдлийнхээ төлөө хүлээх хариуцлагаас мултарч чөлөөлж ангижруулж чадахаар байвал бусад бүгдийн эрх ашгийг хохироон амин хувиа борлуулах магадлал маш өндөр. Доминиканы БНУ-ын ерөнхийлөгч, дарангуйлагч Тружило, Хайтийг ноёрхогч дээдсийн ичгүүр сонжуургүй цагаандаа гарсан үйлдэл, зөрчлийг энд дурьдаж болох. Маяа нарын хаад, Грийнланд Норсын ахлагч нар, орчин цагийн Руандын улс төрчид зэрэг хүн төрөлхтний бичмэл түүхийн туршид амиа бодсон ахархан бодолтой хаад ноёд, ихэс дээдэс, улс төрчдийн үйлдэл болон эс үйлдлээс шалтгаалан олон нийгэм сүйрэл мөхөлд хүрч байснийг түүх гэрчилнэ. Барбара Тукман өөрийн “Солиорлын сүрт жагсаал” хэмээх номондоо Троянчууд л Трояны морийг хотдоо оруулж ирсэнээс аваад эхлээд Сэргэн мандалтын үеийн пап лам нар протестантчуулыг бослого гаргатал нь өдөөн хатгасан, Дэлхийн I дайны үед Германы шумбагчид хамаа хязгааргүй дайтсаар АНУ-ыг дайнд татан оруулсан, Япончууд 1941 онд Перл Харбoрыг довтолсноор АНУ дайн зарлахад хүргэсэн зэрэг үйл явдлыг сүйрэлд хүргэсэн буруу шийдлээс нэлээд нэрд гарч олон түгсэн түүхэн жишээ болгон татжээ. Улс төрийн солиоролд хүргэдэг үндсэн гол хүчин бол Таситусын хэлснээр “хүчний хүсэл тачааллын хамгийн ил цагаан ичгүүр сонжуургүй нь болох эрх мэдлийн шунал тачаал юм“ хэмээн Тукман шуудхан хэлсэн байна. Ийстэр арлын ахлагч нар, Маяа нарын хаад ой мод огтолж байхад түүнийг зогсоож, нөхөн сэргээхийн оронд харин бүр өвөр зуураа өрсөлдөн хамгийн том хөшөө барих гэж зүтгэсээр ойгүйжилтийг улам бүр хурдасган явдал чухам эрх мэдлийн төлөөх шунал тачааллаас болсон гэхээс өөр юу ч биш. Тэд эрүүл бус өрсөлдөөнд татагдан орж, гарч чадахгүй байсаар нийгмээ сүйрүүлэн мөхөөж дууссан. Богино хугацаанд хүний санал авах нэр хүндийн төлөөх өрсөлдөөнд ийм асуудал маш түгээмэл.
Эсрэгээрээ, эрх баригч дээдэс өөрийн буруутай үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг, хариуцлагаас амар мултарч чаддаггүй тийм нийгэмд бол харин нэгэнт ил тод болон хүлээн зөвшөөрсөн асуудлыг шийдэхэд олон түмэн ба удирдагч анги өөр хоорондоо эрх ашгийн зөрчил үүсгэн асуудлыг шийдэхэд саад тотгор болох нь ховор, ер нь магадлал ч бага. Голландчууд (улс төрчдийг оролцуулан) нийтээрээ байгаль экологийн сонор сэрэмж сайтай байдгийн учир бол олон түмэн нь ч, улс төрчид ч далайн түвшингээс доош, амьд гарах, живэх хоёрын дундах заагийг зөвхөн тэдний барьсан далан хааж байгааг хүн бүр мэдэж, мэдэрдэг тул улс төрчид газрын менежментыг буруу гоомой хийвэл өөрсдөө эрсдлийг давхар хүлээж, хариуцах нь тодорхой билээ. Яг үүний нэгэн адил Шинэ Гвинейн албан бус лидер “том хүмүүс” бусдын л адил байшин саванд амьдарч, түлшний модоо бусдын авдаг тэр л газраас авч, амь зогоодог тул ой модыг тогтвортой ашиглах нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар асуудлыг шийдэх сонирхол дүүрэн байсан байна.

Сүйрэлд хүргэм үнэт зүйлс ▪

Нийгэм нэгэнт бэрхшээлтэй тулгараад байгаагаа хүлээн зөвшөөрч танин мэдсэн атлаа асуудлыг шийдэж чадахгүй, чадваргүй байгаа нь уг тухайн асуудал оршин байх нь зарим хүмүүст, эсвэл хэн нэгэнд ашигтай байж болохын жишээ билээ. Энэхүү, өөрөөр хэлбэл рациональ үйл хөдлөл хэмээн нэрлэх учир шалтгаанаас гадна нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, танин мэдсэн асуудлыг нийгэм шийдэж чадахгүйд хүргэдэг бас нэгэн бүлэг хүчин зүйл байгаа нь хэнд ч ашиггүй, бүгд нийтээр холбогдолтой нийгмийн ухааны эрдэмтний нэрлэснээр “иррациональ” үйл хөдлөл гэж бас байна. Ийм иррациональ үйл хөдлөл хэзээ гарч ирдэг вэ? гэвэл бид өөсдийн дотоод хатуу итгэл үнэмшилдээ хөтлөгдөн дотоод зөрчилд автах үест гарч ирэх нь бий. Бидний дотоод үнэт зүйлс, баримталдаг зарчимд нийцэж байгаа тул өнөөгийн ийм байгаа тухайн үеийн байдал хичнээн хүнд хэцүү, өрөвдөлтэй байгаа ч тоохгүй анзаарахгүй байх явдал тохиодог. “Алдаагаа дахин дахин давтах”, “Хөлдүү толгой гаргах”, “Сөрөг дохиоллоос санаа авдаггүй”, “Оюуны зогсонги, царцанги байдал” гэх зэрэг мэт нэр томъёогоор Барбара Тукман хүний энэхүү нэлээд түгээмэл араншинг тодорхойлсон байна. Үүнтэй төстэй, хүний бас өөр нэгэн хүний араншинг сэтгэл зүйчид “sunk-cosf effect” гэх ба бид удаан хугацааны турш баримталсан бодлогоосоо татгалзахдаа удаан хойрго, ер нь бараг л татгалздаггүй, бас нэгэнт их хөрөнгө оруулсан хувьцааг зарах дургүй байдаг.
Шашны үнэт зүйлс, хорио цээр зэрэг хүний ухамсарт онцгой гүн суусан тул сүйрэлд хүргэм үйлдлийн шалтгаан болох нь нэлээд түгээмэл. Ийстэр арлынаас нь ойг устгасан явдал яг ийм шашны үнэт зүйлийн л сэдэлтэй: шүтлэг мөргөлийн объект болох чулуун хөшөө дурсгалыг л зөөж тээвэрлэхэд шаардлагатай модон рейлсэн зам, босгож байрьж байглуулахад нь тулж түших тулшуур хөшүүрэг зэрэгт зориулж л модыг ихээр огтолж, бэлтгэж эхэлсэн байдаг. Яг энэ үед, гэхдээ 9000 майлын алсад бөмбөрцгийн нөгөө талд Норс Грийнландчуул өөрийн гэсэн загалмайтны шашнаа шүтэж байсан. Тэдний үнэт зүйлс, европ хэв шинж , хатуу ширүүн орчинд аливаа шинэчлэл өөрчлөлт бүрийн ихэнх нь бүтэлгүйтдэг тул тэдний аливаа асуудалд хандах хуучинсаг консерватив байдлаар хандах хандлага хийгээд, нэгдмэл нийгэмч чанартай, харилцан биенээ дэмждэг нэгдмэл чанар нь тэдний нийгмийг хэдэн зууны туршид оршин тогтноход нь тусалсан дэм болсон. Гэвч нэлээд урт удаан хугацааны турш амжилттай байсан магтууштай энэ араншин зан төлөв төлөв нь бас тэднийг Иниуитын дэвшилтэт технологиос суралцан амьдралынхаа хэв маягийг эрс шинэчлэх, тэгснээрээ илүү удаан оршин тогтнох арга замыг хааж саад болсон байна.
Орчин цагийн ертөнцөд бидний баримталдаг магтууштай сайхан үнэт зүйлс нь тодорхой нөхцөл байдалд ороод ирэхээр угтгаа алддаг тийм жишээ олон байдаг. Орчин цагийн Монтанад эдийн засгийнх нь тулгын гурван чулуу болох уул уурхай, мод бэлтгэл, мал аж ахуй нь Монтаны анхдагч хэв шинж, үнэт зүйлстэй холбогдон бахархал болж төлөвшсөн учраас л Монтаначуул тухайн салбарынхаа үүсгэн бий болгосон хурц асуудлыг шийдэх тал дээр алгуурлаад байдгийн нэгэн учиг биз. Капиталистуудын алдаа дутагдлыг даган давтахгүй гэсэн Коммунист Хятадын удирдагч нарт байгаль орчны талаар санаа зовохыг бас нэгэн капиталист зан араншин, алдаа дутагдал гээд авч хэлэлцэхгүй явсаар байтал Хятад орныг байгаль орчин экологийн хамгийн ноцтой асуудлуудыг бий болгож морийг нь эмээллэж орхив. Руандачууд нялхсын эндэгдэл өндөр байсан үед бүрэлдэн тогтсон олон хүүхэдтэй том гэр бүлийг хүсэмжлэх эрмэлзлэл нь өнөөдөр хүн ам зүйн маш ноцтой тэсрэлтэд хүргэсэн байна. Байгаль орчны асуудлыг тоохгүй зөрүүдлэн эсэргүүцдэг явдал өнөөдрийн нэгдүгээр ертөнцөд ихэнхдээ амьдралын эхэн үедээ хүлээж аваад бүрэлдэн тогтсон боловч эргэн харж, хянаж дахин бодож боловсруулаагүй тийм үнэт зүйлстэй холбоотой байх нь элбэг: ”Төрийн зүтгэлтэн, эрх баригчид нар анх эхэлсэн тэр л үзэл санаандаа тууштай байх гэж зөрүүдлэх” асуудал хэмээн Барбара Тукмен бичсэн байна.
Амь амьдралын асуудал, үхэх сэхэх дээр тулахад хүн урьд өмнөх тулгуур үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшилээ орхино гэдэг маш эмзэг ээдрээтэй явдал. Хувь хүний хувьд яг цагаа тулахад буулт хийгээд амь гарах, эсвэл гүрийсээр үхэх хоёрын алиныг бид сонгох бол? Орчин цагт сая сая хүн амь гарахын л тулд найз нөхөд, төрөл төрөгсдөөсөө урван тэрсэлж, ой гутам дарангуйлагчийг хүлээн зөвшөөрч, заримдаа бүр тэдний гар хөл, эрэг шураг нь болж, харахад л хүн болохоос хачир дээрээ боол болж, эсвэл нутаг орноо орхин дүрвэн зайлж байна. Улс үндэстэн, нийгэм зарим үест бүхэлдээ ийм шийдвэрийг хамтаар гаргана. Энэ бүх шийдвэр үргэлж эрсдлийг дагуулах бөгөөд өөрийн үндсэн тулгуур үнэт зүйлээ баримтлана гээд гүрийгээд байх нь заавал сүйрэлд, мөхөлд хүргэх, харин тэр бүгдээсээ татгалзлаа гэхэд аврал ирнэ гэсэн баталгаа бас хэзээ ч байдаггүй. Христч фармерүүд байсаар дуусах гэсэн сэтгэлийн хаттай Норс Грийнландчуул Инуйт шиг амьдарснаас христич фармер шиг үхэх сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан, агаад тэгээд ч эрсдэлд өртсөн байна. Зүүн Европын таван жижиг улсад Оросын эзэрхэг Улаан армийн түрэмгийлэл заналхийлэх үест Эстони, Латви, Литва гурав 1939 онд эсэргүүцэл үзүүлэлгүй татгалзан бууж өгсөн, харин финчүүд л байлдаж, тусгаар тогтнолоо зэвсгийн хүчээр хамгаалж чадсан бол. Унгарчуул 1956 онд бас зэвсэглэн хөдөлсөн боловч давуу хүчинд ялагдан тусгаар тогтнолоо алдсан. Аль улс нь зөв мэргэн шийдсэн гэдгийг бидний хэн нь шүүх, хэн нь урьдчилаад зөвхөн Финчууд л энэ их эрсдэл дундаас ялах аз нь шовойх юм гэдгийг урьчилан тааж хэлэх юм бэ?
Магад нийгэм алдах онохын үндэс нь чухам аль үнэт зүйлсээ цаашид уламжлан баримтлах хийгээд алиныг нь таягдан хаяж, цагийн шалгуур даагаагүйг нь орхиж, авах гээхийн ухаанаар хандаж сурахад байгаа биз. Сүүлийн 60 жилийн туршид энэ дэлхийн хамгийн хүчирхэг улс орнууд өөрийн үндэсний имидж, тулгуур үзэл санаа, үнэт зүйлсээс татгалзан, шинэ үнэт зүйлийг дагах болсон байна. Британи, Франц хоёр бие даасан тоглолт хийдэг дэлхийн гүрэн байхаа больж, Япон цэрэг армийг шүтсэн байдлаасаа татгалзаж, армиа цомхтгосон, дээр нь Орос орон ч гэсэн олон жил хийсэн коммунист туршилтаасаа татгалзаж орхив. АНУ өөрийн урьд баримталж байсан хуульчлагдсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс татгалзаж мөн хуульчлагдсан ижил хүйстнийг гадуурхан хавчих, эмэгтэйчүүдийг дарангуйлах дорд үзэх, хүйсээр гадуурхах үзлээсээ бүрэн дүүрэн биш ч гэлээ нэлээд хэмжээнд татгалзаж чадсан. Австрали өнөөдөр өөрийн Британи маягийн хөдөөгийн фармэр нийгмийн статусаа эргэн харж, хянан шүүж байна. Амжилтанд хүрсэн хувь хүн ба нийгэм нь тэдгээр хүнд хэцүү шийдвэрийг гаргаж чадсан хийгээд тэр нь аз болоход зөв байвал азтай хийморьтой нь байдаг биз.

Бусад (иррациональ) алдаа завхрал ▪

Асуудлыг шийдэхэд саад болдог бас нэгэн иррациональ сэдэл бол Тасманид үнэг нутагшуулахын эсрэг анхлан зогссон ногоонтнууд түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөгийн үлгэр болсны адил асуудлыг анхлан танин мэдэж, түрүүлж харан харанга дэлдсэн нэгийг нийгэм бүхэлдээ таашаадаггүй нэгэн үзэгдэлд бас байж болох. Нийгэм аливаа сэрэмжлүүлэг дохиоллыг эхнийхийг нь хуурамч дохио хэмээн тээршаана. Аэсоны үлгэрт гардаг хоньчин хүү хэд хэдэн удаа “Чоно!” гэж хашгираад, тэр нь худлаа болоод харин яг чоно ирэх үест хоньчин хүү орилон тусламж хүсэн хичнээн хашгиравч тоогдолгүй үлдсэний үлгэртэй төстэй. Олон нийт хариуцлагыг өөрөөс зайлуулж ”энэ бол минийх бус өөр хэн нэгний асуудал” гэсэн байдалтай асуудалд хандах нь ч бий.
Зарим талдаа хэн нэг хувь хүний богино хугацааны болон алс хэтийн зорилго зорилт өөр хоорондоо зөрчилддөг байдлаас иррациональ үйл хөдлөлийн алдаа дутагдал үүсэх тал ч байна. Руандагийн тариачдаас аваад дэлхий даяар хэдэн тэрбум хүн өнөө маргаашийн бор өдөр, шар хоногийг төөрүүлэх, зүсэм талхнаас өөр юм бодох тэнхэлгүй, цөхөрсөн байдалтай байгаа. Халуун орны шүрэн арал дээрхи ядуу засагчин өнөөдөр хүүхдээ хооллохын тулд алс хэтийн хоол хүнс олох амьжиргааны суурь үндсээ тасалж байгаагаа мэдэхийн дээдээр мэдэвч цианид ашиглах загасчилж яваа нь ч нууц биш. Засаг төр ч гэсэн зөвхөн богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлэх: яг л өнөө маргааш тулгамдаж, тэсрэхийн даваан дээр ирсэн асуудалд анхаарал тавьдаг талтай. Вашингтонд Холбооны засаг захиргаанд ойр дотно байдаг нэгэн найз маань 2000 оны сонгуулийн дараа анх Вашингтонд очиход “Манай засгийн газар ”шинэ” эрх баригчид ”90 хоногийн фокустай” бодлогод анхаарал төвлүүлэх, өөрөөр хэлбэл, тэд ирэх 90 хоногийн дотор л сүйрэлд хүргэх эрсдэл, аюул занал нүүрэлсэн асуудлаар л анхааралын хүрээгээ хязгаарласан байна. Богино хугацааны ашиг хонжоо харсан иймэнэхүү харалган иррациональ сэтгэлгээг ирээдүйд олох ашгийг үл тоомсорлох эдийн засагчид рациональ байдлаар зөвтгөх гэж оролддог. Энэ нь тэдгээр эдийн засагчдынхаар бол маргааш буюу тодорхойгүй ирээдүйд ашиглахаар аливаа нөөцийг хадгалж үлдээхийн оронд өнөөдөр хурааж ашиглаад бий болсон ашгаар нь өөр зүйлд хөрөнгө оруулж, тэрхүү хөрөнгө оруулалт, эргэлтийн явцад шинээр бий болох хүү, өгөөж нь өсөж үржсээр сүүлд маргааш буюу ирээдүйд ашиглах гэхээс өнөө хүртэх нь илүү ашигтай гэх талаар үндэслэл нотолгоо гаргаж ирнэ. Ийм нөхцөлд энэ дээрх шийдэлтэй холбогдсон бүхий сөрөг үр дагаврыг амсах дараагийн үе болох бидний ирээдүй үр хойчис маань өнөөдрийн санал хураалтад оролцох бас гомдоллох чадваргүй, насанд хүрч бойжоогүйд асуудал байна.
Нэгэнт танин мэдсэн асуудлыг шийдэхэд саад тотгор болдог бусад боломжит иррациональ эсэргүүцэл нэлээд маргаантай. Богино хугацааны шийдэл гаргахад “хэсэг бүлгийн сэтгэл зүй“ (сүргийн сэтгэхүй ч гэдэг) үзэгдлийг нэлээд өргөн дэлгэр танин мэдсэн байна. Нэгэн хэсэг бүлгийн ядангуяа нэлээд нэр хүнд бүхий бүлгийн гишүүн болохын хувьд тодорхой нэг асуудлаар хэрэв ганцаараа цаг гарган анхааралаа төвлөрүүлэн нягталж үзвэл арай өөрөөр шийдэх асуудалыг олонхиор хэлэлцэх үед, ялангуяа нэлээд нийтээр сэтгэл хөөрөлд автсан үед түүнийг дагалдан буруу шийдэх явдал нэлээд түгээмэл. Германы хошин шог зохиолч Шиллерийн бичсэнээр: “Хүн тус бүр хувь хувьдаа харьцангуй мэдрэмжтэй, сийрэг хийгээд ухаалагнаар сэтгэдэг авч хэсэг бүлгийн дунд болоод ирэнгүүт хөлдүү толгой, дөргүй бух болдог” байна. Сүргийн сэтгэхүйн үйлчлэлийн практик жишээнд дундад зууны төгсгөлд болсон загалмайтны аян дайны сэтгэл хөөрөл Европыг тэр чигээр нь нэгтгэн дарвиулсан, 1634-1636 онд туйлдаа хүрсэн хээнцэр алтанзул цэцэг тарихад нийтээр хошууран Голландад маш их хүч хөрөнгө тарамдуулсан (тулипомани), 1692 оны Салэмд болсон шулам агнах дэлбэрэлт зэрэг гэх мэт үе үе гардаг байсан шулам ангуучлах процесс, бас дээр нь 1930-аад онд фашистуудын маш уран чадварлаг зохион байгуулсан суртал нэвтрүүлгийн үр дүнд олон түмнийг ой гутам хийрхэхэд хүргэсэн зэрэгээр жишээ олныг дурьдаж болох.
Бодлого тодорхойлогчдын хүрээнд гардаг сүргийн психологитой төстэй нэгэн үзэгдлийг Ирвинг Жанис “хамтын сэтгэлгээ” буюу (бүлгийн сэтгэлгээ) гэж тодорхойлсон. Ялангуяа нэгдэл зохион байгуулалт сайтай хэсэг бүлгийн хувьд хямдралын үед (тухайбал, Карибын хямралын үед ерөнхийлөгч Кэннедийн зөвлөхүүд бас Вьетнамын дайны ид дундаа явах үеийн ерөнхийлөгч Жонссоны зөвлөхүүд шиг) сэтгэлзүйн маш их дарамт дунд шийдэл гаргах гэж оролдох үест стресс хийгээд нэгнийгээ дэмжиж сэтгэлийн дэм өгөх, харилцан зөвшөөрөх, буулт хийх шаардлага хэрэгцээ давамгайлж, тэр нь аливаа эргэлзээ, шүүмжлэлт сэтгэхүйг дарангуйлж, өнгөнд хууртсан үзлээ хуваалцаж, урьдчилан санал нэгдэж, улмаар сүйрэлд хүргэм шийдвэр гаргахад хүрдэг. Сүргийн сэтгэхүй ба бүлгийн сэтгэлгээ хоёрын аль аль нь зөвхөн цөөн хэдэн цагийн үйлчлэлтэй бус, харин хэдэн жилийн турш үйлчлэх нь бас байна.
Тулгамдсан асуудлыг шийдэхэд саад болдог өөр бас нэг маргаантай асуудал бол сэтгэхүйн үгүйсгэл мөн. Энэ бол хувь хүний сэтгэхүйн хувьд маш тодорхой байдлаар томъёологдсон, мэргэжлийн нэр томъёо бөгөөд үүнийг олон нийтийн соёл, сэтгэхүйтэй холбон авч хэрэглэх нь ч бий. Ямар нэг эмзэг дурьсамж маш их хүнд, хэцүү сэтгэгдлийг төрүүлдэг бол хүн тэрхүү тэсэхийн аргагүй эмзэг хүнд сэтгэгдлийг ухамсрынхаа доод түвшинд шууд даран үгүйсгэж, ингэх тусмаа асуудлыг прагматик байдлаар шийдэх боломжийг хааж, улмаар эрүүл бус сэтгэхэд хүргэнэ. Хэдийгээр энэ нь эцэстээ сүйрүүлж мөхөөх байсан ч, арга мухардсан хүний араншин гэлтэй. Түгшүүр, айдас, гутрал, гуниг зэргээс хүн ийм байдалд орох нь ч бий. Үүний түгмээмэл жишээнд урьд өмнөх аймшигт туршлага, их цочрол сандрал, шоконд орох, эсвэл эхнэр, нөхөр, үр хүүхэд хамгийн дотно найзаа алдах мэтийн бодол өөрөө маш айшигтай тул хүн шууд тэр тухай бодохоос ч айж, бүх ой санамжаа автоматаар хаах зэрэг сэтгэлзүйн үйлдэл багтана. Тухайлбал, голын нарийхан хөндийд, өндөр далангийн дор амьдарч буй хүмүүсийн хувьд хэрэв далан задарч дэлбэ үсэрвэл, хүмүүс голд живэх эрсдэлтэй байдлыг авч үзье. Судлаачид голын урсгал дор амьдран суугч хүн амын дунд далан сад тавих тохиолдолд хэрхэх тухай асуухад мэдээж хэрэг, урсгал доорхи газраас хамгийн хол суудаг хүмүүс санаа зовох нь бага, харин даланд ойртох тусам санаа зовнил олон улам нэмэгдэх хандлагатай байв. Харин, гайхалтай нь далангаас ердөө хэдхэн майлын зайд тулж ирэхэд уг нь хамгийн их санаа зовмоор атал хэрэг дээрээ санаа зовнил эрс багасч, даланд бүр тулаад ирэхэд айдас ”тэг” болж байлаа. Энэ нь сэтгэлзүйн үгүйсгэлтэй холбоотой. Өдөр бүр энэ далан хэзээ сад тавьж, намайг живүүлэх бол гэж бодох нь тэсэхүйеэ бэрх, галзуурам тул өөр юм бодож, “Хүн шиг явах ганц арга зам бол энэ далан хэзээ ч сад тавьж, дэлбэрэхгүй” гэж өөртөө болон өрөөлд итгүүлэх явдал болно. Сэтгэхүйн үгүйсгэл хувь хүний сэтгэлзүйн нэр томъёо боловч үүнийг хэсэг бүлгийн сэтгэхүйд ч мөн хамруулж болно.

Амжилтгүй шийдэл ▪

Эцэст нь, хэдийгээр нийгэм асуудлыг урьдчилан харж, хүлээн зөвшөөрч, танин мэдээд шийдэх гэж оролдовч, тодорхой шалтгааны улмаас шийдэж чадахгүй байх тохиолдол байдаг. Асуудлын цар хүрээ бидний шийдвэрлэж чадах хэмжээнээс хэтэрсэн, шийдэл байлаа ч асар их өртөг зардалтай, эсвэл бидний авсан арга хэмжээний үр нөлөө хэтэрхий бага буюу оройтсон байж болно. Зарим шийдэл нуухыг нь авах гэж гээд нүдийг нь сохлохын үлгэр болж, байдлыг улам дордуулна. Австралид хортон шавьжтай тэмцэх гэж тогоруу нутагшуулсан болон Америкийн Өрнөд хэсэгт ойн түймэртэй тэмцсэн туршлага энэхүү амжилтгүй шийдлийн тод жишээ. Баларч улирсан эртний (дундад зууны Исланд мэтийн) нийгмүүд өнөөгийн бидэн шиг экологийн нарийн мэдлэг, мэдээлэлгүй байсан ч, тэдэнд тулгарч байсан асуудлыг шийдэх нь бидний хувьд арай дөхөмтэй болгож байгаа. Харин зарим асуудал өнөөг хүртэл ужигарч, шийдэл нь хараахан олдоогүй л байна.
Тухайлбал, Грийланд Норсын нийгэм таван зуун жил амжилттай оршин тогтносны эцэст сөнөж мөхсөн. Сүүлийн таван мянган жилийн турш, байгалийн хязгаарлагдмал нөөц урьдчилан таах боломжгүйгээр хувьсаж буй нь урт хугацаанд тогвортой ажилладаг эдийн засгийг бий болгох гэсэн хүний хүчин чармайлтыг тэсэхүйеэ бэрх шалгалт шүүлэгт байнга оруулдаг. Норсуудын бүтэлгүйтлээс өмнө энд уугуул америкчууд дөрвөн ч удаа оролдлого хийгээд тэр бүр бүтэлгүйтэн буцсан байдаг. Инуитууд Грийландад амиа аргацаах амьдралын хэв маягийг 700 гаруй жил туршиж үзээд амжилтанд хүрэхэд хамгийн ойр очсон хэдий ч, энэ нь үе үе өлсөж үхэхийн даваан дээр очдог хүнд бэрх оршин тогтнол байлаа. Орчин цагийн Иинуитууд уламжлалт чулуун зэвсэг, нохой хөлөглөсөн чарга, ширэн завьнаас халимыг гараар жадлан авлах хуучин технологиосоо татгалзаж, хоол хүнс ба технологио импортлон амь зуухаар шийдсэн. Орчин цагийн Грийнландын эдийн засаг гадны зээл тусламжгүйгээр өөрийгөө тэтгэх хэмжээнд өнөө ч хүрч чадаагүй. Засгийн газар нь Норсуудын нэгэн адил мал аж ахуйн туршилт хийж нэг үзээд яваандаа бодоос татгалзаж, хонины аж ахуйд татаас олгосоор байгаа. Татаас өгөхгүй бол тэд эдийн засгийн хувьд оршин тогтнож чадахгүйд хүрнэ. Энэ бүх түүх Грийнланд Норсын мөхөж сүйрсэн явдалд гайхаад байх зүйл байхгүйг илтгэж. Үүний нэгэн адил АНУ-ын баруун өмнөд нутагт Анасазичүүд эцэс сүүлдээ “мөхөж сөнөсөн” явдлыг газар тариаланд халтай орчинд тариачны нийгмийг байгуулж, урт хугацаанд оршин тогтнох гэсэн олон бүтэлгүй оролдлогын нэг байсан гэдэг үүднээс авч үзэх ёстой.
АНУ-ын уулсаар хүрээлэгдсэн Өрнөд нутгийн хуурай уур амьсгалтай газар ойн түймэртэй тэмцэх нэг арга бол магадгүй түлшийг багасгахдаа, доод хэсгийн ургамалжилтыг механик аргаар зайлуулж, сийрэгжүүлэх, унаж, үхсэн модыг зайлуулах арга байж болох юм. Харамсалтай нь, энэ аргыг өргөн цар хүрээнд авч хэрэгжүүлэхэд давж дийлшгүй их өртөг зардал шаардагдаж байгаа. Флоридагийн далайн эргийн хар саарал болжморын хувь тавилан мөн л өртөг зардал дэндүү багадсан, хугацаа дэндүү их хожимдсоны торгууль болсон нэгэн жишээ. Болжморын орон зай, орчин сүйдэж эхлэх үед орчин нь үнэхээр ноцтой хэмжээнд хүртлээ багассан тухай маргалдсаар байгаад их цаг алдсан. 1980-аад оны сүүлчээр АНУ-ын засаг захиргаа, Онгон байгалийн алба хамтарч болжморын амьдрах орчны газрыг аврахаар 5 сая доллар зарцуулах шийдвэр гаргах үед нөхцөл байдал бүр туйлдаа хүртэл доройтсон, бүх болжмор үхэж устсан байв. Дараа нь үлдсэн ганц болжморыг хорионд байлгаж байгаад түүний ойрын төрөл Скоттын далайн эргийн болжмортой эрлийзжүүлэн үржүүлж, улмаар селекцийн аргаар арай цэвэр үүлдрийн далайн эргийн хар саарал болжморыг гаргаж авах талаар маргаан дэгдлээ. Тэгж тэгж арай гэж нэг юм зөвшөөрөл нь гарах үед нөгөө хорионд байсан хар саарал болжмор хөгшрөөд үржлийн нас нь өнгөрчихөв. Орчныг нь хамгаалахад ч тэр, бас болжморыг үржилд оруулахад ч тэр, аль алины нь арай эрт эхэлсэн бол хамаагүй хямд өртгөөр амжилтанд хүрж болох байсан биз.

Итгэж найдахын учир ▪

Иймээс хувь хүн болон нийгмийн жижиг хэсэг бүлгүүд тодорхой учир шалтгааны улмаас хэд хэдэн шат дараалсан (давааны цаана даваа гэдэг шиг) сүйрэлд хүргэдэг шийдэл гаргадаг ба тэрхүү дараалал нь, нэгдүгээрт, асуудлыг урьдчилан харах чадвар дутмаг, хоёрт, нэгэнт асуудал гарчихаад байхад түүнийг ойлгож хүлээн зөвшөөрч чадаагүй, хожим хойно нь асуудал үнэхээр байна гэдэг дээр санал нэгдсэн ч, шийдэх оролдлого хийлгүй зөнд нь орхисноор эцэст нь шийдэх гэж оролдсон ч тэр нь бүтэлгүйсэнээс сүйрлийн харанга дэлддэг байна. Гэхдээ нийгэм бүр тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй байх нь тийм ч өдөр тутам болгон тохиолдоод байдаг зүйл биш. Хэрэв тийм байсан бол, бид бүгд нэг бол аль хэдийнээ талийгаач болчихсон, эсвэл 13000 жилийн тэртээх чулуун зэвсгийн үеийн нөхцөлд амьдарч байх байсан. Харин ч үүний эсрэгээрээ, алдаж, мөхөн сүйрсэн нийгмийн тоо хязгаартай.
Тэгвэл яагаад зарим нийгэм амжилтанд хүрч байхад, зарим нь энд дурьдсан шалгааны улмаас алдаж эндэж сүйрч мөхдөг юм бол? Мэдээж хэрэг, шалтгааных нь нэг хэсэг бол нийгмүүдийн хоорондын ялгаанаас гэхээс илүүтэйгээр тэдний оршин тогтнож буй байгаль орчны ялгаатай байдлаас шалтгаалах тал бий. Заримынх нь байгаль орчин бусад нийгмийг бодвол илүү хатуу, хэцүү асуудлыг тулган хүлээлгэдэг. Тухайлбал, алслагдан тусгаарлагдсан хахир хүйтэн Грийнланд, тэнд шилжин суурьшигчдынх нь уугуул нутаг болох өмнөд Норвегиос илүү хахир хатуу тул оршин суугчиддаа илүү хүнд хэцүү нөхцөл тулгасан. Үүний нэгэн адил Полинезичүүдийн өвөг дээдсийнх нь эх нутаг болох экватор орчмын чийглэг, тийм ч тусгаарлагдмал биш, өндөрлөг Тахитийг бодвол өнөөгийн тэдний эзэмшил болсон Ийстэр арал хуурай, өнчин, экватороос хол, нам дор газар тул илүү бэрх асуудалтай, тийм ч таатай орчин байгаагүй нь мэдээж. Гэвч үүгээр түүх дуусаагүй. Хэрэв байгаль орчны эдгээр ялгаатай байдал янз бүрийн нийгмийн амжилт болон доройтлын цорын ганц учир шалтгаан гэж хэлэх юм бол нийгэм судлаачдын дунд төдийлөн үнэлэгддэггүй байгаль орчны детерминизмд хальтран орох биз. Үнэн хэрэгтээ, зарим байгаль орчин хүний нийгмийн оршин тогтноход илүү хүндрэл бэрхшээлийг бий болговч, тухайн нийгэмд үйлдэл шийдлийнхээ хүрээнд оршин тогтнох уу, эсвэл сөнөж мөхөх үү гэдгээ шийдэхэд хангалттай орон зай үлдээдэг болохыг энд онцлон тэмдэглүүштэй. Зарим удирдах бүлэг (эсвэл удирдагч хувь хүн) алдаа эндлийн замыг сонгосон байхад зарим нь тойроод гарсны учир утгыг хэлэлцэх юм бол их том сэдэв болно. Тухайлбал, Инкачууд эзэнт улс өөрийн хуурай, сэрүүн байгаль орчиндоо ой модоо нөхөн сэргээж чадсан байхад Ийстэр арлынхан, Грийнланд Норсууд яагаад чадаагүй юм бэ? Энэ асуултын хариуг тодорхойлох хүчин зүйл тодорхой хувь хүмүүсийн онцлог зан төлөв, үйлдлээс хамаарах тул урьдчилан тооцоход хүндрэлтэй. Хэдий тийм ч, энд авч үзсэн алдаа дутагдлын боломжит шалтгаан, уг сурвалжийг тодорхойлсон явдал тэдгээрийн талаарх бодлого төлөвлөгчдийн сонор сэрэмжийг тодорхой хэмжээгээр хурцалж, тэдгээр алдаа эрсдлийг тойрон гарахад тус дөхөм болох болов уу.
Алдаагаа ойлгож, зассан хамгийн тод жишээ бол Куба, АНУ-ын хоорондын харилцааны хоёр удаагийн хямралын үед ерөнхийлөгч Кэннеди ба түүний зөвлөхүүдийн үйлдэл болон шийдлийг бодож боловсруулсан асуудал билээ. Тэд 1961 оны эхэнд бүлгийн хамтын шийдвэр гаргах маш муу арга барилд автсан явдал нь эцэстээ эмгэнэлтэй дууссан Долфин булан руу довтлох сүйрлийн шийдвэр гаргахад хүргэсэн юм. Энэ бүгд даамжаирсаар бүр илүү хурц асуудал буюу Кубын пуужинт хямралыг үүсгэсэн. Ирван Жанис “Бүлгийн сэтгэлгээ“ хэмээх номондоо Долфин булангийн операцийг боловсруулах үед муу шийдэлд хүргэх маш олон шинж тэмдэг байсан тухай бичсэн байдаг. Үүнд: өнгөн дээрээ бүгдээрээ санал нийлэх, өөр үзэл санааг нухчин дарах, хувь хүний эргэлзээ тээнэгэлзээг үгүйсгэх, санал зөрөлдөхгүй байх, зөвхөн бүлгийн ахлагч (Кэннеди) асуудлын талаарх хэлэлцүүлгийг гардан удирдах зэргээр буруу шийдэлд хүргэх есөн шинж бүрдсэн байж. Харин дараачийн “Кубын пуужингийн хямрал”-ын асуудлыг авч хэлэлцэх, бодож боловсруулах үйл явцаа Кэннеди, зөвлөхүүдийн олонхийг оролцуулсан боловч, өмнөхөөсөө огт өөр байдлаар шийдсэн. Кэннеди зөвлөхүүдээ шүүмжлэлт байдлаар сэтгэхийг уриалж, тухайн асуудлаарх хэлэлцүүлгийг зөнд нь чөлөөтэй өрнүүлж, дотроо хэсэг бүлэгт хуваагдан санал солилцохыг зөвшөөрч, удирдагч нь ч нэр сүрээрээ дарамтлаад байхгүйн тулд үе үе танхимаа орхин гарч байлаа. Кубын хоёр хямралт асуудлын талаар шийдвэр гаргах үйл явц яагаад ийм хоёр эрс тэс ондоо байв? Гол шалтгаан нь 1961 оны Долфин булангийн гутамшигт явдлын учир шалтгааныг Кэннеди өөрөө ч их бодсон, зөвлөхүүдээ ч их ажиллуулсан бөгөөд тэдний шийдвэр гаргах механизм яагаад доголдож байгаад гол анхаарлаа төвлөрүүлсэн байна. Кэннеди энэ бүхэн дээр үндэслэн 1962 онд хэлэлцүүлгийг орвонгоор нь өөрчлөн зохион байгуулж зөв шийдэж чадсан.
Ийстэрийн ахлагч нар, Маяачуудын хаад болон орчин цагийн Руандагийн улс төрчид нийгмийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдэхээсээ илүү өөрсдийн эрх ямба, албан тушаалыг эн тэргүүнд тавьж байсан явдлыг тэнцвэржүүлэх үүднээс Кэннеди ба бусад амжилттай удирдагчдыг дурьдууштай. Тэсрэлтийн үеийн хямралыг шийдэх үед Кэннедигийн гаргасан тэр их эр зоригийг үнэхээр бахдан магтууштай. Хэдий тийм ч, асуудлыг үүсэхээс нь өмнө урьдчилан харах үүнээс өөр төрлийн эр зоригтой, боломжийг урьдаас танин мэдэж, тэсрэлт болохоос нь өмнө дорвитой арга хэмжээ авч, шийдэхвэл арга сүвэгчилсэн удирдагчид асуудлыг бүхнээс түрүүлж олж харсныхаа төлөө өөрсдийгөө шүүмжлэл, элэг доог, тоглоом тохууны бай болгож байдаг билээ. Гэвч, ийм эр зориг, алсын хараа, хүч чадал хосолсон бидний бишрэл хүндэтгэлийг хүлээсэн тийм удирдагчид цөөнгүй төрсөн байдаг. Тэдний дотор Токугавагийн эхэн үеийн Шегүн, Японы ой устгалыг Ийстэр арал шиг болохоос нь хамаагүй өмнө хязгаарлаж чадсан Балагур (чухам цаанаа ямар сэдэл зорилгоор хийснээс үл хамааран) Хиспаниола арлын дорнод, Доминаканы талын байгаль хамгааллын ажлыг хүчтэй дэмжин хэрэгжүүлсэн байхад харин тэдний өмнөд хөрш Хамтичүүд тэгж чадаагүй байдаг жишээтэй. Меланезид гахай тэргүүн зэргийн ач холбогдолтой үнэ цэнэтэй амьтан байсан хэдий ч, байгаль орчинг сүйтгэх хортой тул гахайгаа устгах хурал зөвлөгөөнийг даргалан удирдсан Тикопийн ахлагч нар, Хятадын хүн амын хэт өсөлт, Руандын түвшинд хүрэхээс хамаагүй өмнө гэр бүл төлөвлөлтийг нэвтрүүлж, хүн амын өсөлтөө хязгаарлаж чадсан Хятадын удирдагчид гээд шилдэг удирдагчид хорвоо дэлхийн энд тэнд бас олон байна. Хүндэлж бишрэмээр удирдагчдын тоонд Европт дахин дайн үүсэхээс урьдчилан сэргийлэх гол зорилгод хөтлөгдсөн Германы канцлер Конрад Аденауэр болон өөрсдийн үндэсний явцуу эрх ашгаас урьтал болголгүй, Европын эдийн засгийн интеграцчилалыг эхлүүлж чадсан, баруун Европын бусад удирдагчид зэргийг дурьдаж болно. Бид эдгээр эр зоригтой удирдагчдыг бишрэн шүтэхийн зэрэгцээ, өөрсдөөсөө хүртэл харамлан бараг үхэн үхтэлээ хадгалдаг байсан, хожим нь үнэ цэнээ алдан утгагүй болсон үнэт зүйлсээсээ зоригтой татгалзсан эр зоригтой, эгэл жирийн Филиппин, Унгар, Британи, Франц, Япон, Орос, Америк, Австрали хүмүүсийг хүндлэн ёслох учиртай.
Ийм зоригт удирдагч, зоригтой ард түмэн надад итгэл найдвар төрүүлж байх шиг. Өнгөцхөн харахад гутранги сэдвээр бичсэн мэт харагдах ч хэрэг дээрээ өөдрөг үзлийн номлол болно гэдэг итгэл үнэмшлийг надад өгсөн. Өнгөрсөн алдаанаасаа сургамж авсан АНУ-ын ерөнхийлөгч Кэннеди шиг бид ч гэсэн зам мөрөө засч, ирээдүйн амжилтанд хүрэх боломжоо өсгөн үржүүлж чадах нь эргэлзээгүй.

Жэред Даймонд Сүйрэл: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухайд (Jared Diamond, Collapse: How Societies Choose to Fail or Succeed) номын “Зарим нийгэм сүйрэлд хүргэм шийдвэрийг хэрхэн гаргадаг вэ” гэсэн 14 дүгээр бүлэгээс товчлон хөрвүүлж хэвлэлд бэлтгэсэн

Я.Очирсүх
yochir@hotmail.com

PS: Харин иргэнийхээ өмнөөс буу шагайж гараа цустан, хомроглон баривчилж дарангуйлан “хүчтэй” лидерийн имиджийг хайсан өнөө цагийн Монголын эрх баригчид өрөвдөлтэй, хоцрогдсон хийгээд ой гутам жигшүүртэй. “Хүн байхгүй бол асуудал байхгүй” хэмээх сталинч номлол хэдийнээ архивт орсныг сануулах юун.

Хэвлэгдсэн байдал: "Зууны мэдээ" сонин, Нийтэлсэн: 2008-08-21 15:02:49 , Мэдээний дугаар: #1133332 http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&catid=154&sid=1133332

No comments: